
Д.БОЛОР
Ховд аймгийн Булган суманд үүрэг гүйцэтгэж байсан 23-хан настай идэрхэн залуу бусдын гарт амиа алдлаа. Тангараг өргөөд нэг сар ч болоогүй Б.Төмөрчөдөрийг буудаж хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилсаар байна. Орон нутгийн цагдаа нарын өгч байгаа мэдээллээр Ховд аймгийн Булган суманд онц байдал зарлан гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. Ингэхдээ тэд галт зэвсэгтэй явж байгаа учраас иргэдийн аюулгүй байдлыг нь бодож сургууль, цэцэрлэгийг түр хааж сумын хэмжээнд онц байдал зарлаад байна. Булган сум нь аймгийн төвөөс 400 гаруй километр бөгөөд БНХАУ-тай хиллэдэг бүс. Мөрдөгч нарын санаа зовоож байгаа гол асуудал нь хил давах вий гэсэн болгоомжлол. Булган сумаас Хятадын хил хүртэл бургасаар битүү халхлагдсан байдаг учраас хил давах боломжтой аж. Одоогоор ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Ганбаатар ахалсан шуурхай багаас гадна Хил хамгаалах, тагнуул, онцгой байдлын бие бүрэлдэхүүн хүч хавсран ажиллаж байна. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч яваад баатарлагаар амиа алдсан залууг тэнгэрийн замд нь үдэх ёслолыг аймгийн төвд зохион байгуулж буй гэнэ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөр 1990 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 2007 онд аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 2011 онд Их Засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2013 оны гуравдугаар сараас ажил, хөдөлмөрийн гараагаа эхлэн Булган сум дахь сум дундын цагдаагийн тасагт цагдаагаар томилогдон ажиллажээ. Төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлэн гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох гэж байгаад халдлагад өртөн харамсалтайгаар алтан амиа алдсан тэрээр ээжтэйгээ, дүүтэйгээ амьдардаг амьдралд дөнгөж л хөл тавьж байсан нэгэн. Тэрээр ажилд ороод удаагүй ч хамт олонтойгоо эвтэй, нөхөрсөг, шударга зарчимч залуу байсныг журмын нөхөд нь онцолж байсан. Түүнийг хөнөөсөн этгээдийг Ховд аймагт хорих 457 дугаар ангиас оргосон оргодлууд байх гэсэн таамаглалыг хэвлэлийнхэн болоод цагдаа нар өөрсдөө өгч буй. Тэгвэл орон нутагт ажиллаж байгаа цагдаа нарын мэдээлснээр оргодлууд биш байх магадлалтай гэнэ. Учир нь оргосон хоёр хоригдлын тухай сураг чимээ гарч эхэлсэн байна. Тодруулбал, Ховд сумын ууланд бүгсэн тухай мэдээлэл иргэдээс ирж байгаа гэх. Тэгээд ч цаг хугацааны давтамжаар хулгайч, оргодол хоёрын явдал таарахгүй байгаа сурагтай. Хүмүүжигчээ алдаад хагас сар болж буй Ховд аймаг дахь хорих ангийн захирагчтай уулзахаар ажил дээр нь очиход “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дарга ирсэн байгаа. Хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй. Бид нэг хоригдлоо Ховд сумаас барьсан” гэхээс өөр зүйл ярьсангүй. Хайж байгаа хоригдлуудын тухайд хоёулаа Говь-Алтай аймгийн харъяат бөгөөд 20-28 насны залуус юм байна. Тэд хорих ангийнхаа уурын зуухад ажиллаж байгаад тог тасрах сиймхийгээр зугтаж. Өмнө нь “Энэ гурав нийлээд байна. Болохгүй зүйл санаачлах вий” гэсэн болгоомжлол албан хаагчдын дунд байсан ч арга хэмжээ авч амжилгүй зугтаалгасан нь энэ гэнэ.