40 жилийн өмнө, 1973 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Motorola” компанийн инженер Мартин Купер Bell Laboratories компанид ажилладаг өрсөлдөгч Жоэл Энгель рүү гар утсаараа залгаж “Би чам руу жинхэнэ гар утаснаас ярьж байна” хэмээн хэлжээ. Энэ нь дэлхий дээр гар утсаар хийсэн анхны дуудлага байсан бөгөөд тэр цагаас хойш харилцаа холбооны салбарт шинэ эрин эхэлсэн билээ. “Тэр юу гэж хариулсныг санахгүй байна. Харин тэр шүдээ хавирч уурлаж байгаа юм шиг санагдсан” хэмээн М.Купер өгүүлж байна.
Мартин Купер 1.15 кг жинтэй, 22.5х12.5х3.75 хэмжээтэй DynaTAC маркийн гар утсаар анхны дуудлагыг хийсэн юм. Энэхүү гар утас хоёр мянган деталь хэсэгтэй байсан гэдэг. DynaTAC-аар 20 минут яриад цэнэг нь дуусдаг байжээ.