Ж.ЦОГЗОЛМАА
УИХ-ын дэд даргын Швейцарийн банкинд мартаж орхисон сая “ногоон”-ы дуулиан Төрийн ордонд яаруу товлогдсон хэвлэлийн хурлаар үргэлжиллээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос нийтэд задруулсан нууц Азийн жижигхэн Монголын топ парламентчийг баахан самгардуулсан нь энэ байв. С.Баярцогтын өөрийнх нь тайлбарлаж буйгаар алс холын банкин дахь мөнгөө хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнахаа таг санасан нь мэдлэггүйгээс нь болсон гэв. Хамгийн гол онцолж буй өгүүлбэр нь “Энэ хууль бус
мөнгө биш. Найзуудтайгаа нийлж нээсэн энэ дансан дахь хөрөнгө нь одоо 2000 евро хүрэхгүй” гэж сэтгүүлчдэд тэрээр тайлагналаа.
“Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Миний нэр хүнд унах эсэх нь хамаа алга. Харин би гэр бүлдээ санаа зовж байна. Тиймээс би албан тушаалаасаа огцорно гэж үзэх ёстой” хэмээснийг нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо онцлон тэмдэглэжээ. 2008-2012 онд Сангийн сайдаар ажиллах хугацаандаа тэрээр энэ дансанд хөрөнгө оруулалт хийсэн нь тэр байв. Их Британийн Виржин арал дахь “Legend Plus Capital Limited” компанийн мэдээлэл дэх түүний нэр энэ дансыг ил болгосон хэрэг. “Гэр бүлийнхээ улаан буудайн бизнесээс олсон ашиг болох 200 мянган ам.долларыг дансандаа хөрөнгө оруулалт болгон хийсэн гэж тэр тайлбарлаж байна. Харин 800 мянган ам.доллар нь гурван найзаас нь ирсэн хөрөнгө гэж тэр тайлбарласан байх юм. “Найзууд маань надад чи ашиг олох боломжтой юм бол яагаад данс нээхгүй байгаа юм бэ. Бидний анхны зорилт бол нэг сая ам.доллартай болох юм шүү” гэж хэлсэн хэмээн тэрээр бас дурджээ.
“Энэ бол эрсдэлтэй бизнес. Гэхдээ бид хичээхийг хүссэн. Гадаадын банкууд Монголд орж ирсэн бас биднийг гадаадад хөрөнгө оруулахыг урьсан гэж С.Баярцогт хэлсэн байв.
МЭДЛЭГГҮЙГЭЭС ХАРИУЦЛАГАГҮЙ МЭДЭГДЭЛ
“Би мэдлэггүй байсан учраас энэ тухай хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурдсангүй. Тэгээд ч тэнд нэг сая ам.доллар биш харин гурван сая төгрөг хүрэхгүй мөнгө бий” гэж УИХ-ын дэд дарга өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Өөрийнх нь нэр дээрх “Legend Plus Capital Limited” компани ч үйл ажиллагаа явуулдаггүй гэв. Энэ мэдэгдлийнх нь дараа түүнийг тойрсон олон эргэлзээ улам хүчээ авч байгаа юм. Ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр “Мэдсээр байж мэдээгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Энэ мөнгөний тухай ярьж эхлэхэд л хүмүүс шууд хардсан. Оюутолгойн гэрээг байгуулахад авлига авсан байх магадлалтай гэж олон хүн хардаж байгаа” гэсэн нь иргэдийн дунд амь бөхтэй оршсон яриаг ганц амьсгаагаар илэрхийлсэн хэрэг байлаа. Экс Сангийн сайд маань УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Оюутолгойн гэрээний талаар мэтгэлцсэнийг уншигчид мартаагүй. Тэр үед олон хувьсагчийн талаар мэдэмхийрэхдээ ч мэдлэггүй байсан хэрэг үү. Сангийн сайд байсан хүний хувьд, шилдэг улстөрчийн хувьд энэ дэндүү хариуцлагагүй мэдэгдэл.
Эндээс гарах хамгийн эхний гаргалгаа бол түүний 2008-2012 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэг тэр чигтээ хууль бус гэж үзэх шалтгаан болохоор байгаа юм. “1658 евро л тэр дансанд үлдсэн учраас төгрөгт шилжүүлж чадаагүй. Энэ мөнгийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байсан бол ийм байдал үүсэхгүй л байлаа” гэж экс сайд хэлж байна. “Миний алдаа гэвэл Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэг ч удаа энэ компанийн талаар мэдээлж байгаагүй” гэж сэтгүүлчдийн асуултад хариулж байлаа.
АН-ЫН ШИНЭ СОРИЛТ БУЮУ АВЛИГЫН ЭСРЭГ...
Мэдэмхийрэлтэй холбоотой дахиад нэг баримт бий. С.Ганбаатарын өөдөөс сөргүүлэн тавьсан 20 мянган хувьсагчтай загварыг мэдээллээр хангах боломжгүйг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлсэн. Мэдэмхийрлийн цаадах “мэдлэггүйтэх” өвчин нь өнөөдөр С.Баярцогтын хөрөнгө орлогын мэдүүлгээ солгой гараараа бөглөх шалтаг болов уу. Энэ хариуцлагагүй үйлдлийнхээ төлөө тэрээр ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ “Намайг яаж шийтгэхээ УИХ мэднэ” гэсэн нь дахиад эргэлзээ бий болгож байгаа юм. Хариуцлагагүй мэдэгдэл хийснийхээ төлөө Японы Ерөнхий сайд өчиггүй, өөрийн саналаар огцордог бол дөрвөн жилийн турш хөрөнгө орлогын мэдүүлгээ хууль бусаар мэдүүлсэн С.Баярцогт тэнгэрээс “юу буух”-ыг хүлээгээд сууж байна. Уг нь тэрээр Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоонд “Би огцрох ёстой” гэж хариулсан хэрнээ Монголын хэвлэлүүддээ “Намайг яахаа УИХ мэднэ” гэж байгаа нь бас л хариуцлагаас мултрах гэсэн алхам байж мэдэхийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна.
“С.Баярцогтын асуудал цаашаа Оюутолгой болон АН-ын Засгийн газрын дүр зурагт нэлээд нөлөөлнө. АН авлигын эсрэг хэр явах нь вэ гэдэгт бодит сорилт болно” гэж УИХ-ын гишүүн асан Д.Энхбат твиттер хуудсандаа жиргэсэн байх юм. “Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй” гэж Д.Бямбасүрэн гуай хэлсний дараахан энэ дуулиан үүсч буйгаараа бас онцлогтой. Ингэснээрээ Оюутолгой, цаашлаад Засгийн газар, Ерөнхийлөгчийн төвшинд яригдах болох нь. Угаасаа ч энэ тухай олон жил ярьсан, харин одоо жинхэнэ утгаараа энэ нь биеллээ олж буй хэрэг. Гэхдээ илрүүлж чадах уу, авлигыг. Энэ асуултад шинжээч Д.Ганхуяг “АН авлигатай тэмцдэг гэж ёстой горьдов оо” хэмээн “жиргэсэн” байв.
“ОЮУТОЛГОЙН ГОЛ ХҮН”
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны цахим хуудаст С.Баярцогтыг ийн тодорхойлжээ. Бас “Guardian” ч ингэж онцгойлон тэмдэглэсэн байх юм. “Яах гэж” гэдэг асуулт гарч байгаа биз. Харсаар байтал Монголын улстөрчөөр хар жагсаалтыг эхэлсэн байна. Дор нь олон тэрбумаас авахуулаад зуу зуун сая ам.долларын нууц данстай хүмүүсийн нэрсийн дунд ганц сая ам.доллар тийм онцгой байв уу. “Disclosure of secret offshore documents may force top Mongolian lawmaker to resign” буюу “Нууц дансны мэдээлэл Монголын шилдэг улстөрчийг огцруулж магадгүй” гарчигтай нийтлэл Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн цахим хуудаст нийтлэгдсэн нь урсаад өнгөрөх энгийн мэдээлэл биш. “С.Баярцогт Монголын ард түмнийг хуурч мэхлэх улаан цайм алхам хийсэн” гэж Д.Бямбасүрэн гуай ярилцлагадаа дурдсан байдаг. Үүнтэй зэрэгцээд Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн хатуу байр суурь Засгийн газар, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд болоод иргэдийн дунд хүчтэй тараад байна. Оюутолгойн гэрээ дээсэн дөрөөн дээр ирэхээр “өлгийдөж” авсан эрхмүүдтэй нь хариуцлага тооцох үл үзэгдэх гар хаа нэгтэйгээс гараад ирсэн байж мэдэхийг эх сурвалж үгүйсгэхгүй байна. Энэ үгийг нь түүний “Би гэр бүлдээ санаа зовж байна” гэсэн үг илэрхийлээд байж магадгүй гэж зарим эх сурвалж хэлж байгаа. “С.Баярцогтын нууц дансны тухай дуулангуутаа л Оюутолгойгоос авсан авлига байж мэднэ гэсэн хар шууд төрсөн. Зөвхөн би ч биш, олон хүн энэ тухай бодож байгаа нь гарцаагүй” гэж Монголын Ногоон намын Ерөнхий намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхбаяр хэлсэн. Газрын хэвлийн баялгийг ард түмний өмч гэсэн Үндсэн хуультай Монголд хардах эрх мэдээж хэнд ч бий.
“ЭНЭ ЭРСДЭЛТЭЙ БИЗНЕС”
“Legend Plus Capital Limited” компани үйл ажиллагаа явуулдаггүй гэж тэрээр ярьсан. “Хэрвээ нэмэлт орлоготой бол яагаад данс нээж болохгүй гэж найзууд маань хэлсэн. Бидний эхний зорилго бол нэг сая гаруй ам.доллартай болох байсан юм. Энэ бол эрсдэлтэй бизнес байсан ч бид оролдож үзэхийг хүссэн” хэмээн С.Баярцогт хэлжээ. Монголын төрийн албан хаагчид хөрөнгө орлогоо мэдүүлдэг мэдүүлэгт тэрбээр гадаадад байгаа компани, Швейцарийн банкинд байдаг дансаа бичээгүйгээ хүлээсэн ч компани нь ямар ч орлогогүй учраас татвараас зайлсхийсэн гэж үзэхгүй байгаагаа ярьсан байх юм. “Мэдүүлэгтээ компаниа би бичих байсан юм. Татварын асуудлын талаар өмнө нь бодож байсангүй. Дансаа хаана” гэлээ. Мэдээж, ганц шуудан илгээгээд л энэ хэрэг замхрана гэвэл дэндүү гэнэн бодол. Гэтэл 2008-2012 онд С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсад давхар татварын талаар “А” үсэг ч тавигдаагүй байдаг. “Ер нь аль ч нийгмийн байгууллын үед төрийн хүч чадал нь татвараа цуглуулах чадамжаар хэмжигдсээр ирсэн. Хэрэв тухайн төр татвараа бүрэн цуглуулах чадвараа аажмаар алдаж эхлэвэл тухайн төрт улсын аюулгүй байдал нь аажимдаа хэврэгших болно” гэж Хөгжлийн банкны захирал асан Б.Батжаргал хэлсэн нь бий. Тэгвэл эндээс давхар татварыг сөхөөгүйн шалтгаан хийгээд, өнөөх “Legend Plus Capital Limited” компанийн цаад сэдэв ч хуучрахгүй нь тодорхой байгаа юм.