Б.БАТЧИМЭГ
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын төв барааны захад үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс аймгийн болон Арвайхээр сумын Засаг даргад гомдол, өргөдөл ирүүлсний дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг томилон ажиллуулсан. Ажлын хэсгээс хэд хэдэн асуудлыг шийдэж, тодорхой үр дүнд хүрчээ Энэ тухай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга, ШӨХТГазрын Өвөрхангай аймаг дахь улсын байцаагч Ц.Пунцагаас тодрууллаа.
-Төв захад хэдэн хүн худалдаа, наймаа эрхэлдэг вэ? Ажлын хэсгийн гол зорилго юу байв?
-Арвайхээр хотын төв захад 10 гаруй худалдааны төв, 140 орчим чингэлэгт 800 гаруй хүн бизнес эрхэлж байна. Худалдаа эрхлэгчид болон иргэдээс ирсэн хүсэлт, гомдлын дагуу аймгийн Засаг даргын захирамж гарч, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Арвайхээр сумын ЗДТГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, иргэний төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсэг олон нийтээс ирүүлсэн гомдлыг барагдуулах, худалдааны төвүүдийн түрээсийн талаар судалгаа явуулж, бодитой эсэхэд дүгнэлт гаргах, ААН-ийн санхүүгийн тайланд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах, газар эзэмшилтийн байдлыг шалгах зорилготой ажилласан.
-Шалгалтын явцад хэд хэдэн зөрчил илэрсэн. Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Төв барааны захын түрээслэгч, түрээслүүлэгчийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагдах ёстой. Тус хуулийн 318 дугаар зүйлд түрээсийн тухай бүх заалт орсон байдаг. Шалгалтын үеэр худалдааны төвүүд нь дээрх хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа нь илэрсэн. Түрээслэгчидтэйгээ гэрээ байгуулаагүй, зарим байгуулсан гэрээ нь хуулийн дээрх заалтыг хангаж чадахгүй байна. Зарим төвд хууль зүйн ямар ч үндэслэлгүйгээр суурь үнэ гэгчийг бий болгож 400-600 мянган төгрөгийг түрээслэгчидтэй гэрээ байгуулалгүй хураасан байна. Түрээсийн байдлын судалгааг Татварын хэлтэст өгсөн тайлантай нь тулгаж үзэхэд нэлээд зөрүү гарсан. Газар эзэмшилт, ашиглалтын байдалд шалгалт хийхэд хоёр зөрчил илэрсэн. Эзэмшиж буй тухайлбал газраа бусдад ашиглуулахдаа Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой. Мөн бусдад ашиглуулах түрээсийн төлбөрийг аймгийн ГХБХБГ-аас тогтоож өгдөг. Энэ хоёр ажил ерөөсөө хийгдээгүй байна. Төв захад газар эзэмшиж байгаа нөхдүүд ам метр газарт найман төгрөг л төлдөг. Жилдээ 11 мянган төгрөг гэсэн үг. Гэтэл бусдад сарын 20-40 мянган төгрөгөөр түрээслэж, жилд 21 сая төгрөгийн цэвэр орлого олчихоод нэг удаа ч хөрөнгө оруулалт, тохижилт хийгээгүй байна. Энэ мэт олон зөрчил илэрсэн. Зөрчлөө арилгаж, дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хуулиа баримталж ажилла гэсэн шаардлага тавьсан. Аль, аль тал нь хариуцлага, эрхзүйн тэгш харилцааг мөрдөж ажиллах нь чухал юм.
-Худалдааны төвд илэрсэн хууль бус зөрчлийг арилгуулах талаар ямар ажил хийх вэ?
-Түрээслэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ нь хуулийн заалт хангахгүй байгаа учраас бид гэрээний загвар боловсруулж хүргүүлсэн. Мөн түрээсийн үнэ 1 ам метр нь сарын 25,000 байсныг эзэдтэй нь тохиролцож 20 мянга болгож буурууллаа. Энэ нь нэг хүнд тооцоход жилд 600 мянган төгрөгийн зардал хэмнэх юм. Суурь үнэ гэж байх ёсгүй. Үүнийг захын эздээс барьцаа мөнгө гэдэг талаас нь ярьж байгаа. Шилэн лангуу, шалны халаалт тавьж, хөрөнгө оруулалт хийсэн учраас барьцаа мөнгө авмаар байна гэж байгаа. Хэрвээ барьцаа мөнгө авахаар бол түрээсийн гэрээнээс тусдаа гэрээ байгуулж, түрээслэгчийг гарах үед эргэн төлдөг байх ёстой. Мөн татварын зөрүүтэй байдал илэрсэн. Энэ тухай Татвараас үнэлгээ, дүгнэлт өгөх байх.
Цаашдаа төв захын орчимд дахин газар төлөвлөлт хийнэ. Засгийн газар, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт битүү захтай болох талаар тусгасан. Тэнд маш олон уурын зуух ажиллаж, агаарын бохирдол үүсгэж байгаа. Тиймээс дулаан, цэвэр бохир, инженерийн шугам сүлжээ, цахилгааны шугам, зам, машины зогсоол, талбайг цогцоор нь шийдвэрлэхийн тулд дахин газар төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Газрын гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн газар эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна.