Б.ЗАЯА
Монгол Улсын торгон хилийн хамгаалагчид энэ жил 80 дахь жилийнхээ түүхийн хуудсыг нээж байна. Тэртээ 1933 оноос харуулын цагдаа нар эх орынхоо хилийг хамгаалж байсан үеэс одоогийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөн түүхтэй. Уг байгууллагын 80 жилийн ойн арга хэмжээ албан ёсоор эхэлснийг мэдэгдэж, ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав, тус газрын Мэдээлэл соёл сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа В.Дамдинсүрэн нар мэдээлэл хийсэн юм. Хил хамгаалах байгууллагын ойн баярын өдрүүд ирэх долдугаар сарын 19, 20-нд тохионо. Тус байгууллагын удирдлагууд түүхт ойг тохиолдуулан улсыг хамарсан олон үйл ажиллагаа төлөвлөснөө дуулгалаа.
Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн Монгол Улсын баатруудын нэрэмжит хил хамгаалах байгууллагын анги салбар олон бий. Ойн хүрээнд Улсын баатар хилчид, генерал цолтны нэрэмжит ангиудыг бий болгож, дайнд оролцсон ахмадуудын гавьяаг үнэлэхээр болжээ. Мөн уран бүтээлчдийн дунд хил, хилчдийн сэдэвтэй дууны уралдааныг өчигдрөөс эхлэн орон даяар зарласан юм. Энэ удаагийн уралдаанд дууны зохиогчдыг хамруулах юм байна. Уралдаанаас төрсөн уран бүтээлүүд хилчдийн дуртай бүтээл болдгийг хошууч генерал С.Гүржав онцоллоо. Түүнчлэн ХХЕГ-ынхан МҮОНТВ-тэй хамтран “Босго, тотго” олон ангит уран сайхны киног бүтээж буй юм. Баримтат кино хийж байгаагаа ч хэвлэлийнхэнд дуулгав. 60 ангит уран сайхны кинонд хил хамгаалах байгууллагын 80 жилийн түүхийг өгүүлэх аж. Монгол Улсын хилийн 8300 орчим км зурвасыг хамгаалж байгаа эрэлхэг хилчдийн амьдралыг харуулсан киноны зохиолыг Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов бичжээ. Ойг угтсан арга хэмжээний хүрээнд “Хил хамгаалах байгууллага-80 жил” нээлттэй хаалганы өдрийг тэмдэглэж, улсын хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн үзэсгэлэн зохиохоор төлөвлөжээ. Онцлон тэмдэглэх үйл явдал нь Төв цэнгэлдэх хүрээлэнд болох цэргийн ёслолын жагсаал юм байна. Цэргийн болон зэвсэг техникийн парадыг зохион, хилчдийн аж амьдралыг харуулсан үзүүлэх тоглолтуудыг сонирхуулах ажээ. Мөн ерөнхий боловсролын сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэхээр “Монгол Улсын хил” сэдэвтэй зохион бичлэгийн уралдааныг зарлах юм байна.
СЭТГҮҮЛЧДИЙН АЯЛЛЫГ ЗОХИОНО
Хилийн орчимд хэрэг зөрчил гарах тохиолдол он гарснаас хойш буурчээ. Энэ нь тус газрын бодлого, үйл ажиллагааны шинэчлэлтэй холбоотойг удирдлагууд нь онцолж байлаа. Тэд хэвлэлийнхэнд төдийгүй иргэдэд нээлттэй ажиллах болсноо мэдэгдсэн юм. Түүнчлэн хилчдийн аж амьдралыг олон нийтэд харуулах зорилгоор сэтгүүлч, зураач, хөгжмийн зохиолчдын аяллыг зохиох аж. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагад хилийн аялал нээлттэйг онцолсон юм. Сэтгүүлчдийг Монгол орны өмнөд цэг болох Орвог гашууны Бор толгой хүртэл аялуулах боломжтой гэлээ. Хил хамгаалах газрын шинэчлэлийн үйл ажиллагааны талаар ХХЕГ-ын тэргүүн дэд дарга, хошууч генерал С.Гүржав “Шинэчлэлийн Засгийн газрын бодлогоор манай байгууллага сүүлийн үед шинэчлэгдэж байна. Энэ ажлын илрэл бол хэвлэл мэдээллийнхэн манай анги салбаруудтай нээлттэй харилцах, сурвалжилж олон нийтэд хүргэх боломжтой болж байна. Цаг уурын ямар ч нөхцөлд морио унаад, буугаа үүрээд, нохойгоо дагуулаад торгон хилээ манаж байгаа мянга мянган хилчид хамгийн хол нутагт хэрхэн амьдардгийг ард түмэнд харуулахыг зорьж байна” гэв.