
М.ГАН
Есөн сар үргэлжилсэн Увсын сонгуулийн маргаан өчигдөр эцэслэжээ. Алдаа гаргасан сайд сандалтайгаа үлддэг шиг, хууль зөрчсөн гишүүд суудалдаа үлдэх нь. Тус аймгаас сонгогдсон хоёр гишүүний туслахаар ажиллаж, сонгуулиар иргэдэд мөнгө тараасан таван хүнд ногдуулсан тус бүр 12 сая төгрөгийн торгох ялыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр хэвээр үлдээжээ. Харин энэ сарын 1-нд болсон хяналтын шатны хуралдаанаар Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний үнэмлэхийг хүчингүй болгох шийдвэрийг цуцалсан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өчигдрийн хуралдаанаар Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран, Ш.Чинбат, Я.Баттогтох нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ. Тэднийг Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллахдаа иргэдэд мөнгө тараасан гэмт хэрэгт буруутгасан юм.
Дээд шүүх ийн адилхан агуулгатай хоёр нэхэмжлэлд өөр, өөр шийдвэр гаргав. Сонгуулиар мөнгө тараах ажлыг зохион байгуулсан дарга нар нь суудалдаа үлдэж, мөнгийг нь гардан тараасан туслахууд нь ялд уналаа. Уг нь гишүүдийн туслахууд мөнгө тараасан нь нотлогдсон тул дарга нар нь ч хариуцлага хүлээх учиртай юм. Сонгуулийн ерөнхий хороо дээд шүүхийн шийдвэрийн дагуу хоёр гишүүний үнэмлэхийг хүчингүйд тооцох тогтоолын төсөл санаачлах ёстой гэнэ. Үнэмлэхийг нь хүчингүйд тооцож, 28-аас дээш хувийн санал авсан дараагийн хоёр нэр дэвшигчийг гишүүн болсонд тооцож болох аж.
2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймагт нэр дэвшсэн Ардын намын гишүүн Ч.Хүрэлбаатар 57.48 , Б.Чойжилсүрэн 52.18 хувийн санал авч УИХ-ын гишүүн болсон юм. Харин тэдний дараа Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Нямхүү 33.47, Т.Мэндсайхан 31.05 хувийн санал авсан юм. Хэрэв Ардын намын хоёрын УИХ-ын гишүүний үнэмлэхийг хүчингүйд тооцвол дараагийн хоёр нэр дэвшигч шууд гишүүн болох хуулийн зохицуулалттай аж. Тэгэхээр УИХ хоёр гишүүнээ явуулж, Увс аймаг шинэ гишүүдтэй болж магадгүй нь.