Б.Номин

Их, дээд сургуульд элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлийн шалгалтыг заавал авч байх бодлогыг БШУЯ боловсруулж байна. Энэ талаар Төрийн хэлний зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Төрийн албаны зөвлөл 2013 оны хоёрдугаар сарын 2-нд гарсан Засгийн газрын тогтоолын хэрэгжилт ямар байгаа талаар БШУЯ-ны газрын даргаас тодруулжээ.

    Сүүлийн үед төрөөс төрөлх хэлний дархлаатай болох асуудалд ихээхэн анхаарал хандуулж 1990 оноос хойш олон чухал баримт бичгийг гаргажээ. Засгийн газрын 37 дугаар тогтоол бол энэхүү баримт бичгүүдийн үргэлжлэл, чухал ач холбогдолтой шийдвэр гэж төрийн хэлний зөвлөлийнхөн үзэж байна. Тодруулбал, өнөөдөр албан ёсоор хэрэглэж буй хэл бичгийн хэрэглээний соёлыг дээшлүүлж, эх хэлний дархлааг хадгалах талаар чухал заалтууд орсон гэж үзэж байна. Тухайлбал, “Бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэхүйц сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэх”, “Ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс мөрдүүлэх”, “Төрийн албаны ажлын байрны тодорхойлолтод монгол хэлбичгийн мэдлэгийн түвшинг харгалзах ур чадварын шаардлагыг нэмж тусгах” зэрэг заалтууд багтжээ.
     Дашрамд дуулгахад Монголд анх удаа монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичгийг БШУЯ, ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтэд хамтран богино хугацаанд хийхээр болсон байна.