Э.ОРХОН

Орчин үеийн техник технологи хөгжих тусам та бидний амьдрал хөн­гөвчлөгдсөөр байна. Тэр ч бүү хэл ахлах болон дунд ангийн сурагчид гэрээсээ хичээлээ хийх орчин үеийн технологи бий болжээ. Энэ технологийг “Смарт” буюу “Ухаалаг” гэж нэрлэдэг аж. БШУЯ-наас энэ жилийг “Хүүхэд бүрийг хөгжүүлэх” жил болгон зарласан. Энэ аж­лынхаа хүрээнд БНСУ-ын “I KIAST” компанийн ухаалаг тоног төхөө­рөмжийг нийслэлийн 84 болон хоёрдугаар дунд сур­гуульд гардуулан өглөө. Энэхүү ухаалаг самбарыг ашигласнаар багш  нар самбар, шохой­ноос салж, сурагч бүр ухаалаг сам­бартай хол­богдсон өөрсдийн таб­леттай байх бөгөөд олон төрлийн ном, дэвтэр цүн­хэлж явах шаард­лагагүй болох юм. Энэ  техно­логийг зөвхөн Солонгос улсад ашиг­ладаг бөгөөд тус улсын Сэжүн хотын бүх сургууль ухаалаг сам­барын технологийг нэвт­рүүлсэн байна.

Ухаалаг самбар нь багшийн үйл ажиллагааг хялбар болгохоос гадна сурагчдын хичээлдээ хан­дах хандлага, багштайгаа харьцах харилцаа, мөн хичээлийн цагийг хэм­нэж буй давуу талтай аж. Мөн ангийн бүх сурагчдын таблеттай хол­боотой байж, гэртээ байгаа үедээ ч багштайгаа холбогдож, харьцаж болох гэнэ. БШУЯ-наас энэ онд нийслэлийн таван сур­гуулийг ухаалаг сургууль болгохоор төлөвлөжээ. Энэ үеэр албаны зарим хүмүү­сийн сэтгэгдлийг сонслоо.

 

БШУ-ы сайд Л.Гантөмөр:

ЦАХИМ ЕРТӨНЦИЙН ДАВУУ ТАЛЫГ АШИЛАСНААР ХЯГААРГҮЙ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

 

-Энэ нийгэмд амьдарч байгаа хүүхдүүд үнэхээр гайхамшигтай цаг үед амьдарч байна. Эрдэм сурах боломж бололцоо нээлттэй хэдий ч ялангуяа 84 дүгээр сургуулийн сурагчдад түлхүү олдож байна. Учир нь 84 дүгээр сургууль Монголын анхны цахим сургууль болж байна. Би орчин үеийн хүүхдүүдийг элект­рон жаа­лууд, электрон хүүх­дүүд гэж боддог. Яагаад гэхээр тэднийг төрөхөд нь л компьютер, гар утас, телевизор бай­сан. Тиймээс энэ хүүхдүү­дэд электрон ертөнцгүй­гээр амьдрах ойлголт байхгүй. Харин ч электрон ертөнцийг тэдэнд ойртуу­лах тусам тэдний амьдрал аз жаргалтай, хөгжилтэй болно гэж ойлгодог. Бо­ловсролын салбарын өнөөгийн бодлого нь хүү­хэд нэг бүрийг хөгжүүлэх юм. Нэг ч хүүхэд орхихгүй байх бодлогыг баримталж байгаа. Тиймээс энэ бод­логын хүрээнд бүх асуудал шийдэгдэх болно. Үүний нэг нь сургуулийн сур­галтын зөв орчинг бүр­дүүлэх байлаа. Энэ зөв орчин гэдгийг цахим ор­чин гэж хэлж болно. Манай хүүхдүүд цахим технологийн давуу талыг ашигласнаар хязгааргүй хөгжих боломж бүрдэж байна.

 

“I KIAST” компанийн захирал Ким Сон Жин:

СМАРТ ТЕХНОЛОГИЙН ҮР ДҮНГ СУРАГЧИД Л  ХАРУУЛНА

 

“I KIAST”  компани нь өн­гөрсөн жилээс смарт тө­хөө­рөмжийг нэвт­­рүүлж эхэл­сэн. Өнөөдрийг хүртэл Солонгосын 69 сургуульд энэ технолгийг нэвтрүүлээд байна. Тэр ч бүү хэл Солонгосын Сэжүн хотыг бүх сургууль смарт системд нэвтэрсэн. Энэ технологийг сургалтад ашигласнаар хүүхдүүд хичээлдээ идэвхтэй болж эхэлсэн. Шинэ технологийн үр дүнг сурагчид харуулдаг. Мөн манай байгууллага энэ технологийг Солонгосд анх нэвтрүүлсэн ч АНУ, Япон, Хятад, Саудын-Араб, Литва зэрэг олон улсад нэвтрүүлж эхэлсэн.   

 

84 дүгээр сургуулийн захирал С.Март:

УХААЛАГ СУРГУУЛЬ БОЛОХ ХОЁР ДАХЬ АЛХМАА ХИЙЛЭЭ

 

-Бид одоогоос таван жилийн өмнө сургалтдаа цахим хэлбэрийг ашиглаж эхэлсэн. Энэ хүрээнд манай сургуулийн бүх багш нар нөүтбүүктэй болсон. Мөн хичээлийг электрон цахим хэлбэрээр бэлдэж заахыг эхлүүлсэн сургууль. Ухаалаг сургууль болох эхний алхам нь цахим сургууль болох байсан. Хоёр дахь алхам болох электрон анги нээгдэж байгаа явдал нь манай сургуулийн болоод Монголын боловсролын дунд сургуулийн түүхэнд шинэ хуудас боллоо. Энэ электрон ангийн гол зорилго нь хичээл амьд, сонирхолтой болох ёстой юм. Мөн багш самбар шохой, шарласан цаас хэрэглэх явдал байхгүй болох юм. Манай сургуулийн багш нар таван жилийн өмнөөс телевиз, нөтэбүүк ашиглан сурагчиддаа цахим хэлбэрээр хичээл ордог байсан бол өнөөдөр ухаалаг самбар ашиглан электрон аргаар хичээлээ явуулах бүрэн боломжтой боллоо. Хамгийн гол нь хүүхдийн хичээлдээ хандах хандлага өөрчлөгдөж хичээлдээ сонирхолтой болох юм. Хүүхэд хэн нэгний шахалт шаардлагагүйгээр өөрөө хичээлээ хийснээр хичээлийн үр дүн сайжирна.