Н.МӨНХЖИН

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшиж байгаа Энрике Каприлесийн сонгуулийн штабын дарга Карлос Окариз “АВС”-д ярьж байна. “Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро сонгуульд ялагдана, Чавесгүйгээр тэр хэн ч биш” хэмээн Сукре мужийн захирагч К.Окариз өгүүлэв. Сөрөг хүчний нэр дэвшигч Каприлес үлдэж буй цөөхөн хоногт (Ерөнхийлөгчийн сонгууль дөрөвдүгээр сарын 14-нд болно) эрчимтэй ажиллаж ялалт байгуулахад бэлэн байгаа аж.

 

-Байхгүй болсон Уго Чавесийн нэрийг барьж сурталчилгаа хийж яваа нэр дэвшигчийн өөдөөс яаж тэмцэж байна даа?

-Бид Чавесийн нэрийг барьж байгаа явдлын өм­нөөс юу ч хийхгүй. Уго Чавес өөд болсон, түүнийг тайван орхих ёстой. Харин Николас Мадуро гэгч үр­гэлж улсын мөнгөөр тэ­жээл­гэж ирсэн авлигач, эрхэлсэн нөхөртэй бол тэмцэнэ. Улс орныг сүй­рүүлж, уруудуулж, аюул­гүй байдлыг нь алдагдуул­сан гол буруутан бол Мадуро. Чавесгүйгээр тэр хэн ч биш.

-Сонгуульд хэн ялах бол. Судалгаагаар, Ма­дурог ялна гээд байгаа?

-Янз бүрийн судалгаа байгаа ч хүмүүсийн санаа бодлыг тандах цаг хугацаа алга байна шүү дээ. Тэгэ­хээр тэдгээр судалгааны дүн бодитой биш. Сонгуу­лийн кампанит ажлын хугацаа дэндүү богино байна. Өнгөрсөн аравду­гаар сарын 7-ны сонгуульд Каприлес 45 хувийн санал авсан. Бид энэ хувийг нэмэгдүүлж, сонгуульд ялалт байгуулах зорилт тавьж байна. Мадуро ялаг­дашгүй хүн биш.

-Венесуэль эдийн зас­гийн хямрал руу алхаж, Засгийн газар нь үүнийг нуухыг оролдож байна. Ийм нөхцөлд Каприлес сон­гуульд ялах шаард­лага байна уу?

-Хэрвээ Мадуро эрх мэдэлд гарч ирэх юм бол одоог хүртэл хийж ирсэн шигээ улс орныг сүйрүү­лээд дуусгана. Тиймээс улс орныг сүйрлийн замаас гаргахын тулд Каприлес сонгуульд ялах амин чу­хал шаардлагатай байна.

-Гэвч та нар ямар да­лайцтай хямралыг хүлээн авах гэж буйгаа мэдэж байгаа юм уу?

-Мэдээж улс орон ямар байдалтай байгааг бид сайн мэдэж байна. Мадуро Ерөнхийлөгч бол­вол сүүлийн зуун өдөр улс орныг яаж сүйтгэсэн ши­гээ гамшиг учруулах бол­но. Венесуэль улсад хө­рөнгө оруулалтыг татаж, ажлын байр бий болгохын тулд Каприлес ялах хэ­рэг­тэй байна.

-Энрике Каприлесийн кампанит ажлыг хэн сан­хүү­жүүлж байгаа вэ?

-Бид өөрсдөө. Кап­рилесийн нэр дээр бан­кинд данс нээж хандивын арга хэмжээг зохион бай­гуулж байна. Бүх хөрөнгө, арга хэрэгсэл Мадуро руу явж, сонгуулийн кампани тун шударга бус болж бай­на. Тэр хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр 35 цагаас илүү сурталчилгаа явуулж байна. Харин Каприлест ямар ч цаг алга.

-Ийм тэгш бус байдал, эрх баригчдын давуу талын өмнө юу хийж болох вэ?

-Нэр төрөө хадгалж, тэм­цэж, итгэж явна даа?

-Өрнөдийн Жи Жи Рен­дон хэмээх сонгуулийн нэртэй стратегич та нарт зөвлөж байгаа юм уу?

-Үгүй ээ. Бид өөрсдөө сонгуулийн кампанит ажил, стратегиа зохион байгуулж, боловсруулж байна.