
М.ЦЭЦЭГ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн талаарх хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хүн оролцов.
Оролцогчид газрын тодорхойлолт, ашиглалтад хэмжээ, хязгаарыг тогтоох эсэх дээр санал солилцож, газрыг ашиглахад газрын хэвлийн гүн рүү хэдэн метр хүрэх талаар тогтсон хэмжээг хуульд оруулах шаардлагагүй. Тухайн газарт баригдах барилга, байгууламжийг барих гүнээр тооцож тодорхойлж байх нь зүйтэй гэдэг санал дээр нэгдсэн.
Үүний дараа газар өмчлөх, ашиглах эрхийн талаар ярилцсан юм. Азийн хөгжлийн банкны төслийн ажилтан В.Энхтамир хэлэхдээ “ Үндсэн хуульд газрын харилцааг газрын тухай хуулиар зохицуулна гэсэн байгаа. Үнэндээ газар эзэмших эрх үндсэн хуулийн статусгүй. Өөрөөр хэлбэл, төрөөс газрыг эзэмшүүлнэ гэсэн концевци байхгүй гэсэн үг. Тиймээс хуулийн төсөлд газар өмчлөх, газрын түрээсийн харилцааг зохицуулах тодорхой шинэ заалт оруулах шаардлага” гэв. ХААИС-ийн багш Ч.Баасанжаргал “Газар өмчлөлийг цэгцэнд оруулна гэвэл газар эзэмших эрхээс өвлүүлэх, барьцаалах эрхийг хасах хэрэгтэй. Ингэснээр иргэдэд газар өмчилж авах хүсэл төрж, эзэмшлийн асуудал тодорхой болох давуу талтай” гэв. Мөн газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэж, Засаг дарга гүйцэтгэдэг болох, тодорхой шалгуурын үндсэн дээр газрыг зориулалтын бус хэлбэрээр үр ашиггүй ашигласан эзэмшигчийн газрыг хураах хүртэл хариуцлагын арга хэмжээг хуулийн төсөлд тусгахыг уг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байсан юм.
Зарим оролцогчид уул уурхайн зориулалтын газрыг тусад нь ангилах хэрэгтэйг зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол дийлэнх хэсэг нь уул уурхай өөрөө онцлогтой. Уурхай гэдэг түр хугацааны асуудал бөгөөд цаашлавал газрын хэвлийг ашиглах асуудал. Газрын хуулиар зохицуулах шаардлагагүй. Харин тухайн газар ашиглалтын өмнө ямар ангилалд байсан ашиглалтын дараа тэр ангилалд хэвээр байх нь илүү нийцтэй гэсэн байр суурьтай байсан.
Харин газрын өмчийн эрхийн харилцаа болон өмчлүүлсэн газрын зохицуулалтыг тусад нь авч үзэх нь зөв гэв. Нэгэнт өмчлүүлсэн газрын харилцааг Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын тухай шинэ хууль батлаж зохицуулах нь маргаан үүсэхээс сэргийлнэ гэх санал ч гарч байлаа. Одоогийн хуулийн төслийн хүрээнд газрыг сертификатаар өмчлүүлэх асуудал яригдах болсон. Гэхдээ нэг хүнд ногдох сертификатын тоог хуульчилах хэрэгтэй. Гэхдээ сертификат дээр газрын суурь үнийг тавих хэрэггүй гэдгийг ч хэлэх хүн байсан. Түүнчлэн аж ахуйн зориулалттай гэх газрыг тодорхойлох шаардлагагүй, харин усны сан, ойн сан бүхий газрын ашиглалтын талаар нарийн зохицуулалтыг оруулах нь зүйтэй гэдгийг тэмдэглэж байсан.