Ө.СОНОР
МАН-ынхан ерөнхийдөө нам гүм байна. Бид “Хүчтэй сөрөг хүчин байна” гэж удирдлагууд нь ярьсан боловч одоогоор хүчээ үзүүлсэн зүйлгүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тэд “Эв санааны тунхаг” хэмээх баримт бичиг гаргаж үе үеийнхээ төлөөллийг оролцуулан бяцхан ёслол хийснийг хэвлэлээр дамжуулсан. Энэхүү 10 зүйл бүхий тунхаг бичигт Засгийн газрын буруу бодлогын эсрэг эвлэршгүй, зогсолтгүй, тууштай, хатуу тэмцэж, МАН “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” байхаа зарлажээ. Тунхаг бичгийн тухайд намаа шинэчлэх хэрэгтэй хэмээн хүчтэй дуугарах болсон Т.Аюурсайхан “Бид шинэчлэлийн төлөөх зорилго өөд алхам алхмаар урагшилж байна. Намд ул суурьтай, иж бүрэн шинэчлэл хийх ёстой гэдэгт намын удирдлагуудтай бид санал нэгдлээ. Нам бүтэц зохион байгуулалтын хувьд цомхон хэрнээ хүчтэй, нөлөөтэй, хурдтай, маневр сайтай, цэвэр тунгалаг байх, гишүүдийн хувьд бодлого шийдвэрт оролцсон, тооноос чанар зарчмыг бодолцсон нөхцөлийг бүрдүүлэх намын дүрэм болон бодлогын баримт бичгийн өөрчлөлтийг агуулсан Бодлого шинэчлэлийн хөтөлбөрийг 27 дугаар Их хурлаараа хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Намын Бага хурлын гишүүдээс “Нэгдсэн Монгол” жигүүр байгуулах санаачлага гарсан нь ч намын шинэчлэлтэй холбоотой юм. Нэгдүгээрт хүчтэй сөрөг хүчин болох, хоёрдугаарт шинэчлэлийг ул суурьтай хийх зорилгоор жигүүр байгуулах ёстой гэж үзэж байгаа. Түүнээс биш хагарч бутарч байгаа учраас жигүүр ургаж байгаа мэтээр нийгэмд ойлгуулах явуулгыг зарим хүчин санаатайгаар хийж байгааг няцаах ёстой. Жигүүр байгуулах асуудлыг бид нам дотроо ярина” хэмээсэн байна.
Түүний ярианаас үзвэл МАН удахгүй шинэ жигүүртэй болох бололтой. Энэ нь ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн тактик боловсруулахад чухал үүрэгтэй бүлэг байх тухай намын зарим нөхөд нь “жиргэсэн” байна. Тэд 10 зүйл бүхий тунхаг бичгээ бүх шатныхаа гишүүдэд тараан гарын үсэг зуруулах төлөвлөгөө зохиосон гэнэ. Үүгээрээ эв нэгдэлтэй нам гэдгээ харуулж, Төрийн тэргүүний сонгуульд туг өргөх бодлоготой ажээ. Тэд тунхаг бичгийнхээ уриаг “ МАН-ын дотоод зөрчил өнөөдрөөс эцэс болно” гэж тун өвөрмөцөөр томъёолсон байна.