С.Цэрэндэжид

“Нарантуул” олон улсын  худалдааны төвийн  удирдлагуудын дарангуйлал, мөлжлөгийн талаар ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нь мэдээлэл хийлээ. “Нарантуул” захын толгой компани болох “Нарантуул трейд”-ийн захирал Ш.Сайхансамбуу болон тэдний гар хөл бологсод захын газар түрээслэгчидтэй гэрээ байгуулалгүй түрээсийн мөнгийг өөрийнхөө хүссэн хэмжээгээр нэмж авдаг. Наймаачдын үзэл бодлыг хааж, үг хэлүүлэлгүй “Газрыг чинь хурааж авна” хэмээн сүрдүүлдэг. Нэг сарын түрээсийн төлбөр хэтэрхий их байгааг онцолсон юм.

Тус захын Үйлдвэрчний хорооны дарга Б.Байгалмаа,  “Худалдааны төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгоно гээд түрээслэгчдэд “Тээш,түрэлтийн мөнгө авахгүй” та нарт ашигтай гэж ухуулан 385-425 мянган төгрөгөөр төмөр авдар худалдсан. Гэтэл одоо болохоор 30 мянган төгрөгийг түрээснээс гадна авч байгаа” хэмээн мэдэгдлээ. Тэрээр, “Манай худалдааны төвд 23 “байцаагч” цагдаа ажилладаг. Тэд төрийн хувцас өмссөн ч бүгд Ш.Сайхансамбуу ба тэдний гэр бүлийнхний гар, хөл болж түрээсийн төлбөрөө авахын тулд наймаачдыг чихдэн, зодож айлган сүрдүүлэх нь ердийн үзэгдэл болсон. Төрд ажиллах ёстой цагдаа нарыг өнөөдөр “Нарантуул-ын боссууд хувийн эрх ашгийнхаа төлөө ажиллуулж байгааг эрх мэдэлтнүүд дуулсан хэрнээ сохор, дүлий мэт байгаад түрээслэгчид гомджээ. Тэд одоо яах учраа ч олохгүй дэмий гайхаж сууна. Мөнгөтэй компанийн захирал иргэдийг сүрдүүлж, айлган дарамтлах хэрэгсэл болгон цагдаа нарыг ашиглаж байгаа нь Монгол Улсын олон хуулийг уландаа гишгэж байна. Цагдаа төрийн байгууллагад ажиллах ёстой атал хувийн хамгаалалтын байгууллагаас дээгүүр эрхтэйгээр “Нарантуул”-ын вант улсад цагдаагийн дүрэмт хувцастай “танхай залуус” ажиллаж байгааг тэд жигшин ярьж байсан юм. Ш.Сайхансамбуу төр юм уу. Яагаад тэрээр хувьдаа цагдаагийн бүхэл бүтэн салаатай байдгийг ойлгохгүй байна хэмээн тэд мэдэгдлээ.

Түүнчлэн нэг түрээслэгчийн лангууд гурван ам.метр талбай ногдох ёстой. Гэтэл тэд нэг метр 20 см хэмжээтэй газарт лангуугаа ажиллуулдаг аж. Хуульд зааснаар бол гурван ам метр талбайгаас 25-60 мянган төгрөг авах ёстой. Гэтэл тэднээс метр 20 см газраас 47 мянган  төгрөгийн татвар авч байгаа нь хэрээс хэтэрсэн мөлжлөг болохыг түрээслэгчид  хэлж байсан юм. Энэ талаар хуульч Б.Эрдэнэцэцэг ярихдаа  “Хүний эрхийн үндэсний комисс, Үйлдвэрчний хороо хамтран дээрх бүх асуудлыг шалгаж “Хүний эрх зөрчсөн, ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн, гэрээ байгуулалгүй иргэдээс түрээсийн мөнгө авч байсан нь хууль эрхзүй ямар ч үндэслэлгүй” болохыг тогтоосон гэж байв. “Наран трейд” компанийн захирал Ш.Сайхансамбууд дээрх шаардлагыг хүргүүлсэн гэж байсан. “Шаардлагыг нэг сарын дотор биелүүлэхгүй бол Хүний эрхийн үндэсний комиссоос хуулийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тэрээр мэдэгдсэн юм. Түүнчлэн худалдааны төвийн түрээслэгчид одоогоор сард 90 гаруй мянган төгрөгийн түрээс төлдөг аж. Түрээслэгч Д.Жарантай “Би энэ асуудлын талаар Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандсан. Эргүүлээд  намайг “Газрыг чинь хурааж авна” гэж сүрдүүлсэн. Биднийг гомдол санал гаргахаар та нар хувийн байгууллагад ажиллаж байгаа гэж хэлдэг. Аюулгүй орчин нөхцлийг бүрдүүлдэггүй. Хэдэн жилийн өмнө авдар түрж яваад амь эрсдэсэн түрээслэгч  ч байдаг. Зарим нь төмөр авдраа түрж чваад бэртэж, гэмтсэн тохиолдол олонтаа гарсан” хэмээн зах дээр наймаачдын дунд хэрнээ олны нүднээс далд болдог элдэв асуудлыг тэд дэлгэж хэвлэлийнхэнд хадсан юм.