Д.БОЛД
Хэнтий аймагт ирэх дөрвөн жил шинэ бүтээн байгуулалтын ажлууд өрнөхөөр болжээ. Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай ярилцлаа.
-Хэнтийд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байна. Саяхан бүтээн байгуулалтын чуулган хийсэн гэсэн. Өндөрхаан хот өнгө төрхөө өөрчлөх нь дээ?
-Энэ сарын 26-нд Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотод “Барилга-Бүтээн байгуулалт-хөгжил” чуулган амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн зам, барилгын компаниуд болон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын төлөөлөл энэхүү чуулганд оролцож, өөрсдийн нэвтрүүлсэн шинэ технологиудыг танилцуулж, Хэнтий аймагт өрнөх бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох талаар саналаа солилцсон. Нэг талаар аймгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагынхан, нөгөө талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, тэр тусмаа бүтээн байгуулалтад гар бие оролцох компанийн төлөөлөл нүүр тулан уулзсан нь ховор. Үүгээрээ “Барилга-Бүтээн байгуулалт-Хөгжил” чуулган ач холбогдолтой болсон.
Цаашид бид бүтээн байгуулалтын ажилд нэлээд анхаарал хандуулна. Юуны түрүүнд аймгийн төвийг орон сууцжуулах чиглэлээр тодорхой хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Тухайлбал ямар хөтөлбөр бэлэн болсон бэ?
-Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотыг улсын зэрэглэлтэй хот болгох бодлогоор 1000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа ажил. Судалгаанаас харахад аймгийн төвийн хүн амын дөнгөж 10 хувь нь төвлөрсөн халаалттай орон сууцанд амьдарч байна. Тиймээс иргэдээ тохилог орон сууцаар хангахад анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэр хорооллын 100 айлыг төвлөрсөн шугам сүлжээнд холбон, жишиг байдлаар тохижуулахаар төлөвлөсөн. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл цаашид 100 биш аль болох олон өрхийг жишиг байдлаар тохижуулна. Мөн барилгын компаниудтай хамтран аймгийн төвд хаус хороолол байгуулахаар ярьж байна. Эхний ээлжинд энэ зун 20 хаус барина.
Цаашид Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчилнэ. Бүтээн байгуулалтын ажил идэвхжихээр ийм шаардлага урган гарч байна. Үүнтэй зэрэгцүүлээд бүх сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ч гэсэн шинэчилнэ. Ойрын хугацаанд аймгийн төвд шинэ дулааны цахилгаан станц барих төлөвлөгөөтэй байгаа.
-Аймгийн төвийн ойролцоо байгуулах Чингис хааны цогцолбор олны анхаарлыг татаж байна. Энэ цогцолборын ажил энэ жил эхлэх үү?
-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Чингис хаан” цогцолборын ажлын зураг төсөл хийгдэж байна. Энэ цогцолборыг байгуулах зорилгоор аймгийн төвийн хойно Ташгай толгой гэдэг газар 50 га газар олгосон. “Чингис хаан” хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг Засгийн газар дэмжиж, ССАЖЯ хамтран ажиллаж байна. Өвөрмонголын Ордос дахь Чингисийн онгоны цогцолбортой дүйцэхүйц, аялал жуулчлалын томоохон цогцолбор болох юм. Мөн хэнтийчүүд бидний бахархал бол Галшарын алдарт хурдан адууны угшлыг бий болгосон Хардэл жанжин бэйс Өвгөн ноён М.Пүрэвжав. Тиймээс Өвгөн ноёны нэрэмжит гудамж, хөшөөт цогцолборыг байгуулна.
-Та Засаг даргын ажлаа хүлээж аваад 100 хоножээ. Энэ хугацаанд хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнасан уу?
-Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдон ажилласнаас хойш 100 хоногт юу амжуулав гэдгээ иргэддээ танилцуулж, тайлагнах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохиолоо. Энэ 100 хоногийн хугацаанд ирэх дөрвөн жилийн бодлого, чиглэлээ тодорхойлсон нэлээд ажлыг хийжээ. Юуны өмнө Хэнтий аймгийн 2013 оны төсвийг ИТХ-аараа батлууллаа. Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж мөн ИТХ-аар батлуулсан. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд нийт 5 бүлэг, 160 зорилт бүхий мөрийн хөтөлбөр батлуулаад ажиллаж байна. Мөн 2013 онд аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлд 10 бүлэг, 138 ажил хийхээр тусгасан. Өнгөрсөн хугацаанд орон нутагтаа хүрч ажиллах арга хэмжээг зохион байгууллаа. Засаг даргын захирамжаар байгуулагдсан 4 ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 7-13-ны хооронд бүх сумдад ажиллаж ард иргэдийнхээ санал бодлыг сонсч, сум орон нутгийн ажилтай газар дээр нь танилцсан. Энэ үеэр иргэдээс 224 санал хүлээн авч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Энэ бүхнийгээ 100 дахь хоногоороо иргэддээ тайлагналаа.