Д.ОЮУН

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу  төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулсныг аж ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн. Урилгын дагуу заасан хугацаанд 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн авчээ.  Арав хоногийн хугацаанд эхний ээлжийн сонгон шалгаруулалтыг хийж 18 компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Цаашид дээрх компаниуд төслөө хэрхэн хэрэгжүүлэх талаар Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуягаас тодрууллаа.

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэ­рэгжүүлэгч компаниудыг ямар шалгуураар  шалга­руулсан бэ. Эцсийн сонгон шалгаруулалт хэзээ, хэрхэн хийх вэ?.

-Нэн түрүүнд тухайн компанийн ажлын турш­лага, санхүүгийн чадамж, тухайн төслийг хэрэг­жүүлэх төлөвлөгөөг гол шалгуур болгосон. Эхний ээлжинд энэ шалгуурыг хангасан аж ахуйн нэг­жүүд шалгараад байна. Гэр хорооллын дахин тө­лөв­лөлтийг хэрэгжүүлэхдээ иргэдийн оролцоог чухалч­лан үзэж байгаа учраас эцсийн шалгаруулалтыг дахин төлөвлөлтөд орсон нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд хийх юм. Ту­хайлбал төсөл хэрэгжүүлэ­хээр шалгараад байгаа 18 компани, тухайн бүсийн оршин суугчдад мэдээлэл, танилцуулга хийнэ. Үүний дараа тухайн компаниу­даас иргэд сонголтоо хийж, саналаа өгнө. Ерөн­хийдөө жижиг хэмжээний сонгууль болно гэсэн үг. Ингээд тодорхой хуга­цаанд саналыг авч, эц­сийн байдлаар төсөл хэ­рэгжүүлэгч компаниудын нэрс тодроно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэзээ эхлэх боломжтой вэ. Иргэ­дийн хүлээх үүрэг бас бий болов уу ?

-Иргэдийн дийлэнх саналыг авсан компани 30 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй өмчлөгч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгжтэй гурвалсан гэрээг бай­гуулах ёстой.

Энэ гурвалсан гэрээг нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газар, иргэн, төсөл хэрэгжүүлэгч ком­пани хамтарч байгуулна. Гэрээний дагуу иргэн төсөл хэрэгжих ажлыг цалгардуулахгүйн тулд дахин төлөвлөлтийн та­лаар сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гэрээ­нээ­сээ эргэж буцахгүй байх нь ажлын том дэмжлэг болно.

-Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид нийс­лэлээс ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ. Нэг аж ахуйн нэгжид ойролцоо­гоор хэчнээн га газар ногдож байна вэ?

Төсөл хэрэгжүүлэх га­зар нутгийн хувьд зарим  багцад  130 га , 235 га хамаарч байгаа.Тиймээс үүнийг хэд хэдэн блок болгон хувааж нэг аж ахуйн нэгжид 10-20 га ногдож байна. Нийслэ­лийн зүгээс журмын дагуу  тухайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид дэд бү­тэц, нийгмийн байгуу­ламж барих асуудлыг шийдвэрлэж өгөх юм.