Н.МӨНХЖИН

Сирийн босогчид улс орны зүүн хэсэгт нефтийн хэд хэдэн цооногийг шатаажээ. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагааны ул­маас тус улс өдөрт таван мянган баррель нефть, 52 мянган куб метр хийн алдагдалд орж байна хэмээн Нефтийн яамны албаны төлөөлөгчид мэ­дэг­дэв. Төрийн мэдлийн SANA агентлагийн мэ­дээлж буйгаар, Дейр аль-Зур дахь нефтийн ор­дуудын ихэнх хэсэг нь босогчдын гарт байдаг бөгөөд бо­согчид тэдгээр орд, цооногийг хуваах, эзэм­шихэд маргалдсаны улмаас цооногуудыг ша­таасан бололтой. Сирийн нефтийн “Фурат” корпо­рацийн гал сөнөөгчид гурван цооног дахь галыг унтраах оролдлого хийсэн аж. Босогчид нийтдээ есөн цооногийг шатаасан хэмээн мэдээлж байна. Үүний дараа гал дахин зургаан цооногт шилжжээ.

Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм иргэдийн жагсаалыг хүч хэрэглэн дарсны дараа Европын холбоо Сирийн эсрэг хориг арга хэмжээ авч нефтийн экспортыг бараг зогсоосон юм. Асадын засаг захиргаа нефтийн гол орд, цооногууд байдаг зүүн нутгийнхаа ихэнх хэсгийг босогчдод алд­саны дараа дотоодын түлш шатахууны хэрэгцээгээ хангах гэж оролдож байгаа ч төдийлөн амжилт олохгүй байна. Хэдийгээр Сири улс иргэний дайнтай байгаа ч зарим бүс нутагт нефтийн олборлолт үр­гэлжилсээр байгаа аж. Босогчид орон нутгийн эрх баригчидтай худалдаа най­мааны хэлэлцээ хийж, Засгийн газрын хүчний хяналтад байдаг бүс нутаг руу нефть нийлүүлж бай­гаа ажээ.