
Б.ЗАЯА
УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН-аас Увс аймагт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Уг хэргийг нэхэмжлэгч Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний өмгөөлөгч Б.Лхагважавын болон гуравдагч этгээд Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын өмгөөлөгчдийн гомдлоор өчигдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцсэн юм. Хяналтын шатны шүүгчид хэргийг СЕХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж нэхэмжлэгч нарт хариу өгсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Хэргийг сануулбал, АН-ын нэхэмжлэлээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Увс аймгийн сонгогчдод мөнгө тараасан, төрийн албан хаагчийг сонгуульд ашигласан хэмээн буруутгасан юм. Мөн сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа урсдаг самбараар сурталчилгаа явуулж хууль зөрчсөн хэмээн үзсэн. Тэднийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд Давж заалдах шатны шүүх хурлаар УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосныг тус тус хүчингүй болгосон юм.