Хэн нь хэн бэ?

 

М.ГАНЦЭЦЭГ

Улс төрийн хүрээнд нам жим үед шуугиан тарьдаг дэд сайд бий. Тэр бол Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян. Албан өрөөнөөсөө Интерполд и-мэйл явуулсан, эрүүгийн хэрэгт татагдсан, намын­хаа намхан цагаан байран дотор дарга нартайгаа ам муруйж огцрох өргөдлөө бичсэн л гэнэ. Хэвлэ­лийнхнийг, хууль зүйн салбарыг нэг хэсэгтээ л өндөлзүүлсэн юм бол­сон.

Дэд сайд гэдэг улс төрийн дүр байдаг бол дүрдээ хамгийн идэвхтэй тоглогч нь Э.Эрдэнэ­жамъян гэхэд хилсдэхгүй биз. Гол дүрийн жүжигчин ч гэмээр. Угтаа бол нийтэд байтугай салбартаа ч танигдаагүй дэд сайд олон. Гэтэл тэр ажилд орсон анхны өдрөөсөө л бужиг­нуулсан байх. Хэн гээч нөхөр гэнэт гараад ирэв гэж зарим нь гайхсан. Гэхдээ тэр гэнэт гарч ирээгүй дүр. Улс төрийн гал тогоонд 16 жилийн өмнөөс л “явж” байжээ.

Интерполдож, огцрох өргөдөл бичиж, салбарын сайдтайгаа тэрүүхэндээ хэг маг гээд чамгүй “жүжиглэдэг” тоглогч юм. Хэвлэлийнхэн ч түүний гишгэсэн мөр бүрийг мөшгидөг тийм л сенсаац дүрийн эзэн болов. Саяхан намын Ерөнхий нарийн бичгийн даргадаа огцрох өргөдлөө өгсөн байгаа юм. Даанч аваагүй. Яаран сандарч өргөдөл бичсэн нь түүний сул тал мөн. Улс төрийн албан тушаалтан хүний хувьд шүү. Залуу хүний ааг омог. Тэвчээргүй зан. Энэ тухай өөрөө ч хэвлэлд ярьсан байна лээ. Одоо энэ асуудал намжсан байх.

Интерполд бичсэн и-мэй­лийн тухайд “Мон­голын нэр хүндийг олон улсад унагасан” гэх шүүмж­лэлийн эзэн бол­сон. Харин “хэргийн эзэн” энэ үйлдлээ “Миний хувьд харин ч өөрийн мэргэжлийн ёс зүй, албан тушаалын үүргийн хувьд Интерполын үндсэн хууль зөрчигдөхөөс сэргийлэн захиа бичих нь харин ч шударга ёсыг сахин хамгаалж, Монголын нэр хүндийг унахаас сэр­гийл­сэн, “тогоон доторхи” улс төрийн бохир явуулгадаа Интерполыг татан орол­цуулахаас хамгаалсан ёс зүйтэй алхам болсон” гэсэн байдаг. Өнгөр­сөн намраас хойш түүний хийсэн үйлдлээс харахад байр сууриа хаана ч, хэ­нээс ч айхгүй илэр­хийлдэг нөхөр аж. Интер­полд захиа бичсэнийх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж Авлигатай тэмцэх газарт шалгасан гэх. Тэр “Танайд захиа бичсэний төлөө намайг хэлмэгдүүл­лээ” гээд дахиад и-мэйл бич­чихэж магадгүй л залуу.

Э.Эрдэнэжамъяны нам­­тар түүхээс товч дурд­вал, 1979 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, “Шихихутуг” Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Түүний мэргэжлийн багш нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэнэ. Тэрээр 1997 онд МАХН-д элсэж намын үүрийн дэд даргаар ажиллаж улс тө­рийн карьераа эхлүүлжээ. Тэр эхэндээ либерал оно­лыг нэлээд таалж, либер­тари үзлийн талаар Мон­голд хэвлэгдсэн бараг бүх номыг уншсан гэнэ. Одоо түүний улс төрийн үзэл нь зүүний буюу социалист.

Ажлын намтар гэвэл Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Монголын скаутын хол­боо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Эрдэнэс МГЛ” компанийн Хуу­лийн хэлтсийн дарга, “МНТК” компанийн Гүй­цэтгэх захирал, “Шударга ёс” хуульчдын эвслийн тэргүүнээр ажиллаж байжээ.  Ингэж яваад 2011 оны намар МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, улс төрд идэвхтэй оролцох болжээ. Одоогоор МАХН-ын бага хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.

Хувийн мэдээллээс нь цухас дурдвал, аав ээж нь хүнсний үйлдвэрт насаа­раа ажилласан хүмүүс бай­­даг аж. Э.Эрдэнэ­жамъян интерполдохоосоо өмнө скаутаар овоглодог байж. “Скаутын Жамин” гэж олон хүн мэдэх юм билээ. Тэр  долдугаар ангиасаа энэ хөдөлгөөнд нэгдээд сургагч багш, скау­­тын залуучуудын бай­гууллагын дарга, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гээд бараг 15 жил энэ байгууллагад ажилласан байна. Гэхдээ Э.Эрдэнэжамъяныг өнөө­дөр скаутын гэж тодотго­хоос илүү интерполддог дэд сайд гэх нь илүү ононо байх.