Ө.СОНОР
Урин цаг ирж нийслэлд барилга, бүтээн байгуулалтын ажил өрнөх нь.
Энэ жил төсвийн хөрөнгө оруулалтаар болон Чингис бондынхоо мөнгөөр нийслэл болон хөдөө орон нутагт урьд өмнө хийж байгаагүй томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх болсноо Засгийн газар, хотын захиргаатай хамтран зарлаад байна.
Зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбох, нийслэлийн инженерийн шугам сүлжээг өргөтгөхөд 200 тэрбум төгрөг зарцуулах, хэд хэдэн чиглэлийн авто замыг шинээр барих гэх мэт ажлыг ирэх өвлөөс өмнө амжуулахаар товложээ.
Энэ бүхнийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд ямар ч төлөвлөлтгүй, замбараагүй барьсан барилга, обьектууд саад болох вий гэдэгт мэргэжилтнүүд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Барилгын компаниудын дунд Э.Бат-Үүл дарга өнгөрсөн намраас бяцхан “дайн” зарласныг уншигчид мартаагүй байх. Эхлээд ямар ч зөвшөөрөлгүй барьсан 80 барилгыг нэрлэж, олон нийтэд мэдээлсэн. Дараа нь энэ тоог нэмсээр 172 болгож байсныг санаж байна. Гэвч эдгээр барилгуудыг одоо хэрхэснийг хэн ч мэдэхгүй байна. Хотын захиргаа ч сүржин мэдэгдэл хийж, хэдэн жагсаалт тараагаад л түүнээс хойш таг дуугүй суув. Манай нийслэлийн инженерийн шугам сүлжээтэй газрын хүрээ бага учраас бид нийслэлдээ олон овоорч, шамбааралдсан барилга барьж байгаа. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүйгээс хүний амь нас хохироосон хэд, хэдэн удаагийн хэрэг манай барилгын салбар хэрхэн хөл, толгойгоо алдсаныг гэрчилж өгсөн юм.
Иргэдийн эрхийг зөрчсөн, байгалийн нар үзэх боломжийг нь хаасан зөвшөөрөлгүй барилгууд гэхээр 120 мянгатын орон сууцны барилгатай наагаад барьчихсан 13 давхар зочид буудлын барилгыг бид андахгүй болсон. Тухайн үед хотын дарга “Энэ барилгыг ямар ч байсан буулгаж иргэдийн нар үзэх эрхийг сэргээнэ” гэж байсан ч өнөөг хүртэл тухайн барилгыг буулгах нь байтугай бараг ашиглалтад орох гэж байна. Хэдийгээр зөвшөөрөлгүй, зөвшөөрөл нь хууль бус ч гэсэн хувь хүн, байгууллагын нэгэнт барьчихсан өч төчнөөн тэрбум төгрөгөөр босгосон барилгыг юу, юугүй нураана, буулгана гээд байж болохгүй байж мэднэ. Гэхдээ энэ асуудал хэрхэн шийдэгдсэнийг нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй байх. Хотын даргын өрөөнд орж ирээд хамаг юмаа банкны барьцаанд өгчихсөн, одоо барилгыг минь буулгавал бид сүйрнэ гэж учирлан гуйх хүн ч олон байсан болов уу. Нэгэнт төр иргэдийнхээ өмчийг хамгаалах үүрэгтэй болохоор учир начираа олсон бол эргээд энэ тухайгаа, захирамжийнхаа хэрэгжилтийг заавал мэдээлдэг байх нь хотын мээрийг ам, ажил нь зөрдөггүй хүн байна гэж итгэхэд хэрэг болох байх. Өнгөрсөн намар барилгын ажлууд зогсохоос өмнө Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад үнэхээр дайчин хариулж байлаа. 2012 оны есдүгээр сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа зарим асуултад хэрхэн хариулж байсныг одоо хүргэе.
-Зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг зогсоох талаар захирамж гаргасан санагдана. Хэрэгжээгүй юу?
-Энэ сарын 7-нд зөвшөөрөлгүйгээр эхэлсэн барилгын ажлыг зогсоох тухай 557 дугаар захирамж гаргасан. Дөрвөн заалттай. Нэгдүгээрт, нийслэлд дур зоргоороо, зөвшөөрөлгүй барьж байгаа барилгуудын ажлыг зогсоох үүрэг, даалгаврыг НМХГ-ын даргад өгсөн. Хоёрдугаарт, зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ус, дулаан, цахилгааныг тасалж, тоног, төхөөрөмж нь ажиллах боломжгүй болго гэсэн. Нөхцөл байдал ямар байгааг та харж байгаа байх. Гуравдугаарт, барилгын компаниудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг шалгаж ирэх сарын 10-нд Засаг даргад мэдээлэх үүрэг өгсөн. Саяхан болсон “Аюулгүй Улаанбаатар” зөвлөгөөний үеэр би зориуд анхааруулж хэлсэн.
-Яагаад өнөөдрийг хүртэл хотын даргын гаргасан захирамжийг тэд биелүүлсэнгүй вэ?
-Харамсалтай нь тэд үүргээ биелүүлсэнгүй. Дарга нар нь ажилласангүй. Захирамж гарсан өдрөөс хойш дээрх хоёр шийдвэрийг хэрэгжүүлэх бүрэн боломж байсан.
-Хотын даргын өгсөн үүргийг тэд зориуд биелүүлсэнгүй юу. Тэд хариуцлагагүй ажилласнаар ийм осол, хэрэг гарлаа гэж хэлж болох уу?
-Үнэхээр хариуцлагагүй ажилласан. Жишээ нь, зөвшөөрөлгүй барьж буй 79 барилгын 53 нь акт хүлээж авч, гарын үсгээ зурсан байхад ажиллуулаад л байж. Хачин байгаа биз.
-Цахилгааныг нь тасласан хэдэн барилга байгаа вэ?
-77 барилгын компаниас ердөө 14-ийнх нь цахилгааныг тасалсан байна.
Тухайн үед Үүл даргын захирамжийг хэрэгжүүлээгүй НМХГ-ын даргыг ажлаас нь чөлөөлж байв. Харин түүнээс хойш зөвшөөрөлгүй барилгуудын хувь заяаг хэрхэх болсон талаар тодорхой зүйл нэг ч дуулдсангүй өнөөг хүрлээ. Ирэх долоо хоногоос нийслэлд тоос, шороо бужигнаж их ажил өрнөх гэж байна. Гэтэл өмнөх замбараагүй газар олголт, барилга байшингаа цэгцэлж амжаагүй өнөөг хүрэв. Сураг сонсоход өнөөх зөвшөөрөлгүй гэсэн барилгуудын эзэд бүгд ээлж дараалан зовлон ярьсаар ашиглалтад оруулахаар болсон гэнэ. Хэрэв тийм бол эдгээр хүмүүст ямар хариуцлага, нөхцөл тавьснаа хотын мээр дуулгах л ёстой.
Эс тэгвээс ирэх намар дахин хэдэн хүний амийг авсны дараа “Зөвшөөрөлгүй байжээ” гэж 200 барилгын жагсаалт гаргаад ч асуудлыг шийдэх боломжгүй. Э.Бат-Үүл даргын тухайн үед хамгийн эхэнд гаргасан зөвшөөрөлгүй 80 барилгын жагсаалт бий. Эдгээрийн хэдийнх нь асуудлыг шийдсэн бэ, мээр ээ. Хэрэгждэггүй захирамж хэнд ч хэрэггүй гэдгийг та сайн ойлгож байгаа шүү дээ.