Венесуэлийн төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байгаа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро сөрөг хүчний төлөөлөгчдийг “Гитлерийн өв залгамжлагчид” гэж нэрлэлээ. “Тэд Гитлерийн Германы еврей хүмүүсийн эсрэг явуулж байсан ажиллагааг санагдуулж байна. Гитлерийг залгамжлагчид Кубын ард түмний эсрэг кампанит ажил өрнүүлж байна” хэмээн Н.Мадуро Баринас мужид мэдэгджээ. Кубын 30 мянган эмч, сувилагч Венесуэльд ажиллаж, тус улсын ядуу ард иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Каракас хариуд нь Кубад өдөрт 100 мянган баррель нефть нийлүүлж байгаа билээ. Сөрөг хүчнийхэн “Эрх баригчид эргэлзээтэй үйлчилгээний хариуд нефтиэ бэлэглэж байна” хэмээн үзэж байгаа аж. Дөрөвдүгээр сарын 14-нд болох Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас Николас Мадуро, сөрөг хүчнээс Энрике Каприлес нар өрсөлдөж байгаа юм. Э.Каприлесийн ээж нь Холокостоос зугтан Польш нутгаа орхисон еврей хүн ажээ.