Б.ЗАЯА, С.ДЭЖИД

Хип хоп холбооны ерөн­хийлөгч, “Дижитал” хамт­лагийн дуучин Ш.Бат­баяр буюу Баа­варын талаар Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Voice” группийн ахлагч С.Баттулга, гитарчин Д.Өлзий-Орших, хамт­лагийн ахлагч Г.Эрдэнэбилэг, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, реппер Gee нарын урлаг соёлын одууд өнгөрсөн баасан гаригт Үндэсний мэдээл­лийн төвд мэдээлэл хий­лээ. Баавар энэ сарын 23-нд Цагдан хорих 461 дү­гээр ангид саатуулагдаж байхдаа их хэмжээгээр түлэгдэж, хэвтэн эмч­лүүлж байгаа билээ. Түү­ний гэмтлийн шалтгааныг олон нийт янз бүрээр тайл­барлах болсон. Ямартаа ч урлагийн хүн эрүүл мэн­дээ­рээ хохирсон явдалд мэргэжил нэгт нөхөд нь гүнээ харамсаж сэтгэлийн дэм өгөхийг зорьжээ. Тэд урлагийн ертөнцөд хийж бүтээснээр нь бус хар мэдээллээр дарж байгаа анд найзынхаа эрүүл мэн­дэд хамгийн ихээр санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Хурал зохион бай­гуу­лагчид Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэс­ний төвийн удирдах зөв­лөлийн гишүүд юм. Баавар ч тус зөвлөлд 2009 оноос хойш идэвхтэй ажиллаж байж. Тэрээр 1999 оноос Дижитал хамтлагийг бай­гуулж, 2001 оноос Монго­лын хип хоп холбооны тэргүүнээр ажиллаж эхэл­сэн юм. Энэ хугацаанд хамтлаг дуучдын 60 гаруй цомог, 40 гаруй бие даасан тоглолтыг зохион байгуул­жээ. Мэргэжил нэгт нөхөд нь ийнхүү ярьж байна.

 

Г.Эрдэнэбилэг:

БААВАРЫН 650 ХОНОГИЙН ХАРЫГ БИШ, 3000 ХОНОГИЙН ЦАГААНЫГ НЬ ХАР

/“Дижитал” хамтлагийн ахлагч/

-Баавар бол новш, Ерөн­хийлөгч, УИХ-ын­хан, хуулийнхан, сэтгүүл­чид, урлагийнхан бүгд новш. Яагаад бид Монгол даяараа новш болчихов. Бидэнд биенээ хайрладаг чин сэтгэл яагаад алга болчихов.Тэгсэн хэрнээ Монгол Улсдаа бүгд хайр­тай гэдэг. Гэхдээ хаанаас хайрлахаа мэддэггүй. Бай­галь дэлхийг хайрлах ёстой ч хамгийн түрүүнд Мон­гол хүнээ хайрлах ёс­той. Бааварыг сүүлийн 10 жил юу хийснийг нь тоо­цож үзье. Тэр 3650 хоно­гийн 650-д нь тамхи татаж, бусадтай маргалдаж, зо­дол­дож өнгөрөөсөн гэе. Харин үлдсэн 3000 хоногт нь дуу дуулж, шүлэг би­чиж, бүжиглэж, хүүхдээ хүмүүжүүлж, ханиа ха­лам­жилж, ээждээ цайны сүү, талхыг нь дөхүүлж өгдөг байсан юм. Бид яагаад 650 хоногийн харыг нь харчихаад 3000 хоно­гийн цагааныг нь хардаг­гүй юм бэ. Тэр хүний  хийсэн зүйлүүдийг нь олж харъя л гэж хэлмээр байна. Сэтгүүлч үзгээ бариад нийтлэл бичихдээ, шүүгч алхаа цохихдоо, хуулийн­хан кнопоо дарахдаа тав­хан минут өөрөө өөртэйгээ яриад үз. Зовох цагт нь бие биенийгээ түшдэг ард тү­мэн, элгэн садантай бай­маар байна.

 

Б.Лхагвасүрэн: ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН ҮНЭН ЗӨВӨӨР ШИЙДЭЭСЭЙ 

/Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн, “Сүнс” хамтлагийн ахлагч/

-Баавар оюуны өмч, уран бүтээлийн эрхийг хамгаалахаар хүчтэй тэмц­дэг дайчин залуу. Манай төвд хоёр удаа улиран сонгогдож амжилттай ажил­лаж байна. Хэлэл­цэж байгаа асуудлыг хоёр­гүй сэтгэлээр шуурхай шийд­дэг, шулуун үгтэй аливаад сэтгэлээсээ ханд­даг, ямар ч ажлаас зайлс­хийдэггүй. Нийгмийн идэвх­тэй уран бүтээлч. Түүний энэ эмгэнэлт ос­лыг хууль хяналтын бай­гуул­­лагууд үнэн зөвөөр шийд­­нэ гэдэгт итгэж байна.

Т.Ариунаа:

БААВАР СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГЭЭР ЯЛЖ ЧАДНА

/Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний тө­вийн удирдах зөвлөлийн гишүүн, Гавьяат жүжигчин/

-Баавар маань хүнд байх ёстой сайхан чана­руудыг төлөвшүүлсэн за­луу. Тиймээс сэтгэлийн тэн­хээгээр энэ бүгдийг ялж гарна гэдэгт итгэж байна. Бид өнөөдөр нэг­нийхээ төлөө үнэн үгийг хэлж чаддаг байх ёстой. Нэгэндээ сэтгэлийн дэм өгөх нь дутагдаад байна. Хүн амьдралдаа өгсөж, уруудаж, зовж зүдэрдэг. Санаандгүй алдаж л бай­даг. Тиймээс түүний ал­дааг харахаасаа илүү ур­лагийн ертөнцөд юу хийж бүтээснийг хармаар байна. Түүний ямар сайн зан чанартай уран бүтээлч болохыг хүн бүр мэддэг­гүй. Энэ нь олон нийт мэдээллийн өлсгөлөн эс­вэл хэтэрхий их хов жи­вэнд дуртай байдагтай хол­боотой болов уу.

 

Л.Энхмандах: АМЬДДАА НЭГНЭЭ ХАЙРЛАЯ

/New star” студийн захирал/

-Урлагийнхны сэтгэл зовниж байгаа асуудал биш Монгол даяар түүний төлөө сэтгэл эмзэглэмээр үйл явдал боллоо. Амьддаа бие биенээ хайрлая гэсэн сайхан үг бий. Нэгнийгээ хайрлаж, урмын үгээр тэт­гэж явах юмсан.

 

Gee:

НЭГНИЙГЭЭ ДЭМЖИХГҮЙ БОЛ МОНГОЛ ХҮН ГЭЭД ЯАХ ЮМ

/Реппер/

-Хүнд унах, босох, дэвэх, нисэх ч үе бий. Унасан үед нь нэгнийгээ дэмжихгүй бол Монгол гэж яваад яах юм. Дай­сандаа ч хүнлэг сэтгэлээр  ханддаг түүхтэй ард түмэн. Ийм хандлагыг залуу­чуудад уриалмаар байна. Нэгнийгээ хайрлах сэтгэл зөвхөн биднээс биш та бүхнээс эхлэх ёстой.