Б.УРАН

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр цаг үеийн тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан боловч АН-ынхан олонхоороо түрий барьж уг асуудыг авч хэлэлцсэнгүй хэмээн хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ талаар НИТХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяртай ярилцлаа.

 

-Та НИТХ-ын хурал­даанд ямар асуудлууд оруулсан талаар тодруулж ярих уу?

-Би НИТХ-ын Хүний эрхийн дэд хорооны дар­гын хувьд иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа асуудлыг анхааралдаа авч судлан үзэж байгаа. Сүү­лийн үед хотын удирдла­гын зүгээс иргэдийн эрх ашгийг зөрчсөн, иргэдийг ялгаварлан үзэж хохироох байдал хавтгайрч байгааг олон иргэд ярьж гомдол, саналаа Хүний эрхийн дэд хороонд ирүүлж байна. Эдгээр олон асуудлыг суд­лан үзээд давын өмнө шийдвэрлэх шаардлагатай дараах асуудлуудыг би хуралдаанд оруулсан. Үүнд, Иргэд аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж, ашиглаж буй газруудыг ялгавартайгаар хурааж, цуцалсан тухай асуудал. Нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаа асуудал, НИТХ-ын өө­рийнх нь эрх зүйн чадам­жийн асуудал, гэр хороол­лын амины орон сууц­жуу­лах хөтөлбөрийн хэ­рэг­жилт, 2012 оны Нийс­лэ­лийн төсвийн тодотго­лын тайланг хэлэлцэх эд­гээр таван асуудлыг НИТХ-ын ээлжит хурал­даанаар авч хэлэлцэх зайлшгүй шаардлага бай­гаа гэж НИТХ дахь МАХН, МҮАН-ын “Шуд­рага ёс” эвсэлийн бүлэг үзэж байгаа.

-Таны оруулсан энэ асуудлыг НИТХ яагаад авч хэлэлцсэнгүй вэ?

-2012 оны НИТХ-ын сонгуулиар АН олон ам­лалт авч иргэд сонгогчдыг хошгируулсаар, санал тоол­дог хар машинтай хав­сайдаж олонх болсныг бүгд мэдэж байгаа. Сон­гуулийн үед сонгогчдод амалсан амлалтуудаа бие­лүүлэхээр ажиллах ёстой АН-хан бүх зүйл дээр хү­чээр түрий барих өөрсдийн эрх ашгийг гол болгодгийн тод жишээ нь дээрхи асууд­лыг авч хэлэлцэхгүй байгаа явдал юм. Эдгээр асуудлыг авч хэлэлцвэл тэдний өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлүүд яригдах учир ийнхүү ол­ноо­роо дайрч давшилж, хүчээр боймлох арга хэ­рэг­лэж байгаад их харам­саж байна. Ер нь Нийс­лэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон тэдний алба­туудын сүүлийн үед хийж байгаа үйлдэлүүд нь хууль зөрчсөн хүний эрхийг хо­хи­роосон,  ялгаварлан гадуурхсан хэлбэрээр өд­рөөс өдөрт улам даамжирч байна. Тэдний хална соли­но, нураана хураана, хо­риг­лоно хязгаарлана гэсэн уриа тунхаг,  уулгалал дээрэмдлэг нь хэрээс хэ­тэрч байна. 2013 оны гу­равдугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийс­лэлд газар эзэмшиж ашиглаж байсан 105 ир­гэд, аж ахуйн нэгжийн эрхийг хүчингүй болголоо. Энэхүү шийдвэрийг гар­гахдаа иргэдийг ялгавар­лан үзсэн нь илэрхий бай­гаа. Яагаад ингэж хэл бай­на вэ гэхээр маш олон жил ярьж байгаа олигарахууд хүүхдүүдээс булааж авсан Паркийн газрын асуудлыг огт ярихгүй зориудаар ор­хиг­дуулсан байна. Пар­кийн газрыг АН-ын гарал­тай олигарахууд санхүү­жүү­лэгчид нь хувааж ав­са­ныг хэн хүнгүй мэдэж байгаа.” Бодь групп”, “MCS групп”, “МОН Уран”, “SEOUL” гэх мэт­чилэн баячууд хүүхдийн паркийн газрыг хувааж авсан. Нийслэлийн Засаг дарга нийтийн эрх ашгийг үнэхээр хүндэтгэж, хууль хэрэгжүүлэх гэж байгаа бол энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэх ёс­той. Түүнээс гадна Улаан­баатар хотын ундны усны эх үүсвэр дээр олгогдсон Дүнжингаравын асуудал, Туул голын эрэг дээр Ор­гил рашааны аман дээр байгаа Э.БатҮүл даргын нэр нь холбогдоод буй хүмүүсийг “Эрдэнийн тө­гөл”-ийн асуудал ч яриг­дах ёстой.

-Төрийн албан хаагч­дыг хоморголон халж байна гэж та хэллээ. Бодитой, баримттай жишээ байгаа юу?

-Жишээ баримтыг зөв­хөн би хэлэхээс гадна та ч мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 1937 оны улс төрийн хэлмэг­дүү­лэлтэнд өртөөгүй өрх бүл Монгол бараг байхгүй гэж нэг газар уншиж байсан  санаанд орж байна. Өнөө­дөр яг ийм л явдал болж байх шиг байна. Монгол­чууд цөөхөн, та бидний эргэн тойронд өрнөж бай­гаа асуудал шүү дээ. Тө­рийн албанд ажиллаж бай­гаа мэргэшсэн чадварлаг хүмүүсийг хэдэн зуу, мян­гаар нь халж сольж байгаа нь хэнд ч нууц биш. Тө­рийн алба ажилд ганцхан шалгуур байгаа нь тэр хүн АН-ын гишүүн болон тэд­ний хань хамсаатан, ха­маа­тан садангууд байх явдал болоод байна. Нийс­лэлийн газар агентлаг, дүүргүүдэд нэг өдрийн дотор хэдэн арваас эхлээд хэдэн зуугаар нь ажлаас халдаг явдал хэвшил болох хандлагатай байна. Аж­лаас халагдсан хүмүүсийн оронд АН гаралтай “нян­гар”-ууд шахагдаж чихэг­дэж ажилд орж байна. Тэд төрийн ажлын туршлага­гүй, нийтийн эрх ашгийн төлөөх сэтгэлгүйн дээр бусдыг үл тэвчих хүмүү­жилтэй жинхэнэ комму­нист арга барилтай хүмүүс шүү дээ. Аман дээрээ ард­чилал ярьдаг, ачир дээрээ коммунист – фашист арга, зарчмаар ажиллаж байна гэхэд буруудахгүй байхаа. 

-НИТХ хуралдаанаа хийгээд ажил нь жирийн явж байгаа юм биш үү. Та яагаад эрх зүйн чадамжгүй гэж үзэж байгаа юм бэ?

-Өнөөдөр НИТХ-д Ард­чилсан нам 26 төлөө­лөлтэй. Тэдний 19 нь нийслэлийн газар алба, агентлагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирд­лагад ажиллаж байна. Засаглал хуваах ардчилсан зарчим алдагд­сан, Хурал иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадваргүй болсон. АН сонгуульд орохдоо “Бүүр олуулаа” гэсэн уриатай байсныг би санаж байна. Өнөөдөр НИТХ дахь АН-ын төлөөллүүд өдрөөс өдөрт бүүр цөөхүү­лээ болдог болоод байна. Учир нь өдрөөс өдөрт, хурлаас хурлын хооронд аль нэг төлөөлөгч нь ямар нэгэн дарга болдог. Ин­гээд хуралдаа суудаггүй. Зөвхөн өөрийнх нь ажил­лаж байгаа газар агент­лагтай холбоотой асуудал ярих болвол хуралдаа сууж, өөрсөддөө зориул­сан шийдвэр гаргуулдаг байдал хавтгайрсан. Тэр ч байтугай Нийслэлийн Засаг даргын 6 орлогчийн 4 нь НИТХ-ын төлөөлөгч байгаа юм. Нийслэлийн иргэдийн эрх ашигтай холбоотой чухал асуудал ярих үед Нийслэлийн За­саг дарга нь ч хуралдаа суудаггүй болоод байна. Сүүлчийн хоёр удаагийн хуралдаанд Э.Бат-Үүл  дарга өөрөө оролцоогүй. НИТХ дөнгөж 50 гаруйхан хувийн ирцтэй хуралддаг болоод удаж байна.

-Энэ асуудлуудыг засаж залруулах ямар боломж байна  гэж та үзэж байна вэ?

-Засах залруулах зайлш­гүй шаардлагатай гэдэг дээр ихэнх хүмүүс санал нэгдэх байх. НИТХ-д нийтдээ гурван нам эвс­лийн бүлэг байгаа АН-хан иргэдийн эрх ашиг, хууль ёсыг дээдлэх ёстой, сон­гуулийн үед амласан ам­лалтуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. НИТХ дахь цөөнх хяналтаа бодитой тавьж, иргэд сонгогч­той­гоо нягт хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Жишээ нь АН нийс­лэлийн гэр хорооллыг тохилог амьны орон суу­цаар хангана гэж амалсан. Цэвэр бохир усны шугам хоолойг хашаанд нь хүр­гэж өгнө, иргэд өөрсдийн боломж чинээгээрээ өөрс­дийн зураг төслөөр байр байшингаа барих болом­жийг хангана гэсэн. Одоо тэгтэл аль ашигтай байр­лалыг сонгож аваад иргэ­дийн газрыг булаан авч эхэллээ. Дахин төлөвлөлт гэсэн сайхан нэрээр далд­лан, орон сууцны нийтийн хороолол барих явцад АН-ын угшилтай, тэдэнтэй санхүүгийн холбоотой ком­паниудыг төсвийн санхүүжилтээр ажилтай болгох төлөвлөгөө хэрэг­жиж эхэллээ гэж хардахад хүргэж байна. 2012 оны Нийслэлийн төсвийн то­дот­голыг хоёр удаа хэлэл­цэж баталсан байдаг. Хам­гийн сүүлчийн удаа 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр НИТХ-аар төсөвт тодотгол хий­сэн. Төсвийн жил дууса­хаас хоёр сарын өмнө маш том дүн бүхий төсөв батал­сан. Үүний зарцуулалтын тайланг авч хэлэлцэн ир­гэд­дээ мэдээ­лэх учиртай гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Би НИТХ-ын Хү­ний эрхийн дэд хорооны даргын хувьд эдгээр асууд­лыг хуралд оруулсан юм. Цаашид эд­гээр асууд­лыг судлан бо­ловсруулж,  иргэд сонгогчид, хурал дахь нам эвсэлийн бүл­гүүд­тэй аж­лаа уялдуулах замаар ир­гэ­дийнхээ эрх ашгийг хам­гаалж ажил­лана. Али­ваа асуудлаар гомдол са­нал бүхий иргэд сонгогчид НИТХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандаж хам­тарч ажиллахыг урьж байна.

-Тантай уулзаж санал хүсэлт, гомдлоо хэрхэн гаргах боломжтой вэ?

-НИТХ дахь “Шу­дар­га ёс” эвсэлийн бүлгийн ажлын алба болон Хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр надтай 88858686, 91161437, 310428  утсаар холбогдож, хамтран ажиллаж, эрхээ хамгаалах боломжтой.