З.ХҮРЭЛ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дүүргийн шүүхээс долоон жилийн хорих ял оноож, дөрвийг нь биеэр эдлүүлэх шийдвэр гаргав. Удахгүй Нийслэлийн шүүх уг хэргийг хэлэлцэнэ.
Хэрэг ч гэж дээ, угаас захиалгатай, шүүхийн шийдвэр нь аль эрт бэлэн болчихсон байсныг монголчууд гурван өдөр үргэлжилсэн шүүх хурлаас хангалттай харсан.
Мэтгэлцээнгүй шүүх хурлаар нотлох баримтгүй хавтаст хэргийг тойрч баахан ярьж байгаад эцэст нь баахан хуулийн заалт, хорих ял болоод явчихсан л эд. Хөөрхий, прокурор Ё.Сагсай гэдэг хүн л хамгийн их зовсон байх. Н.Энхбаярыг буруутгах ёстой байдаг. Буруутгах үндэслэлийг нь мань хүн шүүгч нарт “олж өгөх” ажилтай байдаг. Юм олддоггүй. Зовсоон, зовсон.
Эцэст нь С.Соёмбо-Эрдэнээр ахлуулсан гурван шүүгч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хорих ял оноосон.
Шүүх байгууллагыг олны нүдэн дээр ийн хүчгүйдүүлж, шүүхийн тогтолцоо ингэтлээ доройтчихсон юм байна гэсэн сэтгэгдлийг ард түмэнд төрүүлэн байж ял оноосны цаад шалтгаан юу байв?
Энэ ажлын бэлтгэл болгож эрх баригч асангуудын мэдлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярыг “харлуулах” бараг л тусгай операци явагдсан гэхэд болно. Н.Энхбаяр авлигын хаан гэнэ үү, загалмайлсан эцэг гэнэ үү, айхтар том “цол” олгож, бүхнийг захирдаг дарангуйлагч мэтээр нийгэмд “таниулах” ажиллагаа системтэйгээр явагдаж байв. Энд тэндгүй төлбөртэй нийтлэл, нэвтрүүлэг цацаж, дайралт хийж байсан нь өдгөө сонины шарласан хуудсууд, телевизээр нэвтрүүлгийг үзсэн олны тархинд хадгалаастай үлджээ.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараа МАХН-ын нэрийг сэргээн улс төрд хүчтэй орж ирсэн цагаас нь энэ ажиллагаа улам бүр идэвхижсэн. Энэ нь хэсэг бүлэг хүний “эрх ашиг”-т халдсан явдал болсон тул эцэстээ ямар нэг аргаар “далд хийж”, дуугүй болгох аргыг хэрэглэхэд хүргэсэн нь энэ ажээ.
Улс төрийн гуравдагч хүчин болсон нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын төрийн хамгийн өндөр бүх албыг хашсан цорын ганц хүн. Ерөнхий сайд, УИХ-ын дарга, улмаар Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд тэр улс төрөөс ангид байж, завсарлаж байсангүй. Тэр утгаараа, Н.Энхбаярыг Монгол төрийн “хар хайрцаг” хэмээн үзэх учиртай.
Сүүлийн арав гаруй жилийн тасралтгүй хугацааны төрийн бодлого Н.Энхбаяртай салшгүй холбоотой. Ингэж үзвэл, Н.Энхбаяр өнөөдөр шоронд бус Төрийн тусгай хамгаалалт, хангамжинд ажиллаж, амьдарч байх учиртай аж.
Гэвч тэгсэнгүй. Яаж ийж байгаад шоронд хийж орхив. Чухамдаа энэ бол үндэсний эрх ашиг бус цөөн хэдэн хүний улс төрийн сонирхол гэдэг нь тов тодорхой.
Энгийнээр ойлговол, Н.Энхбаяр улс төрд дахин хүчтэй гарч ирсэн, ард түмэн түүнийг ингэтлээ дэмжсэн нь хэнийг “хохироох” вэ гэдгээс л бүх зүйл илэрхий. Н.Энхбаяраас айх шалтгаантай хүмүүс өмнөх хийгээд өнөөгийн төрд байсан, байсаар байгаа.
Н.Энхбаярт хамгийн их өсөрхөн, түүнийгээ нууж ч чадахаа больсон эрхэм бол Ц.Нямдорж. Хууль зүйн сайд тэрээр Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг намын зарим даргынхаа хамт удирдсан гэдэг. Харин маргааш нь огт мэдээгүй хэмээн жуумалзан зогссон нь үнэн.
Тэрээр Ерөнхийлөгч асныг урьдчилан хоригдоход ШШГЕГ-т амралтын өдрөөр очиж, албан хаагчдыг нь дуудаж ажиллуулж байв. Өнгөрсөн бямба гаригт мөн л тус газрын удирдлагуудыг “түргэн” авахуулсан байна. Н.Энхбаярыг хоригдсон үеийн амралтын өдрөөр Шүүхийн шийдвэрийнхнийг цуглуулж, чухам ямар үүрэг даалгавар өгч, тушаал шийдвэр гаргадаг нь сонин.
Юутай ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хорих ял авсан нь Ц.Нямдоржтой ямар нэгэн сэжмээр холбогддог. Өдгөө тэр нэг танхимд хамт сууж буй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг шоронд хорихоор улайран зүтгэж эхлээд байна. Хэдхэн хоногийн өмнө цагдаа, шүүхийн шийдвэрийнхэнд “З.Баянсэлэнгийг буруутгаж болох бүх баримтыг цуглуулж өг” хэмээн үүрэг өгсөн тухай эх сурвалж хэлж байна.
Н.Энхбаяр анх 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд баривчлагдсан. Энэ өдөр “Долдугаар сарын 1”-ний хэргийн талаар ноцтой баримт дэлгэсэн байдаг. Энэ нь түүний баривчлагдах шалтгаан болсон тухай учир мэдэх хүмүүс өнөө хэр нь ярьж л байна.
“Долдугаар сарын1”-ний хэрэгтэй холбоотой буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дэлгэсэн баримтад эрх баригчдаас олон хүний нэр дурдагдсан байдаг. Тэрхүү хурлын протокол нь зөвхөн энэ хэргийн тухай бус, өөр олон хэргийг ил болгох ноцтой баримт байсан аж. Чухам энэ л Н.Энхбаярыг “дуугүй” болгож, олон нийтээс тусгаарлах бодит шалтгаан болсон гэдэг.
Түүнчлэн Монголын төрийг олон жил тасралтгүй удирдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан Н.Энхбаярын толгойд болон түүнд бодитоор олон баримт хадгалагдаж байдаг аж. Хэн, хэрхэн ажиллаж байсан, хэний эрх ашгийг хамгаалж байсан, улс төрд ямар замаар явж ирсэн зэргийг Н.Энхбаяр хамгийн сайн мэднэ.
Мөн ганцхан жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ албан тушаалаас 2009 онд бууснаас хойш улстөрчийн рейтинг нь тооцоолох аргагүйгээр өссөн Н.Энхбаяр энэ сонгуулийг “сонирхогчдын” хувьд хүчтэй өрсөлдөгч. Энэ бас л Н.Энхбаярыг “намналцах” нэг шалтгаан.
Тийм ээ, тэр дэндүү ихийг мэднэ. Монгол төрийн хийгээд төрд амьдрагчдын “амьд хар хайрцаг” юм.
Эх сурвалж: Зууны мэдээ