Өөрөөс нь

Д.МЯГМАР

Барилгын олс, тасарч,  лифт кран унаж ажилтан нь амиа алдлаа гэсэн мэдээллийг дуулсаар чихэнд дасал болж байна. Гэтэл одоо нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулахаар хотын мээрийн өгсөн үүргийн дагуу рекламны самбар буулгаж байсан залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа Монголын бүх салбарт алдагдсаныг сүүлийн үед гарч байгаа осол, хэргээс харж болно. Нийслэлд 274 аж ахуйн нэгж, иргэний 2180 самбар байгаагаас 921 нь авто замын хөдөлгөөнд саад учруулдаг тул буулгах шаардлагатай гэсэн. Самбарыг буулгаж байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй нөхцөлд ажиллах боломжийг хангаагүйгээс хүний амь сүйдэж байна. Энэ талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог, хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.

 

-Нийслэлд байгаа зарим сурталчилгааны самбарыг буулгах шийд­вэрийг хотын дарга гаргасан. Шинэ ажлыг хэрэгжүүлж эхэлтэл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдаж хүний амь эрсэдлээ. Танайхаас заавар, зөвлөмж өгч байсан уу?

-Энэ ажлыг эртнээс ярьж өнгөрсөн арван­хоёрдугаар сарын сүүл­чээс эхлэн самбар эзэм­шигчидтэй гурван ч удаа уулзалт хийсэн. Манай­хаас энэ сарын 22-ны дотор хориглосон газарт буй самбаруудыг буул­гахыг шаардаж тухайн аж ахуйн нэгж, иргэдэд мэдэгдэл хүр­гүүл­сэн. Тухайн компаниуд заасан хугацаанд сам­бараа буулгахгүй бол ЗАА-наас албадан буулгуулна. Самбар буулгахдаа хө­дөлмөрийн болон тех­никийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллахыг манайхаас сануулж, сэрэмжүүлсэн. Мөн дээрх байдлыг хангаж чадаагүй бол түүнээс үүдэн гарах үр дагаврыг тухайн ажлыг гүйцэтгэгч болон самбар эзэмшигч бүрэн ха­риуцахыг сануулж гэ­рээндээ тусгасан. Самбар буулгах ажлыг зохион байгуулж, хяналт тавих ажлыг тухайн дүүрэгт нь хариуцуулсан.  

-Самбаруудыг буулгах зардлыг хаанаас гаргаж байгаа юм бол?

-Энэ ажилд төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Тухайн компаниуд өөрийн зард­лаараа самбарыг буулгах ёстой. Хэрэв заасан хуга­цаанд самбарыг буул­гаагүй бол дүүргүүд ийм ажил хийдэг компа­ниудтай гэрээ хийж гүй­цэтгүүлэх юм. Тэд ажлын зардлаа гаргаж манай хэл­тэст өгнө. Бид буцаагаад самбар эзэмшигч компа­ниас тухайн ажлын зардлыг нь нэхэмжлэн гаргуулах юм.

-Самбар буулгаж байгаад 25 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

-”Хас” банк өөрийн эзэмшлийн самбараа буулга­хаар “Их харанга” компаниар ажил гүйцэт­гүүлсэн юм билээ. Гэрээ байгуулж байх явцад ажлаа эхлүүлж хөдөл­мөрийн аюулгүй байдал алдагдаж тийм харам­салтай хэрэг гарчээ. Тухайн хоёр компани ха­риуцлага хүлээх ёстой. Сануулсаар, хэлсээр бай­тал ийм хэрэг гарчихлаа. Бид Хас банкны тодорхой албан тушаалтантай ярил­цаж хариуцлага хүлээх ёстойг нь сануулсан. Цаашдаа ч анхаарал болгоомжтой ажиллахыг санууллаа. 1000 орчим самбарыг буулгах ажил бий. Тиймээс энэ ажлыг хариуцан хийж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, самбар эзэм­шигч байгууллагуудад хөдөлмөр, техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг дахин сануулмаар байна.