Хэн нь хэн бэ?
Ч.ЗОТОЛ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хоёр дэд сайдтай. Салбар нь том, хариуцах асуудал ч олон учраас өмнөх Засгийн үеэс бүтцийг нь ийнхүү тогтоосон бөгөөд өдгөө хэвээр байна. Тэнд Засгийн тоонотод толгой, тостой тогоонд хошуу холбосон намууд өөрийн төлөөллийг оруулж ирэх учиртай юм. Тэр жамаар энэ удаа тус салбарын сайд Х.Баттулгын хоёр дэд сайдын нэгээр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн квотоор Б.Цогтгэрэл томилогдсон. Нөгөө дэд сайдаар нь АН-ын гишүүн, өмнө нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханы ажлын албыг ахалж байсан Ц.Туваан очсон.
Чингис хааны “Эр хоёр загал”-ын домгоос иш татвал эрхэм салбарын сайдын хөдөө хөхөрч, гадаа гандах их ажлыг нь нугалалцах баруун, зүүн гар нь тэрхүү хоёр дэд сайд болж таарна. Гэхдээ Б.Цогтгэрэл Х.Баттулгатай нэг намынх биш. Нөгөөтэйгүүр, салбарын сайдын эзгүйд нам нэгт дэд сайд Ц.Туваан ахалдгаас үзвэл Б.Цогтгэрэл Х.Баттулгын зүүн гар болж таарна.
Тэр өмнө нь ҮШН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Нам нь нэрээ сольж МҮАН болоход дэд дарга болсон. Боловсон хүчин цөөнтэй МҮАН-д чадалтай улстөрчийнх нь нэг. Бас намдаа үнэнч нөхөр. Тиймдээ ч МҮАН-ын төлөө олон жил зүтгэсэн. Сонгуульд ялж ялагдсан ч нам сэлгээгүй, үзэл бодлоосоо ухраагүйг нь журмын нөхөд нь ихээхэн үнэлдэг юм билээ. Ямар боловч “Хүнд хэцүү цаг үед урваагүй” хэмээн М.Энхсайхан дарга нь тодотгосон байх вэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд болоход нь ч зарим хүн “М.Энхсайхан Б.Цогтгэрэлийн ачийг нь хариулж чадлаа” хэмээн жиргэсэн нь тийм учиртай.
Б.Цогтгэрэл эдийн, засагч, хуульч мэргэжилтэй. “Ажнай” корпораци, Шадар сайдын улс төрийн зөвлөх зэрэг албан тушаалыг хашиж байсныг тэр болгон мэддэггүй юм билээ. Харин Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байснаараа хүмүүст илүүтэй танигдсан. Мөн Сонгуулийн хуулийг хэд хэдэн асуудлаар цэцэд өгсөн нь анхаарал татаж байв. Шуугиан тарьсан бас нэг асуудал нь тэрээр өөрийн цахим хуудаст экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсан явдалд дүгнэлт өгсөн нь байв.
Тэр шаггүй боловсролтой, аль салбарт хөрвөх чадвартай улс төрч. Ийм учраас Сангийн дэд сайд болох гэнэ, Эдийн засаг, хөгжлийн яам руу очихоор болжээ, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг сонирхож байгаа гэнэ гэх мэдээлэл гарч байсан юм. Харин эцэст нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдсон.
Өөрийнх нь хэлж буйгаар түүнд хаа нэгтээ оччихъё гэсэн санаа бодол байгаагүй гэнэ лээ. Гэхдээ аль нэг салбар аваад явъя эсвэл Үйлдвэр Хөдөө Аж ахуйн яаманд дэд сайдаар очмоор байна, бүр болохгүй шиг бол Зам тээврийн дэд сайд болъё өөр газар очихгүй гэдгээ намынхандаа түс тас хэлчихсэн байсан гэсэн. Тэр дотроос Х.Баттулгын зүүн гар болох сонирхол түүнд маш их байсан гэнэ. Учир нь тус салбарын өмнө байгаа проблемыг очихоосоо өмнө олж харсан байж. Бас хэрхэн яаж шийдэж болох вэ гэдгийг ч төсөөлж байсан. Нөгөөтэйгүүр, Монголчууд хоосон улс төржиж, ахуй амьдралаасаа холдоод байгаад эмзэглэж байсан гэсэн. Шуудхан хэлэхэд энэ яамны ажил яаж явахаас монголчуудын ажил амьдрал ихээхэн шалтгаалах учиртай. Ийм амин чухал үйл хэрэгт зүтгээд үзье гэсэн санаа үндэсний үзлээс нь үүдсэн биз.
Өдгөө тэрээр Х.Баттулга сайдынхаа бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлэх гэсэн бодлогыг ойлгож, ихээхэн дэмжиж байгаа юм билээ. Хамт ажиллах гэж хүссэн нь ч үүнтэй нь холбоотой болов уу. Б.Цогтгэрэл ийнхүү нэг талаас МҮАН-ын дарга М.Энхсайханы баруун гар, нөгөө талаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, АН-ын МоАХ фракцийн толгойлогч “Женко” Х.Баттулгын зүүн гар болон зүтгэж явна.