Д.Оюун
НИТХ-ын төлөөлөгч С.Ононбаяр өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр нийслэлийн Засаг даргын ам ажил алд дэлэм зөрүүтэй байгаа талаар мэдэгдсэн юм. Тэрээр “Нийслэлийн ИТХ-ын чуулганаар метро байгуулах чухал асуудал хэлэлцэх гэж байхад хотн мээр Э.Бат-Үүл байхгүй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон асуудлыг хэлэлцэх гэж байхад ирц дөнгөж 50 хувьтай байгаа нь НИХТ ямархуу чадамжтайг харуулж байна.
Бид бүтээн байгуулалтын баахан тогтоол шийдвэрийг гаргасан. Гэвч энэхүү тогтоол шийдвэрийн талаар мэдээлэл өгөөч гэсэн боловч өнөөдрийг хүртэл Засаг даргын харьяа агентлагууд надад ямар ч хариулт өгөлгүй “Засаг даргаасаа ав” гэж хэлээд зүгээр сууж байна. Өнгөрсөн намар нийслэлд 80 барилгыг хууль бусаар барьсныг тогтоож, нураах тогтоолыг гаргасан. Тэр тогтоолын биелэлт өнөөдөр ямар хувьтай яваа юм бол гэж Э.Бат-Үүл даргаас асуумаар байна. Хотын дарга байж юм л бол нураана, хураана, хална, солино гэж яриад байгаа энэ ямар учиртай юм бэ. Би НИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд оруулах асуудлууд зөндөө байна. Энэ сард 105 аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг Э.Бат-Үүл дарга гаргасан. Түүн дээр нь нэмж зөвшөөрлийг нь цуцлах хэд хэдэн газар байгаа.
Бид олон жил ярьж байгаа хүүхдийн паркын газрыг чөлөөлөх асуудал, “Эм Си Эс” компани, “Мон-Уран”, “Бодь групп”-ын ундны усны эх дээр барьсан Дүнжингарав худалдааны төвийн газрыг яаж чөлөөлөх гэж байгаагаа юм бол. Туулын эрэгт баригдсан “Эрдэнийн төгөл” хотхоны газрыг хэзээ чөлөөлөхөө хэлж болох уу. Энэ асуудлыг чуулганы хэлэлцэх асуудалд оруулмаар байна.
Өнөөдөр нийслэлийн ажлын албанд ажилладаг олон иргэнийг хууль бусаар хомроголон халж байна. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт 200 гаруй албан хаагч, ажилтан халагдсан. Та бүхэн “Ажилтай, орлогтой Монгол хүн”-ийг бий болгоно гэж нийслэлийнхэнд амлаж НИТХ-д суудал авсан. Гэтэл амлалтаа биелүүлэлгүй “Ажилгүй, орлогогүй Монгол хүн”-ийг бий болгоод байна.
Сургууль цэцэрлэүүдийн захирал, эрхлэгч нарыг ажлаас халж байна. Энэ бүхний учрыг Нийслэлийн Засаг даргаас асуумаар байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хүнийг ажлаас нь халж хэдэн хүнийг ажилтай болгосноо иргэдэд тодорхой хэлээд өгөөч. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж тэдэн рүү чиглэсэн ажлыг хийнэ гэж гарч ирчихээд өнөөдөр улс төр хийж, иргэдийнхээ эрх ашгийг ноцтойгоор зөрчөөд сууж байна.
НИТХ өнөөдөр эрхзүйн чадамжгүй болсон. Учир нь НИТХ-ын хурлын 45 төлөөлөгчийн 19 нь өнөөдөр нийслэлийн аль нэг харьяа газар агентлагийн дарга болчихсон сууж байна. Хувилаад үзэхээр 40 хувь болж байна. Ийм байж бид яаж үнэн зөв шийдвэр гаргах юм бэ. Ардчилсан нам анх НИТХ-д нэр дэвшихдээ гэр хорооллыг дулааны шугамд холбож тохилог таун хаустай болгоно гэж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр иргэдийн газрыг хурааж аваад орон сууцны хороолол болгох гээд амласнаасаа өөрөөр ажиллаад байна. Гэр хорооллын ашигтай байрлалыг нь холбоод ашиггүй газруудыг нь хаяад орхиод явж байна. Эдгээр асуудлаар тодорхой хариултыг би Э.Бат-Үүл даргаас авмаар байна” хэмээн мэдэгдсэн юм.