Б.ЭНХЗАЯА

Ой хээрийн түймэрт өртөөд байдаггүй говийн бүсэд үер усны аюул тулгарах нь бий. Түүний дээрээс сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт, ялангуяа Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжсөнөөр осол гэмтэл нэмэгдсэнийг аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид дуулгав. Өмнийн говийн ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалж яваа Тэдний ажлын нэгээхэн хэсгийг сурвалжилснаа хүргэе.

 

7-8 СУМАНД СУРГАЛТ ЯВУУЛДАГ

Өмнөговь аймагт гал унтраах ангийг 36 жилийн өмнө байгуулжээ. 2003 оны зургадугаар сард УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хууль батласнаар Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх алба, Улсын нөөцийн газар нэг­дэн Гамшгаас хамгаалах штаб байгуулсан байна. Хоёр жилийн дараагаас буюу 2005 онд Онцгой байдлын хэлтэс болон өргөжжээ. Одоо тус хэлтэс Улсын нөөцийн салбар, аврах гал унтраах 21 дүгээр ангийн нийт 42 албан хаагч аймгийнхаа 56 мянга гаруй иргэнийхээ амь нас, эд хөрөнгийг хам­гаалах үүргийг гүйцэт­гэж явна. Харин таван албан хаагч  Өмнөд Су­данд энхийг сахиулахаар энэ сарын 6-нд морджээ. Хамт олны дундаас анх удаа олон улсын энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа энэ гэнэ. Өмнөговь аймгийн онцгойгийнхон орон нутагт гамшгаас хамгаалах урьдчилан сэр­гийлэх, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааг орон нутгийн онцлогт то­хируулан ажиллаж буйгаа орлогч дарга, ахмад Д.Гантулга онцолсон юм. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ нутагт гэнэтийн осол гарах тохиолдол цөөнгүй. Гамшгаас хамгаалах сур­галтыг үр дүнтэй явуулж чадсанаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол гараагүйг тэд хэлж байв. Аймгийн нутаг дэвсгэрт газрын баялаг олборлож буй 10 гаруй уурхай байдаг бөгөөд зарим компани нь аврах бүлэгтэй. Тиймээс аймгийн Онцгой байдлын хэлтсээс аврах бүлгүүдтэй жил бүр гэрээ байгуулж, гамшгаас хамгаалах сур­галт семинар зохиож ир­жээ.

Түүнчлэн жилд 7-8 суманд энэ төрлийн сургалт явуулдгаас гадна байгууллага иргэдийг хам­руулсан гэнэтийн ослын үед өөрийгөө болон бусдыг аврах сургуулилт хийдэг байна.

 

ГАМШГААС ХАМГААЛАХ ЦОГЦОЛБОР БАЙГУУЛЖЭЭ

Аймгийн Гал унтраах ангийнхан дөрвөн ээл­жээр үүрэг гүйцэтгэдэг. Долоон хүний бүрэлдэ­хүүнтэй аврах бүлэгтэй, усчин аврагч, химичин аврагч, аврагч гал сө­нөөгчид бий. Гал түймрээс эрдэнэт хүний амь нас аварсан гурван албан хаагч онц гал сөнөөгч цол­той. Албан хаагчдаа ОБЕГ-ын харьяа Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд мэргэшүүлж авдаг байна. Онцгой байд­лын­ханд хүний амь, нас эд хөрөнгийг авран хам­гаалах нь тэдний хамгийн том гавьяа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Бусдын амь нас, эрүүл мэндийг хам­гаалах тангараг өргөсөн эрчүүд нийгэмд тустай үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж эхэлснийг нутгийнхан сайшаадаг юм билээ. Өнгөрсөн 2010 оны зудын үеэр малчдад туслах аян өрнүүлж байсан. Мөн Гурвантэс суманд гамш­гаас хамгаалах сан бай­гуулж амжжээ. Тухайн орон нутагт гэнэтийн осол, гамшиг нүүрлэхэд сангаас зарцуулах хэмжээний хө­рөнгө цуглуулсан байна. Орон нутагт анх удаа гамш­­гаас хамгаалах сур­галтын цогцолбор бай­гуулснаа хэлтсийн орлогч, ахмад Д.Гантулга ба­хархан ярив. Тэрээр 2010 онд говийн бүсийн гамш­гаас хамгаалах цог­цолбо­рын барилгыг эхлүүлж, өнгөрсөн оны зургадугаар сард нээлтээ хийсэн бай­на. Энэ үеэр гал унтраах техникийн олон төрөлт уралдааныг амжилттай зохиожээ.  Үүгээр Өмнө­говь аймгийн Онцгой байд­лын хэлт­сийнхэн өнгөрсөн ам­жилтуудаа ахиулж, 2011 онд улсын хэмжээнд тэргүүн байрт шалгарч байснаа албан хаагчид бахархан ярив. Тэд ам­жилтаа алдалгүй өнгөрсөн онд ч дэд байрт шалгарчээ. 

 

ОРЧИН ҮЕИЙН АВРАХ БАГАЖ, ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАДАГ

Өмнийн говьд бусад орон нутгаас хавьгүй амгалан тайван байдаг бололтой. Онцгой байд­лынханд аврах багаж хэрэгсэл дутмаг гэх хүн байдаг ч Өмнөговь айм­гийн онцгойгийнхонд энэ талаар санаа зоволтгүй гэнэ. Энэ талаар Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад Д.Гантулга “Гол­ланд улсад үйлдвэрлэгдсэн гамшгийн үед хэрэглэх сүүлийн үеийн багаж хэрэгслийг орон нутгийн дэмж­лэг­тэйгээр авч чадсан. Харин 1974 онд үйлдвэрлэсэн гал унтраах шуурхай албаны авто­маши­­ныг солих шаард­лагатай” гэв. Хэ­дийгээр амжилт бүтээлтэй ажил­лавч тулгамдаж буй асуу­дал үүгээр дуусахгүй бай­гаа гэнэ. Уул уурхайн хөг­жихийн хэрээр Цогтцэ­ций, Гурвантэс, Ханбогд суманд хүн амын нягтар­шил их болжээ. Цогт­­цэций суманд 20 мянга орчим хүн ам суурьш­сан байна. Нягтар­ших хэрээр техник технологитой хол­боотой осол нэмэгдэж бай­гааг дуулгалаа. Ялангуяа хүнд даацын авто тээв­рийн хэ­рэгсэл осол гаргах болсон байна. Тиймээс тус сумуудад гал унтраах анги байгуулах шаардлагатайг онцолсон юм.