Б.ЭРХЭС
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг томилох чуулганы хуралдаан гишүүдийн саналаар үргэлжилж, багагүй маргаан мэтгэлцээн өрнүүлсэн юм.
Уг нь Ц.Нямдорж сайд Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Алтанхуягаас Ардын намын сонгуулийн амлалт 1.5 саяыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэх тухай Оюутолгойн хувийг 51-ээс дээш болгож Тавантолгойг бүхэлд нь ард түмний мэдэлд авах ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асуусан. Ингэхдээ Сангийн сайд асан С.Баярцогт, нэгэн цагт нэг намын журмын нөхөд байсан Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар руу дайрч, хэл амаар доромжилсноор, хэлүүлсэн гишүүд нь ч дуугүй суусангүй. Тухайлбал,

С.Баярцогт:
-Засгийн газрын гишүүн байсан хүн үүнийг нэр дэвшигчээс асуугаад байгаад би үнэхээр гайхаж байна. Тэгэхээр хууль болоод хэрэгжиж байгаа юм бол хуулийн дагуу хэрэгжинэ. Ингэж нэг нэгэндээ хайртай юм шиг, эсвэл үзэн ядаад байгаа юм шиг байх хэрэггүй. Таны хуулийн зөвлөгөө үнэхээр мууджээ. Ном, сонин сайн унших хэрэгтэй гэдгийг энэ ялдамд хэлэх нь зүйтэй. Энэ бол цаашдаа танай бүлгийг мухардалд оруулж байгаа юм. Улсын Их Хурлын тухай хуулиа өөрөө баталчихаад, тэгээд энэ хуулиа буруу тайлбарлаад, бусад гишүүдээ уриалаад ийм байдал руу оруулж байгаа нь буруу шүү. Бид 1990 оноос хойш эрх зүйт төрийг байгуулаад хуулийн дагуу ажиллаж амьдарч байгаа. Олон жил албан тушаал хашсанаараа дулдуйдаад өөртөө тааруулж тайлбарлаж байгаа ийм явдлыг гаргаж болохгүй. Бид олон жил цөөнх байж үзсэн, цөөнхийг дэмжиж ажиллана.
Д.Тэрбишдагва:
-Өнөөдөр Ерөнхий сайдтай холбоотой асуудал хэлэлцэж байгаа бол түүнийгээ л ярих ёстой. Н.Алтанхуяг дарга Ардчилсан намын нөхдүүд маань “Шударга ёс” эвслийг хүндэтгэж шударга ёсны төлөө хамтарч ажиллах саналыг тавьж, бид хамтарч ажиллахаар гэрээгээ байгуулсан учраас Н.Алтанхуягийг дэмжиж байна. Өнөөдөр ярьсан асуудлаасаа хазайдаг зүйл гараад байна. Сүүлийн үед Ц.Нямдорж гэдэг нөхөр орой болгон телевизийн нэвтрүүлэгч шиг камерын өмнө суучихаад нэг юм яриад байгаа юм. Улаантан л гэнэ, цагаантан л гэнэ, урвагч л гэнэ. Хүн нас нь яваад өтлөөд ирэхээр зөнөглөөд л яриад байдаг даа. Гэхдээ би Ц.Нямдоржийг зөнөглөсөн гээгүй. Өнөөдөр урвагч, шарвагч, гэсэн үг гаргаад байгаа учраас, Ц.Нямдорж улс төрд олон жил болсон учраас улс төрийн зөнөглөл гэдэг юм энэ хүнд бий болчихож. Тийм учраас энэ хүн ирэх дөрвөн жилд олон зөнөглөлийн юм ярих юм шиг байна. Ц.Нямдорж хэдий чинээ их юм ярина, төдий чинээ бидэнд ашигтай. Ц.Нямдорж шударга дүр гаргаж ярьдаг байсан бол өнөөдөр хүмүүс түүнийг хүлээж авахаа больчихсон. Ц.Нямдорж биднийг урвагч гэж байна. Би 2004, 2008, 2012 онд МАХН-аас нэр дэвшсэн, Ц.Нямдорж бас олон жил нэр дэвшсэн. Өнөөдөр тэр Монгол Ардын намаас нэр дэвших гээд Увсдаа очиж чадахгүй сайдын албан тушаалдаа зууралдаж нэрсийн жагсаалтад ороод үглэгч болоод сууж байна. Ийм учраас Ц.Нямдоржийн ярьсанд битгий эмзэглэ. Ц.Нямдорж хэлэлцэх асуудлаас гажиж зөндөө юм ярьдаг учраас би өнөөдөр түүний талаар ярьчихлаа. Миний талаар бол тэр зөндөө ярьсан. Ц.Нямдорж Сонгинохайрхан дүүрэг дээр очиж миний талаар янз янзын юм ярьдаг учраас миний рейтинг өсөөд байдаг байхгүй юу. Тийм учраас би тэрэнд их баярлаж байгаа. Нөгөөдөр гэхэд энэ хүн албан тушаалаа өгчихнө. Гэхдээ авах гэж байгаа хүмүүс болгоомжлоорой. Энэ хүн Их хурлын даргаас буухаараа боож үхчих гээд байдаг юм. Хууль зүйн сайдаа өгөхөөрөө их сандарна даа. Зүгээр жудагтайхан байх хэрэгтэй. Тэр Монгол Улсад шоронжсон хуулийг бий болгосон. Өнөөдөр жинхэнэ долоож явсан хүн шоронжсон хуулиараа мөрдөн байцаах үйл ажиллагааг хамгийн их хийлгэж Н.Энхбаяр гэдэг хүнийг шоронд оруулсан хүн Ц.Нямдорж болчихоод байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа унтсан хүн Ц.Нямдорж шүү дээ. Уг нь өнөөдөр би Н.Алтанхуягийн талаар ярья гэтэл Ц.Нямдорж урвагч шарвагч гээд байхаар өөрийн эрхгүй Ц.Нямдоржийн талаар ярилаа. Үүнээс хойш би хэлэлцэж байгаа асуудалд зохицож явна. Ц.Нямдорж шиг хаа хамаагүй дэмий балай юм ярьж улс төрийн зөнөглөл хийхгүй.
Тэдний үгийн хариуд Ц.Нямдорж сайд ч зүгээр байсангүй. “Тун удахгүй чи Н.Алтанхуягийн бөөр рүү хутга шаачихаад урваад явах болно. Харж л байгаарай” гэсэн юм.