Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг Монгол Улсын төрийн тэргүүн нарын Япон Улсад хийсэн болон Япон Улсын Засгийн газрын тэргүүний Монгол Улсад хийсэн айлчлалуудыг сурвалжлах ажлаар удаа дараа явж байжээ. Тэгэхдээ Японы Эзэн хаанд бараалхсан хоёр удаагийн өндөр хэмжээний бараалхалт, Японы Засгийн газрын дөрвөн (Т.Кайфу, Ж.Койзүми, Ш.Абэ нарын зэрэг) тэргүүнийг, Монголын төр засгийн өндөр дээд хэмжээний хүмүүс хүндэтгэн хүлээж авсан уулзалтуудыг сурвалжилж, Япон Улсаас Монгол Улсад сууж байсан зургаан (Ё.Хасуми, Ш.Кубота, М.Ханада, Я.Ичихаши нарын зэрэг) Элчин сайд нартай биечлэн уулзаж ярилцлага авч байсан байна. Мөн Японы түүх соёл, зан заншил, газар нутаг, өнөөгийн өндөр хөгжлийн учир, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааны түүхэн замналын талаар “Миний мэдэхийг хүсдэг Япон орон”, “Хөгшин Европоос хөх арлын оронд” зэрэг ном, олон өгүүлэл, нийтлэл, тэмдэглэл бичжээ.

С.Зэвсэгийн, Монгол Улсын Засгийн газрын “Монгол-Японы хооронд диполмат харилцаа тогтоосны 35 жилийн ой, “Монгол дахь Японы жил”-ийг зохион байгуулах Үндэсний хороо, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамны захиалгаар бичсэн “Миний мэдэхийг хүсдэг Япон орон” (2007 он) ном хэвлэгдээд зургаа долоон жил болж байна. Японы Засгийн газрын тэргүүнээр эдүгээ хоёр дахиа томилогдон ажиллаж байгаа, мөн Монгол Улсад анхны айлчлалаа хийж буй  Шинзо Абэгийн тухай дээрх номд өгүүлсэн хэсгийг товчлон нийтэллээ.

 

Японы Либерал-Ард­чилсан нам 1950 оноос хойш засгийн эрхийг барьж байгаа билээ. Эрх баригч намын тэргүүнээр (2006 оны есдүгээр сарын 21-нд 52 нас хүрсэн) Шин­зо Абэг 702 хүнээс 464 хүний санал буюу илт давуу байдлаар ялалт бай­гуулахад, дэлхийн хэвлэл мэдээллийнхэн тэр зүгт анхаарлаа хандуулан хуй­ларч 2006 оны намар ёстой л Абэгээр амьсгалж байх шиг санагдаж байлаа. Шин­зо Абэтэй, Кой­зү­мигийн Засгийн газрын Гадаад хэргийн сайд Тора Асо, Сангийн сайд Сада­кадзу Танигаки нар өр­сөлд­сөн юм.

Шинзо Абэ Ямагути мужид 1954 онд төрсөн морин жилтэй. Ташрамд дурдахад Японы сүүлийн хоёр Ерөнхий сайд хоёулаа морин жилтэй, Койзүми Абэгаас нэг үе буюу 12 насаар ах юм байна. Азийн­хан морин жилтэй хүмүүсийг босоо хий­морь­­той, үйлс зам сайтай байдаг хэмээн билэг­шээд­гийг энд дурдууштай. Ш.Абэ бол Японы хам­гийн дэгжин ганган улс төрч, хувцсаа зөв сонгох, зангиагаа хээнцэр занги­дах талаараа алдар­тай. Тэр “Секей” их сур­гуулийг 1977 онд төгссөн, хуульч мэргэжилтэй. АНУ-ын Калифорнид 1978-1979 онд суралцаж байсан. Америкаас ирээд “Кобэ стил” компанийн ган цу­ви­малын үйлдвэрт гурван жил ажиллаж, дараа нь эцгийнхээ хувийн нарийн бичгийн дарга болсон нь түүний хувьд улс төрд хөл тавих гараа болжээ.

Япон Улсын Ерөнхий сайдаар 2001 оны дөрөв­дүгээр сараас хойш ажил­ласан Ж.Койзүмигийн ха­лааг авах хүнийг Японы Парламент 2006 оны  ес­дүгээр сарын 26-ны хурал­даанаараа тод­рууллаа. Энэ бол Либерал Ардчил­сан Намын дарга Шинзо Абэ юм. Японы Ерөнхий сайдыг томилоход Пар­ламентын доод танхимын гишүүд голлох үүрэгтэй байдаг аж. Абэг Ерөнхий сайдаар томиолоход Пар­ламентын доод танхимын 476 ги­шүүний 339, дээд тан­химын 240 гишүүний 136 нь нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн нь үнэхээр том ялалт болов. Шинзо Абэ танхимаа бүр­дүүлэн Эзэн хаан Аки­хитод өргөн мэдүүллээ. Ш.Абэгийн Засгийн га­зарт Сангийн сайд Оми Коожи, Хууль зүйн сайд Нагаса Жинэн, Боловс­рол, соёл, спорт, шинжлэх ухааны сайд Ибуки Бүн­лей, Газар тариалан, ой мод, загасны аж ахуйн сайд Мацуока Тошиказү нарын зэрэг сайдууд то­милогдсон бол Кой­зүми­гийн Засгийн газрын Га­даад хэргийн сайд асан 66 настай Таро Асог хуучин албан тушаалд нь үлдээ­жээ. Мөн түүний танхим Такаичи Санаэ, Ота Хи­роки гэсэн хоёр эмэгтэй сайдтай. Пар­ламент дахь суудлынхаа тоогоор Либе­рал Ард­чил­сан Намын да­раа ордог, харьцангуй тө­вийг са­хисан байр суурь­тай Ко­мейто Нам ч шинэ Зас­гийн газарт өөрийн байр сууриа хадгалж, Тээв­рийн яамны сайдын суудлыг авч Т.Фүюшиба Засгийн газрын гишүүн боллоо.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш буюу сүү­лийн жар гаруй жилд Ерөн­хий сайдаар ажил­лаж байсан хүмүүсээс хамгийн залуу нь болох Абэ бол тун төвөггүй за­маар чухамдаа “цахилгаан шатаар” улс төрийн өн­дөрлөгт гарч ирсэн гэхэд болмоор. Залуухан Абэ анх 1993 онд Парламентад сонгогдож, Засгийн газ­рын Танхимын дэд дарга, Либерал Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхимын Ерөнхий на­рийн бичгийн даргын ал­быг хашиж, Японы Пар­ламентын гишүүнээр зур­гаан удаа сонгогдож бай­жээ. Японы олон нийт Шинзо Абэг нээлттэй кон­серватив үзэлтэй улс төрч хэмээн үздэг. Тэр­бээр эрч хүчтэй, эрэмгий зоригтой, эх оронч, ёс зүйг ба­рим­талдгаараа япончуудын дунд их нэр хүндтэй улс төрчийн нэг.

Шинзо Абэгийнхан Японы Засгийн газарт өндөр алба хашиж бай­сан эртний уламжлалтай бөгөөд тэд энэхүү уламж­лалаараа ихэд бахархдаг. Түүний өвөө Нобүсүкэ Киси Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Засгийн газрын гишүүн байсан бөгөөд дайны дараа, цэргийн “А” зэрэглэлийн гэмт хэрэгтэн хэмээн ял­лаг­даж байсан. Н.Киси Либе­рал Ардчилсан На­мыг үндэслэгчдийн нэг болохын хувьд 1960 оны тавдугаар сард Японы Ерөн­хий сайдаар томи­логдож байжээ. Тэрбээр АНУ-тай цэрэг-улс төрийн холбоо тогтоох тухай гэрээ байгуулах санааг анх гар­гасан хүний нэг гэгддэг. Абэгийн нагац ах Эйсакү Сато мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Э.Сато тухайн үедээ, Засгийн газраараа Японыг цөмийн зэвсгээс татгалзах шийд­вэр гаргуулж чадсан гавь­яатай хүний хувьд Но­белийн Энх тайвны шаг­нал хүртэж байв. Шинзо Абэгийн аав Шинтаро Абэ нь Либерал Ардчилсан Намын нэр хүндтэй улс төрч төдийгүй Гадаад хэр­гийн сайдаар ажиллаж, мөн Ерөнхий сайдад нэр дэвшээд ялалт байгуулах өндөр магадлалтай явж  байх үедээ 1991 онд нас барсан харамсалтай явдал болжээ.

Шинзо Абэгийн эхнэр Акие нь 44 настай. “Мо­ринага” хэмээх Японы шоколадны хамгийн том үйлдвэрийн эзний охин. Абэгийнх хүүхэдгүй айл. Акие 25 настайдаа Абэтэй гэрлэсэн ч хүүхэд тө­рүүл­сэнгүй. Нөхөр нь хүүхэд үрчилж авахыг нэг биш удаа санал болгосон ч тэр зөвшөөрдөггүй бай­жээ. Харин саяхан Акие Абэ хувийн амьдралынхаа та­лаар хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө “Ми­ний насны хүн одоо хүүхэд гаргана гэж бараг байхгүй биз. Хүмүүс ч “Хүүхэд гарга” гэхээ больсон. Яахав дээ миний хувь тавилан иймээс хойш үүнтэй эвлэрхээс өөр арга байхгүй. Бид хүүхэд өргөж авахаар шийдсэн” гэж ярьсан байв. Японы тэр­гүүн хатагтай Икие Абэ ерээд оноос ра­диогийн хөгжмийн нэвтрүүлэгт хөт­­­­­­лөгчөөр ажиллаж “Аскей” нэрээр олны та­нил болсон. Ер нь урлагт дуртай, авъяастай бүсгүй аж. Түүний онцлог бол Японы ард түмнийг тэр­гүүн хатагтайтай болго­сон явдал юм. Гадаадын нэгэн сонинд “Япон Улс тэргүүн хатагтайтай бол­лоо. Өмнөх Ерөнхий сайд гэр бүлгүй хүн байсан тул япончууд “Тэргүүн хатаг­тай” гэдэг үгийг бараг мартсан байв” гэж бичиж байжээ. Акие нөхрийгөө БНХАУ-д айлчилахад да­гал­дан явж Хятад оронтой нэлээд сайн танилцах шиг боллоо.

Шинзо Абэг, дайны дараах улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн, удам дамжсан улс төрч­дийн омгоос гаралтай бо­лохоор нь “Ханхүү”, Япо­ны улс төрийн бод­логын “бүргэд” гэцгээдэг гэнэ. Ойр дотныхон нь түүнийг ихээхэн үндсэр­хэг үзэлтэй хүн гэж дүг­нэдэг. Абэ “Япон­чууд дэлхийн хоёр­дугаар дайны үед хийсэн нүглээ ямагт наминчилж байдгаа болих ёстой” (“Өнөөдөр” 2006.09.28. ¹227) гэж үздэг. Тэгээд ч Шинзо Абэ улс төрд нэр хүнд олсон нэг үндэс нь дал наяад оны үед БНАСАУ-ын таг­нуу­лын­ханд хул­гайлагд­сан япон­чуудыг хамгаа­лахын төлөө тууштай тэмцсэнээс үүдэл­тэй гэнэ. Тэр, олон жилийн турш Хойд Со­лонгостой ярил­цах Японы гадаад бод­логыг тодор­хойлж чухам­даа Пхе­нья­ны талаар ха­туу чиг шугам барим­тал­даг нэгэн. Ту­хайл­бал, хоёр орны ха­рилцаа хурцадсан үед Хойд Солонгост, цэр­гийн урьдчилан сануулах цо­хилт өгөхийг уриалж байжээ.

Шинэ Ерөнхий сайд Ш.Абэ өмнөх Ерөнхий сайдынхаа чиг шугамыг үе залгамжлан хэрэг­жүү­лэхээ мэдэгдэж байгаа. Тэрээр Ерөнхий сайд бо­лохоосоо өмнө Ж.Кой­зүмигийн нэгэн адил мөн л Ясүкүни (Дэлхийн хоёр­дугаар дайны үед Эзэн хааныхаа төлөө амиа өгсөн 2,5 сая дайчид болон хамгийн гол нь цэр­гийн 14 гэмт хэрэгт­нүү­дийн ша­рилыг чандарлаж оршуул­сан сүм) сүмд байн байн очиж хүндэтгэл үзүүлдэг. Үзэл бодолдоо тууштай үнэнч Ж.Кой­зүми Ерөн­хий сайдаас мулта­рахын­хаа өмнөхөн буюу Япон Улс дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгөх актад гарын үсэг зурснаас хойш 51 жилийн дараа буюу 2006 оны ес­дүгээр сарын 3-нд мөнөөх сүмд очиж залбирал үйлд­сэн билээ. Гэвч Японы олон нийт, Засгийн газ­рынхаа тэр­гүүнийг Ясүкү­ни сүмд очоод байхыг бас нэг их таашаадаггүй бо­лолтой. Саяхан болсон санал асуул­гад оролцсон япон­чуудын талаас илүү нь “Шинэ Ерөнхий сайдаа Ясүкүни сүмд очихгүй байх нь зөв” гэж үзсэн талаар гадаадын хэвлэ­лүүд мэдээлсэн. Харин одоогийн Ерөнхий сайд Ш.Абэ 2007 оны нэгдүгээр сарын эхээр Якүсүни сүмд очихыг татгалзаж оронд нь нэгэн Эзэн хааныхаа дурс­галд зориулсан Мейжи­гийн (Мейжи сүм бол Токио хотынхон, шинэ жилийн үеэр очиж мөргөж хүндэтгэл үзүүлдэг шинто шашны нэртэй том сүм. Мейжигийн үеийн их эзэн хаан Муцухитогийн дурс­галд зориулж босгосон юм гэдэг) сүмд очиж хүндэтгэл үзүүлжээ. Энэ нь Японы Ерөнхий сайд сүүлийн зургаан жилд анх удаа Якүсүни сүмд очихоос татгалзсан тохиолдол бө­гөөд Японы Засгийн газ­рын шинэ тэргүүн нэг та­лаас консерватив үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулсан нөгөө талаар милитарист бодлого ханд­лагаасаа татгалзаж байна. Ингэснээрээ Хятад, Өм­нөд Солонгос зэрэг хөр­шүүдээ таагүй байдалд оруулахаас зайлсхийсэн алхам гэж дэлхийн хэвлэл мэдээллийнхэн “The Japan Today” сониноос иш татан шуугилдсан юмдаг.

Шинзо Абэ намын дар­­­гаар сонгогдсоныхоо дараа “Либерал Ардчилсан Намын тэргүүний суудал хүнд гэдгийг дахин ухам­сарлаж байна. Миний бие энэ намын, дайны дараа төрсөн анхны тэргүүний хувьд мө­рөөдлийн галаа тас­лахгүй, шинэчлэлийн бамбарыг үргэлж­лүүлэн авч явна гэдгээ цохон тэмдэглэж байна” гээд “Түүх, соёл, уламжлалаа дээдэлсэн, чөлөөтэй, эрх зүйт төрөө ба­татгасан, дэлхийд тэргүүлэгч Япон Ул­сын төлөө зүтгэж ажиллахаа илэр­хийлж байна”... “Өсөлт хөгжилт байхгүй бол Японд ирээдүй байхгүй. Тех­ник, тех­нологийн ши­нэчлэлд тул­гуурласан эдийн засаг л Японыг аварна. Хэн ч зүт­гэхэд зорьсондоо хүрдэг ээлтэй нийгэм байгуулахын төлөө ажиллана. Орон нутаг хөгжиж байвал улс орон хөгжинө. Тиймээс орон нутгийг хүчирхэг болгох бодлогыг хэрэг­жүүлж, өөрчлөлт шинэч­лэлийг орон нутгаас эхэлнэ” хэмээн тунхаглаж байсан бол Ерөнхий сайд болж Засгийн газраа эмх­лэн байгуулж Японы Парламентийн 65 дугаар чуулганд Засгийн газ­рын­хаа мөрийн хөтөлбөрийг тайлбарлаж тавьсан илт­гэлдээ “Би аливаа бай­гууллага болон хувь хүний төлөө ажиллахгүй. Хүн бүрийн оролцоо бүхий нэгэн шинэ үеийг нээх бодлого баримтлан бүгдэд нээлт­тэй, хүн бүр хичээн зүтгэх боломжтой нийгмийг бий болгоход бүх чадлаа дайч­лан ажиллахаа амлаж байна... Хүч чадал, бо­ломж, найрсаг сэтгэлээр бялхсан, бие даасан оюун ухааныг эрхэмлэсэн дэл­хийд нээлтэй “Сайхан орон-Япон”-ыг бүтээн байгуулахаар зорьж байгаа билээ. Энэ “сайхан орон” нь дараах шинж чанарыг агуулсан байна. Нэгд: Соёл, уламжлал, байгаль орчин түүхийг эрхэмлэсэн. Хоёрт: Эрх чөлөөт ний­гэмд тулгуурласан сахилга бат, дэг журмыг мэдэх эрхэм дээд улс. Гуравт: Ирээдүй өөд хөгжин дэв­жих хүчтэй улс. Дөрөвт: Дэлхий нийт итгэж хүн­дэлж хайрладаг удир­дагчтай улс... байх бол­но”. Энэхүү “Сайхан орон”-ыг бүтээн бай­гуу­лахад миний бие Либерал Ардчилсан Нам болон Комей Намаас бүрдсэн эвслийн тогтвортой Зас­гийн газарт тулгуурлан “Сайхан ороныг бүтээн байгуулах Засгийн газар”-ыг байгуулсан юм” ...”Ирээ­дүй өөд тэмүүлсэн шинэ Японы өвөрмөц онц­лог, өөрөөр хэлбэл манай улсын үзэл санаа, чиглэл, япон шинж чана­рыг дэл­хийд таниулах нь өнөөгийн Япон орны онцгой чухал асуудал юм. Үндсэн хууль нь тухайн улс орны үзэл бодол, хэлбэр төрхийг илэрхийдэг билээ. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийг Япон Улс эзлэгдэж байх үед батласнаас хойш нэгэнт 60 жил өнгөрчээ. Шинэ цагт нийцсэн Үндсэн хуулийн тухай хэлэлцүүл­гийг идэвхтэй явуулж байна... Японы Үндсэн хуулийг шинэчлэхтэй хол­боо­той хуулийн төслийг богино хугацаанд батлана гэдэгт итгэж байна” (“Ниппон ньюс” сонин.2006 он. ¹43) гэж онцлон тэмдэглэсэн байх юм.

Шинзо Абэ энэхүү зо­рилгоо хэрэгжүүлэхэд юуны түрүүнд шинэ цаг үеийн, шинэ Японы эрх ашигт нийцүүлэн Үндсэн хуулиа өөрчлөхийг гол болгон зорьж байгаа аж. Тэрээр саяхан “Үзэс­гэ­лэнт Япон орны зүг” хэ­мээх ном бичсэн нь япон­чуудын талархалыг хүлээж нэлээн шуугиан тарилаа. “Энэ ном зөвхөн Абэгийн бүтээл төдийгүй бо­лов­сорсон орчин цагийн нийг­мийн бүтээл боллоо” гэж Японы судлаачид үзэж байгаа нь анхаарал татаж байна. Ер нь Шинзо Абэ үндсэрхэг үзэлтэй, улсынхаа эрх ашгийн тө­лөө хатуу байр суурь ба­римталдаг талаараа нэрд гарсан хүн аж. Тэгсэн атлаа өрнөдийн үзэл, АНУ-д ихэд талархалтай ханддаг. Тэр Засгийн газ­рынхаа мөрийн хөтөлбөрт “Япон-Америкийн эвслийн тухайд түүний үндсэн суурь болох итгэлцлийн харил­цааг улам батжуулахын тулд Ерөнхий сайдын аж­лын алба болон Цагаан ордон байнгын харилцан мэдээллээ солилцох бүтэц зохион байгуулалтыг бо­ловс­руулна” (Ниппон ньюс” сонин. 2006 он. ¹43) гэж дурдсан байна билээ.

Япон Улсын Либерал Ардчилсан Намын 21 дэх дарга, Япон Улсын 57 дахь Ерөнхий сайд Шинзо Абэ, Америкийн генерал Дуг­лас Макартурын хяналт дор АНУ-ын “хийж өг­сөн” 1947 оны Үндсэн хуулийн есдүгээр зүйлийн Японы зэвсэгт хүчнийг өргөжүү­лэх, ашиглах явдлыг сүр­хий хязгаарласан, зөвхөн өөрийгөө хамгаалах зорил­готой, дэндүү “хүлцэнгүй” байдалд оруулсан заалтыг харж үзэж өөрчлөх, өөрөөр хэлбэл одоогийн Үндэс­ний батлан хамгаалах газ­рыг армийн статустай Бат­­лан хамгаалах яам бол­гож, хилийн чанадад цэргийн ажиллагаа явуул­даг эрхтэй болгох хуулийн төслийг ойрын үед Пар­ламентын чуулганд оруул­на хэмээн мэдэгдэж бай­гаа. Түүнчлэн Абэ цаашид АНУ-тай тогтоосон ха­рилцаагаа хөгжүүлэхийн зэрэгцээ бас улс орондоо Үндэсний аюулгүй байд­лын зөвлөл, тагнуулын алба байгуулах, тэгэхдээ яг АНУ-ын Тагнуулын төв газар шиг бүрэн хэм­жээ­ний тагнуулын сүлжээ бий болгохыг эрмэлзэж байгаа гэнэ. Гэвч энэ бүх­нийг өнөөгийн Японд ми­литаризм толгойгоо өн­дийлгөж байна гэж үзэж хараахан болохгүй байх. Тэрбээр Хятад Улсыг ст­ратегийн өрсөлдөгч гэж үздэг боловч БНХАУ, БНАСАУ-тай хурцдаад байгаа зарим асуудлыг сайжруулахыг нэг бус удаа уриалсаар байна. Мөн ОХУ-тай бүх салбарт хамтран ажиллах, энэ үнд­­сэн дээр Өмнөд Ку­рилийн маргаантай асууд­лыг шийдвэрлэхийг зорьж байгаа бололтой. Шинзо Абэг өнөөдөр япончууд төдийгүй дэлхийн нийт анхааралтай харж, ихэнх улс төрчид “Койзүмигийн мөрөөр явах байх” гэцгээж байна. Аж  амьдрал, ажил үйлс амжилтынхаа та­лаарх элдэв магтаалд тун дургүй Абэ шинэ ажлаа авмагцаа Ерөнхий сай­дын болон Засгийн газрынхаа хамгийн анхны шийд­вэ­рээрээ өөрийнхөө цалинг 30, танхимынхаа гишүү­дийнхийг 10 хувиар тус тус бууруулжээ.

Харин Японы шинэ Ерөнхий сайд Ш.Абэ анх­ныхаа айлчлалыг, нөгөө Японы Ерөнхий сайдыг Ясүкүни сүмд очиж, дэл­хийн хоёрдугаар дайны цэргийн гэмт хэрэгт­нүү­дийн оршуулгад хүндэтгэл үзүүллээ хэмээн эгдүүцдэг БНХАУ-аас эхэллээ. Тэ­гэхдээ хоёр тал айлчлал харилцан ашигтай, үр дүн­тэй боллоо гэж мэдэгдэж байна. Ямар боловч Японы шинэ удирдагчийн бод­лого олон талаар оньсого мэт байгаа ч улирах цаг их зүйлийг харуулах биз ээ.