АНУ-ын Флорида мужид газар доорх ээлжит нүх гарч иржээ. Сүүлийн 30 хоногт АНУ-ын газар нутаг дээр гэнэт газар цөмөрч том нүх гарсан дөрөв дэх тохиолдол бүртгэгдэв. 2.5 метр өргөн, гурван метр гүн нүх Флоридагийн Сеффнер дахь хоёр байшингийн дунд бий болжээ.
Хоёрдугаар сарын сүүлчээр эндээс гурван км-ийн зайд мөн газар цөмөрч бүхэл бүтэн байшин нурж байсан юм. Тэр үед Флоридагийн оршин суугч Жефф Буш гэрийнх нь доор үүссэн 30 метр гүн нүх рүү унаж алга болжээ. Тэрээр энэ үеэр унтаж байсан аж. Гуравдугаар сарын дундуур Миссури дахь гольфийн талбайд газар гэнэт цөмөрч гольфчин эр нүх рүү унах шахсан байна.
“Флоридад дахиж ингэж газар цөмөрнө. Газар доорх нүхний улирал эхлээд байна” хэмээн геологич Жонатан Артур “АР” агентлагт ярилаа.