М.ГАНЦЭЦЭГ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр сэтгүүлчдийг нээлттэй ярилцлагад урив. Тэрээр элдэв мэдээлэл хийхээс илүү сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулахаар бэлджээ.  Уулзалтын эхэнд олон таван үг ч нуршсангүй, сэтгүүлчид шууд асууж Ерөнхий сайд ийн хариуллаа.

 

-Хятадын Ерөнхийлөгч ОХУ-д айлчиллаа. Манай хоёр хөршийн Төрийн тэр­гүүн нар төмөр зам, уул уур­хайн салбарт томоохон гэрээнүүд байгуулсан. ОХУ Хятад руу нүүрс худалдахын тулд яриа хэлэлцээг эрчимжүүлсэн гэх юм. Гэтэл манайх Хятадад нүүрсээ үнэтэй худалдана гээд суучихсан байдаг. Хоёр том хөршийн энэ байдал манайд хэрхэн нөлөөлөх бол?

-За энд бас өөрийнхөө тухай л ярья. Тэр хоёр хүн уулзаа л биз. Манайх өөрсдийнхөө бодлогыг л тодорхойлно, тэгэхийг ч хичээнэ. Бид нүүрсээ өндөр үнээр зарна гээд суугаад байгаа юм биш. Алдаатай гэрээгээ л өөрчилье гэсэн юм. Өмнө нь байгуулсан гэрээ ал­даатай байгаагүй бол өнөөдөр бид нүүрсээ хил дээр овоолоод суух байсан уу. Засагт учирч буй энэ хохирол ард түмэнд ч учирч буй юм.

-Ингэхэд Таван­тол­гойн асуудал юу болж байна вэ. Хятадын “Чал­ко”-той байгуулсан гэрээнд ахиц гарах нь уу?

-Тавантолгой нүүрсээ гаргаж чадахгүй зогсчих­сон. Нэг сая тонн нүүрс хураалгаастай байгаа. Яа­гаад гэвэл өмнө нь бай­гуулсан алдаатай гэрээ­гээр нүүрсээ худалдвал алдагдалтай болно. Иймд ашигтай гэрээ хийх хэлэл­цээг тасралтгүй хийж бай­на. Сонгуулийн өмнө “Чалко”-гоос 300 сая ам.доллар авчихсан. 130-ыг нь төлчихсөн. Одоо 170-ыг нь нүүрсээ гаргаад төлье гэхээр улам алдаг­далд орно.

-Манай эдийн засгийн өсөлт буурсаар байгаа. Юунаас болоод байна вэ. Уул уурхайн салбартай холбоотой юу?

-Эдийн засгийн өсөл­төд нэг хүндрэл учирсан. Гадаадын хөрөнгө оруу­лалтын хэмжээ буурч бай­гаа. Дээр нь Оюутолгойд орж ирж буй хөрөнгө оруу­лалт буурсан. Гадаадын хөрөнгө оруулагчид хө­рөнгөө татаж байна. Тэгэ­хээр гадаадын төрийн өм­чит компаниудын орол­цоог хязгаарлах талаар хуулийн төсөл санаачилж УИХ-д өргөн барилаа. Хувийн компаниудыг нь бол хязгаарлахгүй.

-Орон сууцны зээлийн хөтөлбөр юу болж байна вэ. Зургаан хувийн хүүг цуцална гэсэн. Тэгэхээр Засгийн газрын дараагийн шинэ хөтөлбөр ямар байх бол?

-Зургаан хувийн хүү буруу байсан. Байшин сав нь ч бэлэн биш байхад зээл өгнө гэж зарласан. Тэгсэн метр.кв-ын үнэ өсч, иргэ­дэд ямар ч ашиггүй бол­сон. Засгийн газар үүнийг өөр­чилнө. Шинэ хөтөлбө­рөө удахгүй зарлана.

-Газрын тосны үйлд­вэрийг Дарханд барина гэх юм. Түүхий тосоо яаж зөөнө гэж тооцоо судалгаа хийсэн бэ. Түүхий эдээ дагавал зүүн талд барих ёстой байсан юм биш үү?

-Дарханд барьж болох бүх тооцоо судалгааг хий­чихсэн. Дорнодоос хол л доо. Гэхдээ тэндээс Мон­голын шатахууны хэрэг­цээг бүрэн хангах хэм­жээний түүхий тос га­рахгүй. Тэнд үйлдвэр барь­вал үр ашиггүй. Тэгээд ярьж байгаад Дарханд гээд өмнөх Засгийн газрын үед шийдчихсэн. Түүнийг нь үргэлжлүүлж байна. Үйлд­вэ­рийг Японы хөрөнгө оруулалтаар барина.

-Японы Ерөнхий сайд ирэх амралтын өдөр айл­чилна. Дээрх асуудлыг хоёр тал хэрхэн ярил­цахаар төлөвлөсөн бол?

-Японтой хоёр зүйл ярьдаг. Дарханы үйлдвэ­рээс гадна Хөшигтийн хөндийд нисэх онгоцны буудал барих асуудал бий.

-Тони Блейрийн айлч­лал нууц байсан уу, та түүнтэй уулзсан, юу ярьсан бэ?

-Тэр хүнтэй би уулз­сан. Олон жил Ерөнхий сайдаар ажилласан хүн учир ажлын албаны бүт­цийнх нь тухай нэлээд сонирхсон.

-Хятадын Засгийн газ­раас зээл авч дөрвөн гүүр барина гэсэн. Тэр мөнгийг нь аваад сонгуулийн сур­талчилгаанд зарцуул­чихсан гэх юм. Үнэн үү?

-300 сая ам.долларын зээл аваад дууссан. Дахиад 500 сая ам.долларын зээл авахаар өмнөх Засгийн газрын үед шийдсэн. Нэг төсөл нь хэрэгжсэн. Сон­гуулийн өмнө трактор ав­сан. Бусад төсөл хэрэг­жээгүй.

-Таны гаргасан хоёр ч захирамж Цэцэд очсон. Төрийн албаны томилгоонд яагаад алдаа гаргаад байна вэ?

-Би хоёр удаа Цэцэд очсон. Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон тухай нэг захирамж бий.  Энэ нь өмнө байсан л жишиг юм билээ. Тэр үед аз болоход МАН, АН хоёр хамтарч Засаг барьж бай­сан учир амаа бариад өн­гөрсөн байх.  Нөгөөх нь Таг­нуулын дэд дарга Б.Ариун­санг томилсон за­хирамж юм. Үндсэн хууль зөрчсөн гэхээр нь би за­хирамжаа арга буюу цу­цалсан. Хаврын чуул­ган эхлэхээс өмнө Н.Алтан­хуягийг Үндсэн хууль зөрч­­дөг хүн болгож ха­руулах гээд оролдоод бай­гаа юм. Би ийм хүн биш. Удахгүй гурав дахь то­хиолдол гарч би Үндсэн хууль зөрчихийг үгүйсгэх­гүй. Нэг агентлагийн дэд даргыг Ерөнхий сайд то­милж болдоггүй л юм байна. 

-Та Дорноговьд ажил­лах­даа олон тугал үхсэн нутагт очсон. “Кожева” компанид хариуцлага тоо­цох уу?

-Нуух юм алга. Цө­мийн энергийн газар, Мал эмнэлгийн газар хоёр өөр дүгнэлт гаргасан. Би Дор­ноговь явахдаа Д.Нор­сүрэн гуайтай уулзсан. Гэтэл хоёр талаас өөр, өөр дүгнэлт яриад байсан. Тэгэхээр нь дахин ажлын хэсэг томилж ажиллуулж байгаа. Тэндээс нэгдсэн дүгнэлт гарах байх.

-Иргэдийн эрх чөлөөг хааж боосон Засгийн газ­рын ажил жигдэрчихлээ. Одоо иргэдийн хүлээсэн зүйлийг хэзээ хийх вэ. Танай Засгийн газар юу хийж үлдээх  юм бэ?

-Ардчилал нэрийн дор дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж  явсан учраас дасахад хэцүү бай­сан байх. Бид ерөөсөө хааж боогоогүй гэж ойл­гож байна. Стандартын дагуу ажиллаж байгаа.