Э.ОРХОН
Гуравхан настай балчир үрс ном уншиж, ээж ааваасаа зөвхөн ном нэхэж “эрхэлдэг” болсон бахдам явдал Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болжээ. “Аймгийн тэргүүний” Гуравдугаар цэцэрлэгт БШУЯ-аас баталсан “Ном” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Цэцэрлэгийн хамт олон хүүхдийн билэг оюуныг багаас нь тэлэн хөгжүүлж, номд дуртай зөв хүн болгож төлөвшүүлэхээр зорьж, ном уншуулах тусгай хөтөлбөр гарган ажиллаж байгаа аж. Тиймээс тус цэцэрлэгт нийт 350 хүүхэд долоон бүлэгт хуваагдан хичээллэжээ. Эхний ээлжинд багш нар хүүхдүүдийн насны онцлогт тохируулан Монгол, Оросын шилдэг үлгэрийг бүлгүүдэд хуваан өгч уншуулжээ. Үүний дараа үлгэрт гардаг дүрүүдийг хүүхдүүд өөрсдийн биеэр амилуулж жүжигчилсэн тоглолт бэлдэн бусад бүлгийнхээ хүүхдүүдэд үзүүлсэн гэнэ. Гурав, дөрвөн настай хүүхдүүд ийнхүү уншсанаа дүрсэлж амилуулан, тод дуугаар бусаддаа ярьж өгөх нь тэднийг үлгэрээр дамжуулан номонд дуртай, хайртай болгох, өмнөхөөсөө илүү нээлттэй, өөртөө итгэлтэй болгож байгаа ажээ. Дээр нь хүүхэд бүрийн нуугдмал авьяасыг нээх хүртэл ач холбогдолтой хэмээн бага бүлгийн багш Р.Одонтуяа бидэнд тайлбарлаж байсан юм. Үнэхээр ч тэдний ангийн 50 гаруй хүүхэд анх орж ирсэнээ бодвол их өөрчлөгдсөн олон жишээг бидэнд ярьсан юм. Хүүхдүүд эхлээд зурагтай номыг сонирхож үздэг ч яваандаа дээр нь харандаагаар сараачин, урж тасдаад орхидог. Харин өдөр бүр үлгэрийн ном үзүүлж, өөрсдөө тайлбарлан ярьж өгсөнөөр тэд өмнөө байгаа номыг зүгээр нэг зурагтай цаас биш гэдгийг ойлгон хайрлаж гамнадаг болсон байна. Нэг удаа ангийнх нь гурван настай хүү багш дээрээ эхний хуудас нь булангаараа урагдсан үлгэрийн ном барьж ирэн урагдсан хэсгийг хамтдаа наахыг хүсчээ. Хүүхдүүд номоо хайрлаж байгааг харсан багш нар үүнээс үүдэн “Хайртай номоо анагаах уу” сэдэвт долоо хоногийн аян өрнүүлж, хүүхдүүдтэйгээ нийлэн урагдаж сэмэрсэн номнуудыг нааж сэргээжээ.
Эцэг эхчүүд ч мөн хүүхдийнхээ зан төлөв, дур сонирхол нь өөрчлөгдөж байгааг анзаарч эхэлсэн байна. Мөрөн сумын иргэн Ж.Болд-Эрдэнийн гурван настай хүү Б.Бат-Эрмүүн Т.Ганчимэг багштай дунд бүлэгт хүмүүждэг. Хүү нь намар цэцэрлэгт орохдоо тоглоомон машин, компьютер тоглоомонд сонирхолтой байсан бол одоо аав, ээжээсээ олон төрлийн үлгэрийн ном л нэхдэг болсон байна. Түүгээр ч барахгүй нэг орой гэртээ байгаа бүх уранхай номнуудыг цуглуулан, салбархай хуудаснуудыг нь эвлүүлж наахыг хичээж байсан тухай аав нь бахархан ярьж байсан юм.