Б.ЗАЯА
Элсэлтийн шалгалтаа өгөхөөр бэлдэж буй болон оюутан залууст зориулсан Боловсролын үзэсгэлэн яармаг өнгөрсөн өдрүүдэд болсон. Яармагт оролцсон гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи багц мэдээллийг бэлтгэлээ.
ОЮУТНУУДААС ЗУУЧЛАЛЫН ХӨЛС АВАХГҮЙ
Английн “Study UK” нь 2011 оноос Английн 40 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж байгаа бөгөөд 50 гаруй хувь нь дэлхийн шилдэг сургуулийн жагсаалтад багтсан нэр хүндтэй сургуулиуд аж. Тухайлбал, Лондоны Хатан хааны их сургууль, Лондоны Гренобелийн их сургууль, Судалгааны их сургууль, Ланкшэйрийн төвийн их сургууль, Жонн Мурийн их сургууль зэрэг сургуультай хамтран ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, оюутан уг төвөөр дамжуулан дээрх нэр дурдсан дэлхийд алдартай сургуулиас сонголтоо хийж болно гэсэн үг. Англид та бүхэн бизнес, эдийн засаг, хүмүүнлэг, урлаг, загвар болон хэвлэл мэдээлэл зэрэг эрэлт ихтэй мэргэжлээр сонгон суралцаж, бакалавр, магистрын зэргийг эзэмшихээс гадна өндөр хөгжилтэй орны амьдралын хэв маяг, соёл, зан заншилтай танилцах боломжтой юм. Уг байгууллага нь оюутнуудаас зуучлалын хөлс авахгүйгээр багахан хэмжээний үйлчилгээний хөлстэйгээр мэргэжлийн өндөр төвшинд визний зөвлөгөө, сургуулийн материал бүрдүүлэлт, сургуулийн урилга авах үйлчилгээг үзүүлж байгаа аж. дэлгэрэнгүй мэдээллийг www.studyuk.mn цахим хуудсаас авах боломжтой.
60 КРЕДИТЭЭ ТООЦУУЛАН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦ
Канад улсын Александр коллеж нь тусгайлсан түншийн хөтөлбөр боловсруулдгаараа онцлогтой. Уг программ нь хоёр жилийн хугацаанд 60-64 кредит цагийн хичээл судлан мэдлэг чадвараа ахиулах, амжилттай ажиллах, нэр хүндээ өсгөх боломж бүрдүүлж өгдгөөрөө онцлог болохыг хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчид хэлж байна. Оюутан та суралцахын хажуугаар долоо хоногт 20 цаг ажиллах боломжтой. Басхүү мастер, докторын зэрэгт суралцаж болох гэнэ. Танд гурван чиглэлээр тусгайлсан түншийн хөтөлбөрийг санал болгоно. Тодруулбал, урлаг, бизнес, шинжлэх ухааны чиглэл юм. Оюутан цааш бакалаврт суралцахыг хүсвэл гуравдахь жилээсээ өөр их, дээд сургуульд 60 кредитээ тооцуулан шилжин суралцах бүрэн боломжтой юм байна. Тус коллеж нь эхний хоёр жил оюутан төвтэй сургалтыг явуулдаг бөгөөд судлах хичээл болон багшаа өөрөө сонгодог аж. Олон улсын оюутнуудтай суралцсанаар англи хэлийг төгс эзэмшиж, хойд Америкийн дээд сургуулиудад амжилттай суралцах суурийг тавьж өгдөг. Александр коллеж нь Ванкувер, Барнаби хотод тус тус оюутны хотхонтой томоохон коллеж юм.
ЭЦЭГ ЭХ-МАЛАЙЗ БОЛОВСРОЛЫН ТӨВ-ОЮУТАН СИСТЕМ
Малайзын боловсролын төв нь монгол оюутнуудад ээлтэй, тав тухтай орчин, чанартай боловсрол, уян хатан, хямт төлбөрийн нөхцөлтэй их дээд сургуулийн санал болгож ирсэн билээ. Тус төвийнхөн эцэг эх-малайз боловсролын төв-оюутан гэсэн гурвалсан системээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Малайзад сурч буй монгол оюутнуудад шаардлагатай мэдээлэл тусламж зөвлөгөөг цаг тухайд нь өгч найдвартай байдлыг хангаж чаддагаараа онцлог аж. Түүнчлэн дундын зуучлалын хөлсгүйгээр хүссэн мэргэжлээр сонирхсон сургуульд зуучилж, зөвлөгөө өгч байна. Бусад улсын талаарх мэдээллийг дараагийн дугаараас үргэлжлүүлэн уншаарай.