Ерөнхий сайд Н.Алтан­хуяг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс болон Хөдөлмөрийн төв биржийн үйл ажил­лагаатай өчигдөр танилц­лаа. Ажил хайж буй хүмүүс аймаг, дүүргийнхээ Там­гын газрын Хөдөлмөрийн хэлтэст хандах учиртай. Үүнээс гадна Хөдөлмө­рийн төв биржид хандаж болно. Мөн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг 70 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна. Хувийн зуучлалын байгууллага нэг хүнийг ажилд зуучилж оруулсны хөлсөнд төрөөс 20 мянган төгрөг авдаг ажээ. Ерөнхий сайдад та­нил­цуулга хийсэн “Алтан боломж” зуучлалын байгууллага 303 хүнийг ажилд зуучилж оруулсан, гэтэл найман сарын дараа тухайн ажлын байрандаа ердөө 20 хүн үлдсэн гэсэн баримт хэллээ. Энэ асуу­далд онцгой анхаарал хан­дуулж, хувь хүний талаас ямар дутагдал гарсан, аж ахуйн нэгжүүд ажилд ав­сан хүнээ ямар шаардлага биелүүлээгүйн улмаас буцаасныг тод­руулж арга хэмжээ авахыг Хөдөл­мөрийн сайд Я.Санж­мятавт үүрэг болголоо.

Засгийн газраас “Үн­дэсний мэргэжилтэй ажил­чин бэлтгэх хөтөл­бөрийг” хэрэгжүүлж эх­ний ээлжийн 4700 гаруй суралцагч ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ ороод байгаа бөгөөд да­раагийн ээлжийн сургалт ирэх сарын 1-нд эхлэх юм байна.

 Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд суралцах 10 сарын хугацааг энэ жилээс хоёр дахин богиносгож, эхний гурван сард танхимын сургалтаар онолын мэдлэг өгч, да­раагийн гурван сард гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагууддаа дадлага хийж байгаа юм. Эхний жил тогоочийн сургалтад хамруулдаг, ажил олдохгүй бол ирэх жил нь үсчин, эсвэл му­жааны үнэмлэх олгодог ийм буруу тогтолцоог энэ жилээс алга болгон ажил олгогчдын захиалгаар сургалт явуулж, ажлын байраар хангаж эхэлсэн байна. 

Сургалтад хамрагдах таван сарын хугацаанд суралцагчдад сар бүр 190 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаа бөгөөд гэрээ байгуулсан аж ахуйн нэг­жид нь дадлагын хуга­цаанд улсаас нэг хүнд 65 мянган төгрөг олгодог байна. Иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө Засгийн газар ийм боломж олгож, хөрөнгө зарцуулж байхад иргэд хичээл зүтгэлтэй, санаачилгатай, хувийн зохион байгуулалт сайтай ажиллах хэрэгтэй гэдгийг иргэдтэй уулзахдаа Ерөнхий сайд зөвлөж байлаа.