Д.БОЛОР
Шударга ёсны эрэлд мордогчид Дорнодын Чойбалсан хотод чуулж байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод буюу хуучнаар Сэцэн хан аймгийн МАХН-ынхан орон нутагт тулгамдсан асуудлаа шийдэх гарц эрэлхийлэн их хуралдайг зохиож байгаа юм. Зүүн бүсийн их хуралдай нь бусад хурал цуглааны адил хэдэн дарга илтгэл тавьж оролцогчдыг унтуулсангүй. Харин ч үзэл бодлоо илэрхийлэгчдийн тоо 100-гаас хол давж УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг асуултаар дарлаа. Зарим нь ч бүр, Оюутолгойн ордыг гадаадынханд өгөөд зугтсан гэх МАН-ын нэгэн цагийн лидер С.Баярыг олж ир гэж зарлигдах аж. Л.Цог дарга Монголд нүүрлэсэн уул уурхайн хууль бус үйлдлийг баримтаар нь дэлгэж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал шударга сонгуулийн талаар иргэдэд мэдээлэл өгч, шударга хувьсгал хийх ёстойг тайлбарлалаа. Тухайлбал, “Шударга улстөрч шударга сонгуулиас төрдөг. Шударга сонгууль бол шударга хуулиас эхтэй. Хууль нь өөрөө хэн нэгний захиалгаар, хэн нэгэнд давуу эрх олгоогүй байх ёстой. Дорнодын гишүүн явсан Ц.Шинэбаяр нэг оновчтой үг хэлсэн байдаг. Ард түмний сонгуулиар биш автомат машины тусламжаар төр, захиргааны нөхөд төрж байна гэж. Энэ бол маш оновчтой үг” гэв. Харин Ц.Цолмон дарга ардчиллын үнэ цэнэ, төр иргэний үнэн түүхийг ярилаа. Тодруулбал, социализмын сул, давуу тал болоод ардчиллын сул давуу талыг олон нийтэд ойлгуулахыг хичээсэн. Нийгмийн тогтолцоо буруу жимээр орсныг ч онолын зүгээс тайлбарлаж Сэцэн хан аймгийнханд улс төрийн шинжлэх ухааны мэдлэг олгоод амжина лээ. Харин иргэдийн тухайд Дорнодод болж бүтэхгүй байгаа зүйлийг нэгд нэгэнгүй тоочлоо. Халдварт өвчлөлт хамгийн өндөр аймаг нь Дорнод юм байна. Тэр дундаа тал хувийг нь бэлгийн замын халдварт өвчин эзэлдэг гэх. Энэ бол хүний зан үйлийн алдаа. Харин нийгмийн бугшссан зан үйл гэвэл Засаг даргаа сонгож чаддаггүй, “Петро Чайна Дачин Тамсаг” компанид хулхидуулдаг гэхчилэн олон асуудал ярилаа.
Иргэн Р.Түдэв:
-2008 оны сонгуульд хоёр нам хоёулаа залилан мэхэлж, бүхий л муу муухай арга хэрэглэхийг оролдсон. Хоёр муу нөхөр уралдаж нэг нь түрүүлэх учраас МАН ялсан. Үүнд өширхсөн АН-ынхан тэр дундаа Ц.Элбэгдорж долдугаар сарын 1-ний үймээнийг өдөөн турхирч зохиосон. Үүний дүнд юу болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Би зөвхөн ганцхан сургамж ярьж өгье. Тэр юу гэхээр галдан шатаах ажиллагаа юм. Галдан шатаах гэдэг нь хүний сэтгэлзүйг дэврээдэг, омогшлыг бадраадаг зүйл. Үүнийг хэн санаачлав гэхээр Ц.Элбэгдорж болоод түүний нөхөд юм. Түүнд эр зориг байдаг юм бол уучлал гуйх ёстой.
Ахмад настан О.Хорлоо:
-Улс эх орноо гадаадынханд худалдаад байгаа хэсэг хүний талаар яримаар санагдлаа. Ийм хүний нэрийг бусдад яагаад ил тод зарлаж болохгүй байгаа юм бэ. Оюутолгойд хэдэн зуун лиценз өгсөн гэдэг шүү дээ. Тэгвэл эх орныхоо төлөө биш хувийн эрх ашгийн үүднээс бусдад өгсөн хүнийг олооч. Түүнээс гадна манай аймагт Мардай гэж оросууд байхдаа эзэмшиж байсан уурхай бий. Өнөөдөр энэ Мардайг Хятадын “Шинь шинь” гэдэг компани эзэмшиж байгаа гэх юм. Гэтэл тэр компани амьд амьтан, ургамлыг бүгдийг нь хордуулж байна. Иймд энэ уурхайг хаавал яасан юм бэ. Мөн “Петро Чайна Тамсаг” гэдэг компани цадигаа алдаж монголчууд биднийг дарлаж байна.
Ахмад настан Н.Бямбаа:
-“Ц.Элбэгдоржийг 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр ирснийг нь мэдэж байна. Тэр үед ч би хөл, гартай бүтэн биетэй явлаа. Одоо бол тийм чадал алга. Тэгэхэд юу болсон гэхээр Ц.Элбэгдорж дарга захаар яваад мэдрэл муутай, архичин, амьдрал дорой тийм хүнийг цуглуулаад мөнгө тарааж өгч байсан юм. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийн арга барил ердөө энэ. Энэ мэтчилэн түүний талаар яривал их юм байна. Өмнө нь хуулийн байгууллагад ажиллаж байсан учраас ингэж том дуугараад байгаа юм.
Мөн энэ өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дорнодын Бөхийн өргөөнд “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Эрүүл мэндийн яамнаас энэхүү хэлэлцүүлэгийг 21 аймаг, бүх дүүрэг, хотуудад явуулж байгаа юм. Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг тусган эрүүл мэндийн нэгдсэн стратеги боловсруулах гэнэ. Сайд хэлсэн үгэндээ “Монгол улсын хэмжээнд архидалт их байгаа төдийгүй нэг хүнд ногдох архины хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Нэг хүнд 40 литр архи согтууруулах ундаа ногдож байгаа нь үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнол аюул учруулж байна” хэмээн онцоллоо.