Б.НЯМСҮРЭН
Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаан өчигдөр боллоо.
УИХ-ын чуулганы хуралд Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг, ногоон нам, бие даагч гишүүдээс гадна УИХ-ын нээлтийн хуралдаанаас хойш чуулганы танхимд хөл тавиагүй Ардын намын гишүүд хүрэлцэн ирж 58 гишүүнтэйгээр хуралдаан эхэлсэн юм. Монгол Улсын түүхэнд дахин нэг Засгийн газрыг бүрдүүлэх эрх олгож, Ерөнхий сайдыг томилсон чуулганы хуралдааны тоймыг хүргэе.

МАН-ЫН БҮЛЭГТЭЙ БОЛОХ ОРОЛДЛОГО БҮТЭЛГҮЙТЭВ
Сар гаруйн хугацаанд тунирхсан Ардын намынхан чуулганы хуралдаанд сууж эхэллээ. Ж.Батсуурь гишүүнийг намын нөхдөөсөө түрүүлэн танхимд орж ирэхэд хэдийнэ байраа эзлээд байсан Ардчилсан намын гишүүд алга ташин угтан авсан юм.
УИХ-ын дарга хэлэлцэх асуудлыг танилцуулахаас өмнө МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ардын намын гишүүд яагаад чуулганы танхимд орж ирэх болсон тухай шалтгаанаа товчхон тайлбарлав.
Тэрээр Ардчилсан намын дарга болон бүлгийн дарга нартай удаа дараа уулзалт хийж хоёр талаас зөвшилцөлд ойртсон учраас Ардын намын бүлэг Их хурлын үйл ажиллагаанд оролцох нь зүйтэй гэж үзсэнээ тайлбарласан. Мөн “Сүүлийн үед Ардын намыг Засгийн газарт орохын тулд ингэж байна, Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдлоо зэргээр ярих боллоо. Бид хүчтэй, хариуцлагатай сөрөг хүчин байх болно. Шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон гэж байгаа нь зарчимгүй асуудал” хэмээв. Мөн өчигдөр үдээс хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга Н.Алтанхуяг, МАН-ын дарга Ө.Энхтүвшин нарыг хүлээн авч Их хурлын ажлыг бүрэн бүрэлдэхүүнээр явуулах чиг өгсөн ч нь МАН-ын гишүүдийг чуулганы танхимд орж ирэхэд нөлөөлсөн бололтой.
Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд УИХ-ын даргыг сонгосон анхдугаар хуралдаан хууль зөрчсөн учраас дахин санал хурааж баталгаажуулъя гэсэн горимын санал хэлсэн юм.
Мэдээж түүнийг нь Ардчилсан намынхан хүлээж авсангүй. Гишүүд “Олонхи шийдсэн. Танай нам оролцоогүй бол олонхийн шийдвэр ч баталгаатай биш юм уу” хэмээн ам асууж байлаа. Удтал маргалдсаны эцэст Н.Энхболд гишүүний горимын саналыг Их хурлын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулах эсэхээр санал хурааж, гишүүдийн олонх нь зөвхөн Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Гэтэл Ардын намын дарга Ө.Энхтүвшин гишүүдийн үгийн далимд бүлэг байгуулах хүслээ биелүүлэхээр зүтгэв. Тэрээр олон гишүүд хорьж байсан ч “Манай намын бүлэг аль эрт байгуулагдсан. Харин УИХ-ын даргад өргөн мэдүүлэх нь тодорхой шалтгаанаар саатсан” хэмээн тайлбарласаар МАН-ын бүлэг байгуулсан тухай 2012 оны долдугаар сарын 24-ний өдрийн тухай тогтоолоо уншиж танилцуулсан.
МАН-ын бүлэг байгуулах тухай шийдвэрийг хүлээж авсан З.Энхболд дарга “Одоо шууд хүлээж аваад бүлэг байгуулснаар тооцвол хууль зөрчинө. Тиймээс нэг л гарц бий. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирж шийдэж болно” хэмээн эл асуудлыг эцэслэлээ.
УИХ-ын чуулган эхэлснээс хойш цаг гаруйн дараа л үндсэн асуудалдаа орж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилохыг хэлэлцлээ.
АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар томилуулах хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их хуралд танилцуулав.
Хүчтэй сөрөг хүчин байхаа мэдэгдээд байгаа МАН-ынхан ажлаа эрчимтэй эхлэхийг хүссэн бололтой. Нэр дэвшигч Н.Алтанхуягаас асуулт асуух гишүүдийн олонх нь Ардын намынхан байлаа.
Д.Дэмбэрэл:
-Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх бол. Яам, агентлагийн тоог нэмэх тухай дуулдаж байгаа. Ингэж бүтцийг өөрчлөхдөө төрийн албан хаагчдын тоог нэмэх үү эсвэл одоогийн байгаа хэмжээнд хадгалж өөрчлөлт хийх үү. Сүүлийн үед инфляц нэмэгдэж иргэдэд ихээхэн хүндрэлтэй байгаа. Үнийн өсөлтийг сааруулах талаар ямар арга хэмжээ авах вэ?
Н.Алтанхуяг:
-Дөнгөж саяхан та Улсын Их хурлын дарга байсан. Инфляцийн хувьд, биднийг сонгууль гэсээр байтал үнэхээр үнэ гэдэг нь талийчихлаа. Энэ бол шинэ Засгийн газрын ажилтай гэхээс илүү одоогийн Засгийн газрын ажилтай илүү холбоотой. Тиймээс надаас үнийн өсөлтийн талаар юу хийх вэ гэж асууснаас өөрсдөө юу хийснээ харах нь илүү дээр болов уу. Мэдээж үнийн өсөлтийг бууруулахын төлөө шинэ Засгийн газар ажиллах болно. Гэхдээ одоо өдрийн 120 сая төгрөгийн хоосон хүү төлж байгаа Хөгжлийн банкийг бид хүлээж авч байгаа шүү. Яамдын тоог нэмэгдүүлэх зүйл ч байгаа. Одоогийн бүтцээр нэг хүнд их ачаа өгөөд тэр нь хийсэн ч юм шиг, хийгээгүй ч юм шиг дундаа орхигдох байдал их байна. Тиймээс хариуцлагыг чангатгая, үүргийг тодорхой болгоё гэдэг байр суурьтай байгаа. Гэхдээ төрийн албаны одоогийн байгаа хэмжээнд тааруулж өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.
Н.Энхболд:
-Монгол Ардын нам бол сонгогчдын 40 орчим хувийнх саналыг авсан. Тийм учраас манай намын мөрийн хөтөлбөрөөс ямар байдлаар шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгах вэ. Танай хамтарч байгаа “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт газрын доорх баялгийг 100 хувь ард түмний мэдэлд өгнө гэсэн заалт бий. Үүнийг та хэрхэн ойлгож, хүлээж авч байгаа вэ. Энэ асуудал танай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт яаж тусах вэ?
-Хуульд “Олонх болсон нам Засгийн газраа бүрдүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулна” гэж заасан. Түүгээрээ явна. Гэхдээ бид МАН-ын мөрийн хөтөлбөр гээд хаяхгүй. Авах, гээхийн ухаанаар хандана. Бид мөрийн хөтөлбөр боловсруулахдаа иргэдээс нээлттэй санал аваад эхэлчихсэн. Мэдээж хамтарч байгаа нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс харилцан ярилцаж оруулна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрт байгаа байгалийн баялгийг 100 хувь ард түмний мэдэлд өгөх тухайд олон удаа асууж байна. Зарчмын хувьд “Шударга ёс” эвслийн ард Монголын баялаг Монголдоо байх ёстой гэсэн заалтыг зөв гэж бодож байгаа. 100 хувь биш ч гэсэн ихэнх нь ард түмний мэдэлд байхыг дэмжиж байгаа.
Г.Уянга:
-Н.Алтанхуяг дарга манай “Шударга ёс” эвслийн бүлэгт орж ирээд асуултад хариулж байхдаа сандал ширээ, албан тушаал чухал биш гэдгээ онцолсон. Танай Засгийн газар ямар томоохон шинэчлэлтийг хийх вэ?
Н.Алтанхуяг:
-Хамтарч байгаа нам, эвслүүдийн хөтөлбөрүүдийг судлаж, харьцуулж байгаад Засгийн газар мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Хамгийн гол нь ард иргэд маань ажилтай, орлоготой болох, хээл хахуулийг арилгах, “Шударга ёс” тогтоосой гэсэн чин хүсэлтэй байгаа гэж бодож байна. Тиймээс энэ асуудлуудад илүү анхаарч ажиллана.
С.Бямбацогт:
-Засгийн газар одоо 11 яам, 13 сайдтай үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Засгийн газрыг 19 яам, 21 сайдтай байх тухай яриа гарах боллоо?
Н.Алтанхуяг:
-Монгол Улс 2,8 сая хүн амтай. Одоогийн байдлаар Монгол Улс 2012 оны олимпийн наадмаас таван медаль авчихаад байна. Энэ бол Монгол Улсын хувьд багагүй амжилт, цаашдаа ч энэ амжилтыг бататгах, Монголын үндэсний урлаг, спортын брэндийг бий болгох ёстой. Энэ утгаараа Соёл, спортын яам байгуулна. Мөн ажил үүрэг нь зохицдоггүй Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ч юм уу тиймэрхүү агентлагуудыг яам болгож статусыг нь өөрчилвөл үүрэг хариуцлага нь илүү тодорхой болно гэж үзэж байгаа.
Ж.Энхбаяр:
-Яагаад стратегийн ач холбогдолтой ордуудыг 100 хувь ард түмний мэдэлд байх тухай “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийн заалтыг дэмжиж байгаагаа тайларлахгүй юу?
Н.Алтанхуяг:
-100 хувь гэж би хэлээгүй. Ард түмэнд ахиу байх нь Монголчуудад хэрэгтэй гэсэн үүднээс хандаж байна.
Ц.Нямдорж:
“Шударга ёс” эвслийн гэрээнд Оюутолгойн Монголын хувь хэмжээг 51 болгох тухай заалт байгаа. Үүнийг мөрийн хөтөлбөртөө оруулна гэж ойлголоо?
Н.Алтанхуяг:
-Эрдэнэтийн хувь ч анхнаасаа 51 байгаагүй. Тодорхой хугацааны дараа 51 болсон. Түүн шиг Оюутолгойг ч бас заавал одоо биш ч гэсэн яваандаа, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ч юм уу 51 хувь болговол Монголын ард түмний халаасанд орох мөнгө л нэмэгдэнэ гэж ойлгож байгаа.
Ийнхүү гишүүд асуулт асууж, нэр дэвшигч хариулт хэлсний дараа зарим гишүүн саналаа хэлсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт АН-ын даргад амжилт хүсээд, нэг л зангаараа байгаарай хэмээн захисан бол Г.Уянга гишүүн “Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөрийг биелүүлэх үүрэг, мандатыг ард түмнээс авч энд сууж байгаа учраас хамтарсан Засгийн газрыг дэмжиж байгаа. Тиймээс мөрийн хөтөлбөрт заавал эвслийн мөрийн хөтөлбөрийн гол гол заалтуудыг тусгахыг хүссэн юм.
Харин намынх нь гишүүн С.Баярцогт шинэ Засгийн газар өмнөх Засгийн газруудаас илүү их шинэчлэлт хийх нөхцөл байдалд байгааг санууллаа.
Ийнхүү хуралд оролцсон гишүүдийн 42 нь дэмжиж, 72.4 хувийн саналаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томиллоо.
Н.АЛТАНХУЯГ: ШИНЭЧЛЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БИД ӨНӨӨДРӨӨС ХИЙНЭ
Ерөнхий сайдаар томилогдсон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг гишүүдэд хандан чуулганы индрээс үг хэлсэн. Тэрбээр “Ард түмний үүрэг болгосон шинэчлэл өөрчлөлтийг хийсэн шиг хийх хэрэгтэй. Шинэчлэл хийнэ гэдэг нь төсвийг цөлмөхийг хэлэхгүй, ард түмэндээ нээлттэй, ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлсэн ажлыг ажил хэрэг болгох нь чухал. Ардчилсан Засаг авлигын аранга байх болно. Болохгүй байгаа бүхнийг засдаг, хүн бүрийн тунгалаг тусгал нь байх болно. Шинэчлэлт өөрчлөлтийг бид өнөөдрөөс хийнэ. Шинэчлэлтийг багаар л хийдэг. Засгийн газарт орсон ороогүй энэ бүхэн бүгдэд хамаатай. Түмэн олон төр улсынхаа төлөөх хатуу шүүмжлэлийг бид хүлээн авах болно. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” хэмээн үгээ төгсгөлөө.