Танд шинэ оны мэнд хүргэж ажлын амжилт хүсье.

УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын хамт олон энэхүү өргөдлийг бичих аргагүй байдалд хүрч та бүхэнд хандаж байна.

УБТЗ-ын Дуу бүжгийн чуулга нь Соёлын ордон байхаасаа Чуулга хүртлээ хөгжиж өнөө хүртэл олон арван алдартай уран бүтээлчдийг төрүүлэн гаргасан 57 жилийн түүхтэй байгууллага юм. Энэ чуулгынхаа ирээдүйн байдалд чин сэтгэлээсээ санаа зовж дуугүй сууж чадахгүй байгаа хамт олон бид, та бүгдэд хандаж  энэ асуудалд үнэн зөв шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

Дуу бүжгийн чуулгын захирлаар Дондогням овогтой Бямбажав нь 2012 оны 10 сарын 8-нд томилогдон ирсэн билээ.

Үндсэн ажлын талаар:

            Томилогдон ирээд 3 сар болоход байгууллагын орлого нэмэгдүүлэх талаар болон шинээр хийсэн ямар ч ажил байхгүй. Төмөр замын байгууллагын онцлог болон дотоод ажил яаж явагддаг талаар ямар ч мэдлэггүй. Мөн удирдах албан тушаалтанд байвал зохих санхүүгийн мэдлэг огт байхгүй. Байгууллагын тусдаа данс нээн түүнээсээ зарцуулна гэсэн. Байгууллагын тамгыг гадуур машиндаа авч явдаг.

            Нийт ажиллагсдын хурлыг 7 удаа хийхэд 7-ууланд нь арга хэмжээ авч бүгд 22 хүнд арга хэмжээ авсан. Уран бүтээлийн талаарх хурал нэг ч удаа болж байгаагүй.

            Аливаа байгууллагын удирдлага, байгууллага дээр болж байгаа сайн муу алдаа дутагдал, аливаа доголдож буй асуудлыг дотооддоо шийддэг байтал асуудлыг шийдэж чаддаггүй, юм л бол хүнээс асууна гээд асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа алддаг.

            Д.Бямбажав нь байгууллага удирдах чадваргүй, мэдрэмжгүй, урлагийн байгуллагын удирдлагын ажил хийх ёс суртахуунгүй, мэргэжлийн чадваргүйн улмаас өөрийн хувийн сонирхлоор Дуу бүжгийн чуулгад зайлшгүй байх шаардлагатай бүжгийн багш, менежерийн орон тоог үгүй болгож батлуулах замаар мэргэжлийн уран бүтээлчдийг хоморголон халж байна. Үүнд: Уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах чадвартай, олон жил урлагийн байгууллагад ажилласан УГЗ. Д.Цэвээнравданг хамгийн түрүүнд тэтгэвэрт нь суулгах нэрээр шахан гаргаж халаа солиог хийж эхэлсэн.

            Мөн бүжигчин Ц.Ганбаяр, Э.Батболд нарыг амралтын өдөр ажил дээр халамцуу орж ирж хувцсаа солиод гарах зуурт нь гар хөл бологсдын мэдээллээр орж харсныхаа төлөө ажлаас халсан. Эдгээр хүмүүс ажлын байранд огт архи уугаагүй юм.

            Бүжигчин, бүжгийн багшийг хавсран ажиллаж байгаа М.Оюунцэцэгт халагдах мэдэгдэл өгч дарамталсны улмаас бүжигчин М.Оюунцэцэг нь ажлын байрандаа даралт нь ихсэж бие нь муудан 103-ын түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн.

            Урлагийн байгууллагыг удирдах гэж ирсэн мөртлөө уран бүтээл хийх талаар огт ярихгүй, байнга хурал зарлаж захиргаа аж ахуйн ажилтнуудтай хэрүүл хийж, арга хэмжээ авна хэмээн байнга доромжилж сүрдүүлдэг. Байгууллагын өдөр тутмын ажлыг явуулахад маш хүнд байна.

            Гэрлийн техникч С.Отгонбаярыг шинэ жилийн захиалга авсан ид ажлын үеэр ажлаас халж оронд нь Ганхуяг гэгч мэргэжлийн бус хүнийг ажилд авснаар МСҮТ, ВОХР зэрэг байгууллагын арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж манай байгууллагад гомдол ирүүлэн заалны түрээсийн төлбөрийг бүрэн гүйцэд авч чадахгүйд хүргэсэн.

            Техникч С.Отгонбаярыг халсныхаа дараа огт танихгүй, тушаал гараагүй нэр нь үл мэдэгдэх хүнд ня-бо-г дуудаж ирүүлээд “ажлыг хүлээлцүүлж өг” гэж шаардаж хууль эрх зүйн хувьд ажил хүлээлцэх боломжгүй гэсний төлөө хуулийн зөвлөх Баясгаланг дуудаж авчиран хүчээр ажил хүлээлцэхийг шаардсан. Хуулийн зөвлөх Баясгалангаас бичиг хэрэг Т.Батцэнгэл, ня-бо С.Мөнгөнцэцэг нар нь Д.Бямбажавын гаргаж байгаа зан авир, ажлын алдаа дутагдлын талаар асууж лавлахад:

            Баясгалан: - “Чи наад 4 хүүхнээ нэг удаа баардуулчихаач. Тэгээд л дуугүй болно ш дээ” хэмээн илт басамжлан доромжилсон.

            Менежер Х.Алтынгүлийг орлого олохыг шаарддаг мөртлөө олж ирсэн орлогын үнийг бууруулж 4 удаагийн тоглолт, захиалгаас 1.515.000 төгрөгийн орлогыг хаасан. Энэ тухай ахлах ня-бо тухай бүрд нь шаардахад “Энэ чамд хамаагүй, чи дуугүй бай. Чи өөрийнхөө ажлыг л хий” гэдэг.

            Шинэ жилийн үеэр ахлах ня-бо-д өөрөө 2 байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд 1 сая төгрөгөөр дуулна, илүү цагаар ажилласаныхаа төлөө ямар шагнал авах вэ хэмээн дээрэлхэх мөртлөө ТЗ-ын гадаад харилцааны хэлтсийн шинэ жилийн арга хэмжээний үеэр хөтлөгч, 3 дуучнаа нийтэд нь 50000 төгрөгөөр үнэлж явуулж байгаа нь орлогын төлөвлөгөөгөө биелүүлэхийн төлөө үргэлж зүтгэж байдаг уран бүтээлчдийн урмыг хугалж байгаа явдал болж байна.

            Тус чуулгын орлогын ихэнх хэсгийг оруулдаг түрээсийн 13 байгууллагад нэгэн зэрэг “Байр чөлөөлж өг, гар” гэж ямарч үндэслэлгүйгээр мэдэгдэл өгч чуулгын орлогыг хаасан. Түрээсийн байгууллагууд 10900,0 мян төгрөгийн орлогыг сард оруулдаг.

            2013 оны байгууллагын орон тоог өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн 42 хүний орон тоотой байгууллагад “ дэд захирал, орлогын менежер” гэсэн орон тоог батлуулж ирсэн нь мөн л хувийн ашиг сонирхлоо хангах гэсэн 1 алхам болж байна.

            Чуулгын дуучдын орон тоо бүрэн байсаар байтал Эрдэнэсайхан гэгчийг 2013 оны 1-р сарын 7-ны өдрөөс дагалдан дуучнаар цалинжуулан ажиллуулахаар авсан. Энэ хүн нь хоолойн дасгал уншиж мэдэхгүй, өнгөө олж дуугарч чадахгүй, мэргэжлийн урлагийн сургууль төгсөөгүй, компьютерийн программист мэргэжилтэй ажээ.

            Ер нь түүний шинээр ажилд авсан хүмүүс нь өөрийнх нь ойрын хамаатан садан байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.

            Уран бүтээлийн талаар:

            Д.Бямбажав дарга нь уран бүтээлийн ямар нэг шинэ зүйл хийгээгүй, байгууллагын удирдах дарга хүн мөртлөө энэ жил хийх уран бүтээлийн төлөвлөгөө огт байхгүй, гаргадаг гэдгийг ч одоо болтол мэдэхгүй явж байна. Д.Бямбажав нь урлагийнхан дундаа ямар ч нэр хүнд байхгүй, ажилчидтайгаа шинэ уран бүтээл хийх талаар ярьж санаа бодлоо солилцоогүй. Байгууллагын даргаар сонгогдсоны дараа 11-р сарын 2, 9-нд тоглосон “Эгшиглэнт галт тэрэг мину” тоглолтод  зөвхөн үзэгч, шүүмжлэгчийн байр суурьнаас хандсан. Орлого олох тухай огт ярьдаггүй, хэн ямар алдаа дутагдал гаргав гэдэг дээр л анхаарлаа хандуулж цагийг өнгөрөөж суудаг.

            Ёссуртахууны талаар:

            Ажилчидтайгаа их дээрэнгүй, харьцааны соёлгүй бүдүүлэг харьцдаг. (Өөрөө соёл урлагийг түгээх дуучин хүн). Юм л бол чи дуугүй бай, чамаар заалгахгүй гэж загнадаг. Ажил байдлын тодорхойлолтод заагаагүй, хийх боломжгүй ажлуудыг хийхийг тулган шаарддаг. Түүнийг хийх боломжгүй байна гэж хэлэхлээр  “чи ажлаа хийж чадахгүй байна, чамд шийтгэл өгнө. Цаашид ажиллаж чадах эсэхээ бичиж өг” гэж дарамталдаг. Үүнд: чардакан дээр байдаг гадагшаа гардаг цонхыг ганцаараа дулаал, жижүүрийн ширээг бусдын тусламжгүйгээр өөрөө хий гэж дарамталдаг. Эмэгтэй хүнд тусалсан жижүүрийг няравт тусаллаа гэж арга хэмжээ авсан.

            12 сарын 24-ны өдөр ажилчдын хурал хийж нийт 6 хүнд арга хэмжээ авсан. Үүнд 3 хүнд сахилгын шийтгэл, 3 хүнд ажлаас халах арга хэмжээ авсан. Шинэ жилийн арга хэмжээний захиалга авсан энэ үед тайзны гэрэл дууны техникчийг ажлаас халж 12 дугаар сарын 26-ны өдөр ня-бо-г дуудаж ажлыг хүлээлц гэсэн. Тушаал шийдвэр нь хаана байна гарсан уу гэтэл чи өөдөөс яасан олон юм ярьдаг юм бэ чамд арга хэмжээ авна гэсэн. Тушаал гараагүй хүнд байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэн өгч чадахгүй гэж ня-бо хэлсэн. Ажил хүлээлцэх тушаал гаргаагүй байхад дууны техникч С.Отгонбаярыг түлхүүрээ өг гэж сүрдүүлж цагдаа дуудаж хаалгыг чинь эвдэлж орно шүү гэсэн байсан. Байгууллагын удирдах ажилтан хүн ийм зүйл хэлж, хийж болдог юм уу.

            Бичиг хэрэг, кассын няравын өрөөнд нь дайран орж ажлын байранд нь ширээн дээр байсан бүх бичиг баримтыг булаан авч өрөөндөө орж хаалгаа дотроос нь түгжиж байсан ба энэ нь ажилтан хүний хөдөлмөрлөх эрхэнд бүдүүлгээр халдаж ёс зүйгүй байдлыг гаргасан. Мөн байгууллагын албан бланкыг надад өг гэж удаа дараа өөрөөс нь болон хамт олны дунд шахаж дарамталсан.

            Мөн нягтлан бодогчоо өрөөндөө дуудан ирүүлээд 2 удаа камерын бичлэг хийсэн. Яах гэж камердаад байгаа юм бэ? гэхэд баримтжуулж байна гэсэн.

            Мэдлэг чадварын талаар:

            Байгууллагын дарга хүн байж тушаал шийдвэр бичиж чаддаггүй. Албан тоот бичгийн бланкан дээр тушаал бичсэн. Бичсэн тушаал нь ялангуяа сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь утга агуулга хэл зүйн найруулга талаасаа ойлгомжгүй, алдаатай байдаг.

            Иймд Д.Бямбажавын ДБЧ-ын захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн хугацааны ажил үүргийн биелэлт, удирдлагын арга барил, удирдах ажилтны ёс зүй, мэдлэг чадвар, хөдөлмөрийн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрхэн биелүүлж байгаад салбарын яам, УБТЗ-ын удирдах газар, мэргэжлийн хяналтын байгууллагыг оролцуулан хамтарсан шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгнө үү. Ингэхдээ бүх ажилчидтай нэг бүрчлэн уулзаж санал хүсэлтийг нь судлахыг хүсье.

            Бид Д.Бямбажавыг тус чуулгын захирлаар ажиллах удирдах ажилтны ёс зүйгүй, чадваргүй хэмээн үзэж байна. Энэ нь түүний өмнө нь ажиллаж байсан байгууллагууд, хамт олны үнэлэлт дүгнэлт, цагдаагийн байгууллагад удаа дараа шалгагдаж байсан зэргээр батлагдана.

            Д.Бямбажавыг хаацайлан хамгаалдаг тодорхой өндөр албан тушаалтнууд ТЗ-ын удирдах газар байдаг бөгөөд тэд манай хамт олны ашиг сонирхол, эрх ашгийг бодохоос илүүтэйгээр түүнийг энэ албан тушаалд байлгаж гар хөлөө болгохыг эрмэлзэж байна гэж бид үзэж байна.

            Бид та бүхэнд ийнхүү хандсан нь хувийн эрх ашгийн сонирхол биш бөгөөд олон жилийн түүхтэй уран бүтээлийн арвин баян намтартай байгууллагаа гэсэн чин эрмэлзэлдээ хөтлөгдсөн болохыг хариуцлагатайгаар уламжилъя.

            Дээрх зүйлийг дэмжиж чуулгын ажилчид гарын үсгээ зурав.