
Б.ЭНХТУУЛ
“Хар бараан, харгис хэрцгий” гэж тодорхойлоход ч бэрх ийм нэгэн мэдээлэл хүргэж байгаадаа уншигчдаасаа хүлцэл өчье. Гэхдээ бодит амьдралд болсон явдлыг тоо баримттайгаар мэдээлж , эцэг эхчүүдэд сэрэмжлүүлж байна. Итгэж ядаад, эргэлзэж тээнэглэзээд хоёр гурван хуудас сөхөж, хугацаа алдав. Үнэхээр “Хэнэггүй, тэнэг зантай” хэмээн гадныханд гоочлуулдаг монголчууд бидэнд сүүлийн хоёр, гурван жилд гарсан зам, тээврийн осол, гэмтлийн талаарх судалгаа ийм нэгэн аюулын харанга дэлдсэн мэдээллийг өгч байна.
СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД 1752 ХҮҮХЭД АВТОМАШИНД ДАЙРУУЛЖ, 24 ХҮҮХЭД НАС БАРЖЭЭ
Үртэй, хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг сэвтүүлж, ар нуруунд нь айдас хуруулсан, энэ мэдээлэл хэн хүнд тийм ч таатай сонсогдохгүй нь мэдээж. Гэсэн ч тоо дурдъя. Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн байдлаар зам тээврийн осолд хүүхэд өртсөн, бүртгэгдсэн тохиолдол 4089 байна. Үүнээс Улаанбаатар хотод 3639, орон нутагт 450 гарчээ. Ослын улмаас нийт 218 хүүхэд нас барж, 3985 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртэн тахир дутуу болжээ. Магадгүй, сүүлийн зургаан жил гэхээр хол сонсогдож байж мэднэ. Тэгвэл сүүлийн хоёр жилд зөвхөн нийслэлд 1752 хүүхэд автомашинд дайруулж, 24 хүүхэд нас барсан гэх харамсалтай мэдээ байна. Шуудхан хэлэхэд, энэ чинь “Өдөрт хоёр хүүхэд бэртэж, сард нэг хүүхэд нас барж байна” гэсэн үг.
Өнөөх “Хүрэл чулуун зүрхтэнгүүд” гэдэг шиг хэтэрхий тэнэг, анзааргагүй явж байгаа юм биш биз, бид. Одоо урин дулаан орлоо. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байшин дотор хөлхөж, өдрийг өнгөрөөдөг цаг ард хоцорч байна. Гадаа гудамжинд тоглож наадах нь элбэгшээд, хальтиргаа гулгаанаас айж, эцэг, эхийнхээ гараас зуурч явдаг үе өнгөрч байна. Тиймээс холбогдох албаны хүмүүст “Хотын сургуулиудыг камержуулъя” гэсэн саналыг тавьж байна.
ХҮҮХДҮҮД ИХЭВЧЛЭН 07:00-21:00 ЦАГТ ОСОЛД ӨРТДӨГ
Энэ мэдээллийг Замын цагдаагийн газрынхан өгч байна. Энэ бол сургууль, цэцэрлэг цугладаг, тардаг үе. Тиймээс тэр хавийн уулзвар, сургуулийн ойр орчимд хяналтын камер байрлуулж, замын хөдөлгөөнийг нь хянадаг болъё. Тэгээд хурд хэтрүүлсэн, хүүхэд шүргэсэн, гэрлэн дохио зөрчсөн гэх мэт зөрчлүүдийг камераар хянаж илрүүлээд торгохыг нь торгож, хариуцлагыг нь өндөржүүлье. Тэгвэл сургууль, цэцэрлэгийн хүүхэд шүргэчихээд хамаг буруугаа бага насны хүүхэд рүү чихдэг, “Би ямар ч буруугүй” хэмээн өөрсдийгөө цэвэрхэн авч гардаг жолооч нарын зальжин арга алга болно. Мөн бага насны хүүхдэд зам тавьж өгөх, эрх үүргээ ухамсарлахад нь тус дэм болно.
ЯДАЖ, 70 ГАРУЙ СУРГУУЛИЙГ КАМЕРААР ХЯНАДАГ БОЛЧИХВОЛ...
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд ойрхон байрладаг, хүүхдүүд нь осолд орох эрсдэлтэй 70 гаруй сургууль байдаг. Эдгээр сургуулийн ойр орчмыг камераар хянадаг болчихвол тэр хавийн автозамын хөдөлгөөнийг хянахын зэрэгцээ осол гарахаас нь урьдчилан сэргийлж чадах юм. Хоёрдугаарт, хэрэг зөрчил гарсан тохиолдолд эзнийг нь олж хариуцлага тооцох механизм руу шилжинэ. Энэ нь хүүхдүүдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалахад чухал арга хэмжээ болж чадна.
Нийслэлд хаана, хэдэн камер байдгийг судалж үзлээ. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.Батцоож “Нийслэлийн хэмжээнд манай мэдлийн 100 камер байдаг. Төв дээрээс шууд дүрсээр нь хянадаг 27 камер байгаа. Үлдсэн нь хөдөлгөөний хурд, ачааллыг харуулдаг, тээврийн хэрэгслийг тоолдог камерууд байна. Зөрчил гаргасан, хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг бүртгэж авдаг камерууд ч байдаг. Автомашинуудыг эрэн сурвалжлахад зориулсан бүх машиныг 24 цагийн турш бүртгэдэг камерууд ч бас бий” хэмээн ярьж байна. Мөн нийслэлийн замын санд жил бүр таван тэрбум гаруй төгрөг төвлөрдөг гэсэн мэдээ байна. Тийм болохоор энэ ажлыг хийвэл боломж, бололцоо бий. Харин санаачлага дутаад байгаа юм шиг.
Эцэст нь хэлэхэд, бид хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэх мэдээллийг өдөр бүр сонсдог болсон. Тоог нь сонсоод сэтгэл өвдөж байгаа болохоос биш үнэндээ бидний олонхи нь үүнийг тоохоо больчихсон. Гэтэл ганцхан жилийн дотор 11 аав, ээж хайртай үрээ зам тээврийн ослоор алдаж байна. Хоёр жилийн дотор энэ тоо 24 болж өслөө. Иймд хүүхдүүдээ болзошгүй эрсдлээс хамгаалъя. Эцэг, эхчүүд ч санаачилгатай байя.
Хүүхэд бүрийг хамгаалъя
“Манай сургуулийн олон хүүхэд машинд дайруулсан”
Д.ГАНТУЛГА
Хүүхдүүдийн олонхи нь хичээлдээ ирж, буцах цагаар осолд өртдөг. Хүүхдүүд зам тээврийн осолд өртдөг гол шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн орчин дахь гарц, гэрлэн дохио, тэмдэглэгээгүй зам. Мөн хариуцлагагүй жолооч нарын буруутай үйлдэл. Тиймээс энэ тухай замын хөдөлгөөнд ойрхон байрладаг зарим сургуулийн хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонсов.
76 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Амарзаяа:
-Аюулгүй байдлаа хангах үүднээс замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцдог. Үргэлж гарцаараа гардаг. Жолооч нар их түрэмгий зантай. Хүүхдүүдэд зам тавьж өгдөггүй.
76 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Э.Буянхишиг:
-Гэр хороололд гэрлэн дохиолол байдаггүй. Мөн зарим замын явган хүний гарцны цагаан шугам арилсан байдаг. Жолооч нар гарцаар гарч байхад хүртэл зам тавьж өгдөггүй. Заримдаа манай сургуулиас хүүхэд машинд дайруулсан гэж сонсогддог.
IX дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Ч.Төгөлдөр:
-Би үргэлж гарцаар гардаг. Гэсэн ч жолооч нар зам тавьж өгөхөөсөө илүүтэй дайрчих шахам өнгөрдөг. Манай сургуульд машинд дайруулж байсан хүүхдүүд байдаг. Манай ангийн нэг хүүхэд хүртэл машинд дайруулж байсан.
IX сургуулийн 8 дугаар ангийн сурагч Э.Болорзаяа:
-Манай энд гэрлэн дохио байдаггүй. Бид үргэлж гарцаараа гардаг. Зарим жолооч зам тавьж өгдөг. Манай сургуулиас бага ангийн хүүхдүүд машинд дайруулсан гэж сонсогдсон. Жолооч нараас замын хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож хүүхдүүдэд зам тавьж өгөөсэй гэж хүсч байна.
67 дугаар сургуулийн IX дүгээр ангийн сурагч А.Чойжамц:
-Би гарцаар гардаг. Жолооч нар огт зам тавьж өгдөггүй. Зарим нь бүр явган хүний гарцан дээр машинаа зогсоодог. Манай сургуульд машинд дайруулж байсан хүүхдүүд олон байгаа.
67 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ:
-Гэр хороололд гэрлэн дохиолол байхгүй болохоор зам хөндлөн гарах үед бидэнд хүндрэлтэй байдаг. Бид гарцаараа гардагч жолооч нар зам тавьж өгөх нь ховор учраас зарим хүүхдүүд машинд шүргүүлэн гэмтэж бэртэх нь элбэг байдаг.