Н.МӨНХЖИН

Лондонд улс төрийн орогнолоор амьдарч байсан Оросын бизнес­мэн, олигарх Борис Березовский гэнэт таалал төгссөн нь дэлхийн хэвлэл мэдээл­лийн гол сэдэв болж байна. В.Путиний дэглэмийг хүчтэй шүүмжлэгчийн гэнэтийн үхэл олон таамаг, сэжиг дагуулж байгаа юм. Их Британид цагаачлан амьдарч байхдаа полони хэмээх асар хортой бодист хордон амь насаа алдсан Оросын тусгай албаны экс тагнуулч Александр Литвиненко­гийн үхэлд Их Британийн тал Оросын тагнуулч­дыг, тэр тусмаа ОХУ-ын Холбооны аюулгүй албаны ажилтан Андрей Луговойг (эдүгээ Думын гишүүн) гол сэжигтнээр нэрлэсэн билээ. Гэвч ОХУ түүнийг Их Британид шилжүүлэн өгөхөөс татгалзсан юм. “Известия” сонин А.Луговойтой уулзаж, Березовскийн үхлийн талаар асуужээ.

-Андрей Констан­тино­вич, тантай ярилцах гэсэн юм...?

-Нуулгүй хэлэхэд, ярилц­­лага өгсөөр байгаад залхаж байна шүү. Ам минь бүр чилжээ...

-Өнөөдөр бүгд л Бере­зовс­кий амиа хорлов уу, эсвэл түүний үхэлд ямар нэг тусгай албад холбогдов уу гэж таамаг­лаж байна?

-Хэн ч түүнийг хордуу­лаагүй, хэн ч түүнийг хө­нөөгөөгүй. Минийхээр бол, тэр амиа хорлосон гэдэг хувилбар л үнэнд дөхөж очих болов уу. Тэр сэтгэл санааны гүн хям­ралд орсон байсан.

-Березовский нас бар­сан байшинд мэргэ­жилт­нүүд хими, цацраг идэвхт бодисын шинжилгээ хийж байна хэмээн Британийн хэвлэлүүд бичиж байна. Энэ нь юутай холбоотой байж болох вэ?

-Литвиненкогийн хэ­рэгт сэжиглэгдсэн хүмүү­сийн нэг нь Березовский байсан. Тиймээс тэд да­хин бүгдийг нягтлахыг хүссэн биз. Британийн нийгэм полонийн айдаст автчихсан л даа. Полони хаа сайгүй “нүдэнд нь харагдаж” байгаа биз.

-Та Борис Абрамович­тэй ямар харилцаатай байсан бэ?

-Би долоон жил Оросоос гарч болохгүй болсон шүү дээ!

-Өмнө нь ямар харил­цаа­тай байсан бэ гэж асуу­сан юм аа?

-Хамтарч ажиллаж бай­­­сан. Бидний дунд хам­тар­сан төслүүд байсан, ху­вийн харилцаа бол байгаа­гүй. Дараа нь би түүнийг Литвиненког хороосон гэж үзэж, харин тэр үү­нийг намайг хийсэн гэж үз­сэн тул бид салсан. Ийм л түүх бий дээ.