Д.БОЛОР
Мэнэнгийн талд цас, мөс ноёрхож, хүн мал хоёр туйлджээ. Их хэмжээгээр орсон цасны улмаас Дорнодын Халхголын Ялалт багийнхан цасанд боогдоод гурван сар болж байна. Энэ тухайгаа Дорнодын иргэд өнгөрсөн ням гаригт УИХ-ын дэд дарга Л.Цог тэргүүтэй МАХН-ынханд учирлалаа. Тэдний мэдээлснээр Халх голын Ялалт багийн 60 гаруй өрх цасанд боогдсоны улмаас малаа барсан гэнэ. Хамгийн бага нь 10, их нь 350 бог мал үхэж малчдын хот харлажээ. Иймээс Засгийн газрын зүгээс Дорнод аймаг дахь Улсын нөөцийн салбараас 10 мянган боодол өвсний үнийг чөлөөлж олгох, Халх гол сумын малчдад нүүрс, өвс, тэжээл хүргэж өгөхийг Дорнод аймгийн орлогч дарга хүслээ.
Харин цас, мөс хагалж зам гаргах хүн хүчээ өөрсдийн чадлаар гаргах боломжтой юм байна. Зэвсэгт хүчний дугаар ангийн цэргүүдийг дайчлан зам гаргаж малчдаа боогдсон газраас нь гаргахаар зэхжээ. Харамсалтай нь, төсөв мөнгө нь байхгүй учраас Засгийн газарт нэн яаралтай хандаж байгаа нь энэ. Боогдсон айл, өрхүүдийн тухай цухас өгүүлэхэд, жирэмсэн эхчүүд нь гэртээ төрж, эмнэлгийн хараанд байх ёстой өвчтнүүд эмчилгээ авч чадахгүй байгаа юм байна. Дээрээс нь үхсэн малын сэг зэмийг зайлуулж чадахгүй учраас халдварт өвчин үүсэх нөхцөл үүссэн байгааг сумын иргэд утсаар мэдээллээ. Энэ мэдээг сонссон МАХН-ынхан УИХ, Засгийн газарт нэн даруй мэдээлж арга хэмжээ авахаа мэдэгдсэн.
МАХН-ын “Шударга ёсны аян”-ы үргэлжлэл Монголын зүүн хязгаар болох Дорнодын Чойбалсан хотод энэ өдрүүдэд өрнөж байна. Зүүн бүсийн их хуралдайд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, МАХН-ын нарийн бичгийн дарга Ч.Чимэдсүрэн, П.Ангараг нар оролцож байна. Түүнчлэн Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдэд ч шударга ёсны аянд нэгдэхээр нутаг нутгаасаа ажил болгон цугларчээ. Аян өнөөдрөөс эхлэн хоёр өдөр үргэлжилнэ. Энэ хугацаанд Дорнодын хөгжилд саад бологчдыг ил тодоор зарлан ярилцаж, хууль бус үйлдэлтэй тэмцэхэд иргэд ямар оролцоотой байх талаар ярилцахаар товложээ. Мөн иргэдийн санал сэтгэгдлийг сонсч намын бодлогодоо тусгах юм байна. Дорнод аймаг нь 14 сум, 64 багтай, халх, буриад, барга, үзэмчин зэрэг ястнаас бүрдэх 74,7 мянган хүн амтай. Үүнээс 55 гаруй хувь нь Чойбалсан хотод амьдрах бөгөөд хүн амын 70 хувийг 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг гэхээр залуусын хот гэлтэй. Дээрээс нь тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай хиллэдэг аймаг юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзийгийн мэдээлснээр энэ оны орон нутгийн төсвийн нийт орлого, эх үүсвэр 50.0 тэрбум төгрөг байгаагийн 9.3 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоор, 10.5 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Дорнод аймагт олгох шилжүүлгийн орлогоор, 6.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэгийн эх үүсвэрээр, 23.9 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоос бүрдүүлэхээр аймаг, сумын ИТХ-аас баталжээ. Харин зудаас үүссэн мал хоргодолтын тоо 12 мянгад хүрсэн байна. Энэ нь нэгэн цагт дайны талбар явсан “Баатар” сум гэгдэх Халх голд 8511 толгой, Матад суманд 1043 толгой, Чулуунхороот суманд 442, Гурванзагал суманд 451, Цагаан-Овоо суманд 317 толгой мал хорогджээ. Ийнхүү урин цаг наашилсан ч мэнэнгийн талд цас, зуд нүүрлэж мал малчин хэцүүдэж явна. МАХН-ын шударга ёсны аянд мордогчид малчдын амьдрал хүнд, цаг уур эрс тэс хэцүү байхад Засаг даргагүй яваад харамсаж буйгаа илэрхийлээд өөрсдийн зүгээс төр, засгийн удирдлагуудад дуулгахаа амаллаа. Халх голд учирсан зудын талаар Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Халх гол суманд өвөлжилт хүндэрсэн асуудал байгаа. Үүнд яаж анхаарч ажиллаж байна вэ?
-Халхгол суманд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн хүндэрсэн байгаа. Энэ талаар аймаг орон нутгийн арга хэмжээ авсан. Хамгийн сүүлд энэ сарын 22-нд цас орж шуурсан учраас хоёр удаагийн гаргасан зам маань хаагдаж хүндрэлтэй байдал үүсээд байна. гэсэн хэдий ч байгаа нөөцөө гаргаж ажиллах гэж байна. Хоёрдугаарт, Улсын онцгой комиссоос анхаарч өвс тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлж өгснийг нь Халх гол сум руу явуулсан байгаа.
-Одоо цасны зузаан хэр байгаа юм бэ?
-Халх голыг зорьсон машин зам даваа гүвээнд саатах нь байна. Цасны зузаан 70-80 сантиметр байна.
-Хаваржилт хүндрэх гол шалтгаан нь өнгөрсөн жилийн түймэр гэдэг. Түймэр тарьсан эзэд нь хэн байна. Хариуцлага тооцсон уу?
-Өнгөрсөн намар гарсан түймэр нэлээд том талбайг хамарсан. Ялангуяа, “Петро Чайна дачин Тамсаг Монгол” компанийн туслах гүйцэтгэгчээр ажилладаг “Ахлахын зам” гэдэг компанийн буруутай үйл ажиллагаанаас болж бэлчээр хамарсан түймэр гарсан юм. Тэр бол эзэн шалтгаан тодорхой. Цагдаа, шүүхийн байгууллага мөрдөж шалгаад тогтоож байгаа байх” гэсэн хариултыг өглөө.