
Э.ӨНӨР
Дээрх мэдээллийг Улаанбаатар төмөр замын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид өчигдөр сэтгүүлчдэд өглөө. Удирдлагынхаа ёс зүйгүй байдал, хууль бус үйлдлийн талаар тэд хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. Төмөр замчдын дуу бүжгийн чуулгынхан Д.Бямбажавыг тэвчиж ажиллаж чадахгүй гэмдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн баасан гаригт тус чуулгын мэдээллийн самбарт гурван сар ажлаас чөлөөлөгдсөн 30 хүний нэрийг жагсаасан нь ийн дайран дээр давс нэмсэн явдал болжээ. Энэ шийдвэрийг ажилчдад дуулгалгүй, тэдний саналыг сонсохгүй гаргажээ. Тэд, "Манай чуулгын захирлаар 2012 оны аравдугаар сарын 8-нд дуучин Д.Бямбажав томилогдсон. Тэр удирдах албан тушаалтны наад захын мэдлэггүй. Байгууллагын тамгыг байнга гадуур авч явдаг. Өөр нь таалагдаагүй 22 ажилтанд үндэслэлгүйгээр арга хэмжээ авсан. Урлагийн байгууллагын удирдах ажилтанд байх ёс зүйгүй. Өөрийн ашиг сонирхлоор бүжгийн багш, менежерийн орон тоог үгүй болгох замаар мэргэжлийн уран бүтээлчдийг шахаж ажилгүй болгох гэж байна. Манайхан зах зээлийн хүнд үеэс өнөөдрийг хүртэл уран бүтээл туурвиж ард түмэндээ урлагийн тоглолт үзүүлж ирсэн. Д.Бямбажавын ёс зүйгүй байдлаас болж уран бүтээлч хамт олон бутарч гудамжинд гарахад хүрсэн" хэмээн ам ураэлдан ярьсан юм. Энэ талаар Төмөр замчдын дуу бүжгийн чуулгын дэд захирал Х.Алтангүлээс тодруулаа.
-30 ажилтнаа гурван сар ажлаас чөлөөлөх болсноо танай дарга хэрхэн тайлбарласан бэ?
- Манай чуулгын 30 ажилтанд гурван сарын хугацаатай цалингүй чөлөө олгож 56 сая төгрөг хэмнэх тухай Г.Сэрээнэндорж даргын гарын үсэгтэй бичиг ирсэн. Биднийг улирлын төлөвлөгөө тасалсан гэсэн шатгаанаар энэ тушаалыг гаргажээ. Судлаад үзэхээр манайхан бусад чуулгын уран бүтээлчдээс илүү их үүрэг хүлээж их орлого оруулпаг юм билээ. Бид тоглолт хийж орлого олох төлөвлөгөөг захирал зогсоосон. Өмнө нь төлөвлөгөөний дагуу тоглолтоо хийж, түүнээс олсон ашгаа хуваарилдаг байсан юм. Биднийг Д.Бямбажав дарга удирддаг болсноос хойш зургаан сар уран бүтээлчид тайзан дээр гараагүй. Тэр хүн бидний төлөвлөсөн тоглолтуудыг батлаагүйгээс болж ийм байдал үүсээд байна.
-Ажлаас нь чөлөөлөөгүй уран бүтээлч бий юу. 30 хүнийг ямар үндэслэлээр цалингүй гурван сар амраах болсон юм бол?
-Манай чуулга 39 уран бүтээлчтэй. Ес нь үлдсэн. Үлдсэн хүмүүс түүнийг дагаж шинээр ажилд орсон уран бүтээлч юм. Тэдэн дунд дуучин биш комьютерийн мэргэжилтэй хүн ч бий.
Уртын дуучин, СТА Ц.Отгонцэцэг:
-Та бүхнийг аттестатчилалд оруулах гэхээр эсэргүүцэж байна хэмээн Д.Бямбажав дарга хэлсэн байна лээ. Энэ үнэн үү?
-Үнэхээр манай уран бүтээлчдийн ур чадварт итгэж байгаа хүн мэргэжлийн дуучны оронд солгой өнгөтэй, компьютерийн мэргэжлийн хүн ажилд авах уу. Бид үнэхээр мэргэжилдээ тааруу бол түүний авчирсан архичнаас дор байна гэж үү. Даргын авчирсан хүмүүс архи уугаад захаасаа цагдаад саатуулагдаж байсан түүхийг хүн бүр мэднэ. Ийм хүмүүсээр уран бүтээлчдийг солино гэвэл бид тайван хараад суух гэж үү. "Та бүхэнд баяртай мэдээ дуулгая" гээд захирал арав хоногийн өмнө биднийг аттестатчилал явуулах тухай шийдвэрийг танилцуулж байсан.
-Танайхан ажлын төлөвлөгөөгөө тасласан буруутай юм биш үү?
- "Та бүхэн уран бүтээлээр мөнгө олно гэж зовоод яах вэ. Энэ бол удирдлагын хийх ёстой ажил" гэж Д.Бямбажав бидний өмнүүр орж ажил хийдэг хүн болоод байгууллагын төлөвлөгөө таслуулсан. Ажлаа ингэж хийдэг хүнийг ямар учраас энэ суудалд учаад байгааг ойлгохгүй байна. Төмөр замын удирдах газар түүнд хариуцлага тооцохгүй байгаа нь сонин юм. Дээрээс хэн нэг даргын тушаалаар түүнийг ажилд шууд авсан гэдэг юм билээ. Гэтэл СУИС-ийн багш, доктор хүн манай чуулгын даргын сонгон шалгаруулалтад ороод бүдэрсэн шүү дээ. Түүнтэй зэрэг хэд хэдэн хүн манай чуулгын даргын сонгон шалгаруулалтад орсон боловч захиалгаар л шууд түүнийг тавьсан бололтой. Бидний ажлын байрны тодорхойлолтод байхгүй зүйл шаарддаг, үндэслэлгүй зүйлээр тушаал гаргадаг. Өөрөө буруудаад ирэхээрээ гаргасан тушаалаа урж дахин санаанаасаа "зохиол" бичиж гаргадаг гэх мэтээр энэ хүнд үнэхээр их асуудал байна" хэмээн уран бүтээлчид ярьсан юм.
...Ийм чадваргүй хүн уран бүтээлчдийг удирдаж таарахгүй хэмээн хамт олон нь үзэж байна. Үүнийг нь дээрээс ирсэн дарга нар нь ч хэлдэг юм гэсэн. Хамт олон дундаа нүүр хийх газаргүй болсон, хууль бус шийдвэр олныг гаргаж шившиг болж байгаа даргыг анх удаа харж байгаа талаараа Төмөр замын удирдах газраас ирсэн дарга нар хэлдэг гэж тэд ярьсан юм.