Б.ТУУЛ 

Жил бүрийн гурав­дугаар сарын 24-ныг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манайн улс энэ өдрийг  “Бид сүрьеэ­гүй Монголд амьдрах болно” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. 

Өдгөө дэлхий нийтээ­рээ  төгс эдгэрдэг, эмчлэгддэг гэх  энэ өвчин манай улсын хүн амын нас баралтын  шалт­гааны  VI  дугаарт жагсаж байна. Мөн энэ өвчнөөр 16-44 насныхан  буюу  ид хөдөлмөрлөх насны хүмүүс илүүтэй өвчилж байгаа нь тул­гамд­сан асуудлын нэг болжээ. Энэ тухай  ХӨСҮТ-ийн Олон эмэнд дасалттай сүрьеэгийн II тасгийн эрхлэгч Д.Должин­сүрэнтэй ярилцлаа.

 

 -Сүрьеэг манайхан  эдгэр­дэг, эмчлэгддэг өвчин гэдэг .  Гэтэл  эмч, эмнэ­лэг хоёрт дийлдэхгүй шинэ хэлбэрийн сүрьеэ бас байна гэх юм?

-Сүрьеэ  өвчний эдгэ­рэлтэд тухайн хүний эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэнддээ хандах  ханд­лага, эмчилгээгээ бүрэн хийл­гэх тэвчээр, нөгөө талаас тухайн орны  эдийн зас­гийн байдал, эрүүл мэн­дийн тогтолцоо, эм­нэл­гийн тусламж үйлчил­гээ, оношлогооны байдал зэрэг олон асуудал нөлөөлнө . Хэдий чинээ эрт онош­лог­доно, төдий чинээ халд­варыг тараах хугацаа боги­но байж, эм­чил­гээний  үр дүн өндөр байна.

-Сүрьеэг нийгмийн халд­­варт өвчин гэдэг. Яагаад ингэж нэрлэх бол­сон юм бэ. Мөн манай улсад энэ өвчлөл тархаад байгаа шалтгаан нь юу вэ?

-Сүрьеэ амьсгалын за­маар халдварладаг нийг­мийн халдварт өвчин юм. Манай орны   хувьд  1990-ээд оноос эхэлсэн нийгэм эдийн засгийн өөрчлөлтын үр дагавар болох ажил­гүйдэл, ядуурал, шилжилт  хөдөлгөөн, хүн амын нягт­рал, архи тамхи­ны хэрэг­лээ, агаарын бо­хир­дол, эмийн зохисгүй хэрэглээ нь  өвчний тархалтад ихсэ­хэд шууд нөлөөлж байна. Саяхан манай ул­сад ажил­ласан Австралийн Ливер­пуль эмнэл­гийн сүрьеэ­гийн зөвлөх эмч Клауди С Доплерйн “Австрали улс 20 сая хүн амтай, тэнд сүрьеэгийн хүндэрсэн хэл­­­бэр, маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн то­хиолдол нэг, эмэнд тэс­вэр­тэй сүрьеэ бараг байх­гүй” гэж байсан.  Жилдээ энэ өвчнөөр 1000 хүн өв­чилж байна гэж үзэхэд Монгол  Улс хоёр сая 700 мянган хүн амтай мөртлөө жилд сүрьеэгийн шинэ тохиолдол 4000, эмэнд тэсвэртэй сүрьеэ 200 ор­чим оношлогдож, маш олон эмэнд тэсвэртай сүрьеэ одоогоор 20 гаруй илрээд байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болоод байна.   

-Сүүлийн үед хот, хө­дөө­гийнхөн сүрьеэ­гээр  их өвдөж байна гэж байсан. Хэдээс хэдэн насныхан  энэ өвчнөөр илүү өвдөж байна вэ. Мөн өвчлөлийг аймаг, дүүргээр авч үзвэл ямар байгаа бол?

-Насны байдлаар авч үзэхэд  60 хувийг нь  16-44 насны залуучууд буюу нө­хөн үржихүйн насныхан эзэлж байна. Сүрьеэ өвч­нөөс болж, олон залуус   хөдөлмөрийн чадвараа ал­даж, сурч боловсрох, мэр­гэжил эзэмших хугацаа­гаа хойшлуулах, гэр бүл төлөвлөлт  алдагдах зэрэг амьдралын чухал  асууд­луудыг хойш тавьж, ямар нэгэн  байдлаар  эдийн засгийн хамааралд орж байна.

Манай улсын хэм­жээнд сүрьеэгиийн шинэ тохиолдлын 56 хувийг Улаан­­баатар хот эзэлдэг. Өвчлөл ихтэй дүүрэгт Баян­­зүрх, Сонгнохайр­хан ордог. Харин аймгуудын хувьд  Дархан, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод,  Говь­сүм­бэрт  өвчлөл их байна.

-Өнгөрсөн жилүүдтэй  харьцуулахад энэ жил өвчлөл хэр байна вэ?

-Сүүлийн хоёр жилд  сүрьеэгийн шинэ тохиолд­лын тоо буурч байгаа ч эмэнд тэсвэртэй сүрьеэ нэмэгдэж байгаа. Үүнд  мэргэжлийн эмчийн хувьд  санаа зовинодог. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ 2010 онд 185,  2011 онд  210 тохиолдол онош­логдож байсан бол  он гараад 133 тохиолдол ил­рээд байна. Жилд 4000 орчим  сүрьеэ­гийн шинэ тохиолдол бүрт­гэгдэж байна.

- Одоо танай эмнэлэгт  ачаалал хэр байна?

-ХӨСҮТ-д сүрьеэгийн 200 ортой зургаан тасаг ажилладаг  боловч ачаалал их байдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэгийн халд­вартай шинэ  тохиолдол, сүрьеэ­гийн хүнд хэлбэ­рүүд, мэс засал хийлгэх заалттай уушигны бус хэл­бэрүүд, хүүхдийн сүрьеэ ба олон  эмэнд тэсвэртэй сүрьеэг хэвтүү­лэн эмчилж байна.

-Улсын хэм­жээнд энэ талаар хийсэн дорвитой судалгаа байдаг уу. Судал­гаа бол маш том илрүүлэлт шүү дээ.  Нэг хэсэг ийм судалгаа хий­хээр яригдаж байсан, тэ­гээд чимээгүй болчихсон? 

-2012 онд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт су­далгааны алба  эмч, суви­лагчдын дундах сүрьеэ­гийн халдварлалт, өвчлө­лийн эрсдэлт хүчин зүйл  гэсэн судалгааг хийсэн. Энэ маш ач холбогдолтой судалгаа болж чадсан. Энэ жил  “Глобаль сан”, Мон­голын засгийн газрын сан­хүүжилтээр сүрьеэ­гийн  тархалтын  судалгаа хийх гэж байна.

-Энэтхэгт эмчлэгд­дэггүй сүрьеэ гарсан тухай мэдээлэл дуулдаж байсан. Энэ нь нөгөө олон эмэнд дасалтай сүрьеэг хэлж байгаа хэрэг  үү. Манайд энэ өвчнөөр өвдсөн, эмчил­гээгүй шахам  20 орчим хүн  байдаг гэсэн. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Сүрьеэгийн эмчил­гээг эмх замбараагүй, дур мэдэн дутуу буруу хийх, эмчилгээг таслах, стан­дартын бус эмчилгээ хийх, сүрьеэгийн чанаргүй эм хэрэглэх, хяналтгүй эм­чилгээ хийх зэргээс  болж олон эмийн дасалтай сүрьеэ үүсдэг. 2006 оноос эхлэн манай улс “Глобаль сан”-гийн дэмжлэгтэй­гээр олон эмэнд  тэсвэртэй сүрьеэг эмчилж эхэлсэн.  Энэ эмчилгээ нь  6-9 төр­лийн эмийг 24 сар ууж хэрэглэхээс гадна эмчил­гээний өртөг 3000-4000 ам. доллар байдаг. Харин энэ эмчилгээниий явцад эм­чилгээг дутуу буруу, хя­налт­гүй хийсэн, эмчил­гээг таслах зэргээс шалт­гаалан   маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсдэг. Тиймээс иргэд сүрьеэ­гийн шинж тэмдэг илэрмэгц, хугацаа алдах­гүй эмчид үзүүлж, эмнэл­гийн хяналтад эмчилгээ­гээ зөв хийх нь чухал юм.

-Сүрьеэгийн эсрэг вак­циныг хүүхдэд  нэг сартайд нь хийдэг. Гэтэл сүүлийн үед энэ өвчнөөр  бага насны хүүхдүүд их өвдөж байна гэх юм?

-Нярайг дөнгөж төрс­ний дараа сүрьеэгийн эс­рэг вакцин хийдэг. Энэ нь  сүрьеэгийн хүнд хэлбэ­рээс сэргийлдэг. Энэ онд хүүхдийн сүрьеэгийн 351 тохиолдол бүртгэгдсэнээс нийт тохиолдлын доторх 8.9 хувийг эзэлж байгаа юм.

-Тэгвэл хүүхдүүдийн дунд олон эмэнд дасалтай сүрьеэ хэр байна вэ?

-Хүүхдийн  сүрьеэ ихэвч­лэн гэр бүл болон ойр дотны хүмүүсээс халд­вар авсан байдаг. Олон эмийн тэсвэртэй сүрьеэгийн хавьтал  болох  20 хүүхэд эмчилгээнд хам­рагдаад явж байгаа. Ер нь бол сүрьеэгийн халд­варлалт, сүрьеэгээр өвдөх гэдэг нь хоёр өөр ойлголт юм. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10 хувь нь сүрьеэгээр өвддөг. Үлд­сэн хувь нь байгалиас заяасан дархлал биеийн эсэргүүцлээрээ насан турш­даа сүрьеэгээр өвч­лөх­гүй үлддэг.  Нэг халд­вартай хэлбэрийн сүрьеэ­тэй өвчтөн жилд дунджаар 10-15 хүнд халдвар тараа­даг гэж үзвэл жилд  сүрьеэ­гийн  халдвартай хэлбэрийн тохиолдол 1000 хол давна.

Тиймээс бид энэ жил сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Бид сүрьеэгүй Монголд амьдармаар бай­на”  гэсэн уриан дор тэмдэглэж байгаа юм.