Н.МӨНХЖИН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг хүч­тэй шүүмжлэгч, олигархи Борис Березовский өнгөр­сөн бямба гаригийн шөнө Лондоны Сюррей гүнлэг дэх гэртээ нас барсан байхыг оллоо хэмээн “ВВС” мэдээлэв.

Оросын мэдээллийн “Новости” агентлаг ч энэ тухай Б.Березовскийн хүр­гэн Егор Шуппе­гийн Facebookдахь “Борис Березовский таалал төгс­лөө” гэсэн мэдээллээс иш татан уламжилжээ. Б.Бе­резовский сүүлийн 13 жил Их Британид амьдарч бай­сан юм. Тэрээр 1946 оны нэгдүгээр сарын 23-нд Москвад төржээ. 2000 онд Их Британи руу цагаачил­сан байна. Б.Березовский сүүлийн үед зүрхний өвч­нөөр шаналж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж бай­жээ. Тэрээр сүүлийн үед сэтгэл санааны хямралд орж, найз нөхөд, тани­лууд­­тайгаа ч харилцахаа больж, олон нийтийн өмнө гарахаа болиод байсан хэмээн хүргэн Е.Шуппе нь ярьсан байна.

Одоогоор Британийн цагдаагийн газар орос тэрбумтан нас барсан гэх мэдээллийг баталгаа­жуулж албан ёсоор зарлаа­гүй байна. Б.Березовс­кийн Орос дахь өмгөөлөгч Андрей Боровков “Би Бо­рис Абрамовичийн талаар юу ч мэдэхгүй байна. Түүн­тэй холбоо барилгүй удсан” хэмээн мэдэгджээ. Харин өөр нэг өмгөөлөгч нь болох Александр Доб­ро­винский Б.Березовс­кийн талаарх таагүй мэ­дээг баталсан байна.

Владимир Путинийг эрх мэдэлд ирэх хүртэл Оросын Засгийн газарт нэр, нөлөөтэй байсан Бо­рис Березовский 2000 оноос хойш Их Британид улс төрийн орогнол олж амьдарч байсан билээ. Тэрээр В.Путиний Зас­гийн газар болон холбоот­нуудыг нь хатуу шүүм­жилд­гээрээ дэлхий нийтэд танигдсан юм. 67 настай Березовский өнгөрсөн жил Оросын тэрбумтан Роман Абрамовичтэй 3.75 тэрбум долларын өр ав­лага­наас болж маргалдан, шүүхэд ялагдал хүлээ­сэн билээ. “Р.Абрамович на­майг сүрдүүлж, айлгаж “Сиб­нефть”-ийн хувь­цааг минь бодит үнээс нь хамаагүй хямдаар заруул­сан” хэмээн Б.Березовс­кий Британийн шүүхэд хандсан ч шүүх энэ бу­руут­галыг нь үндэслэлгүй хэмээн үзсэн ажээ.

Б.Березовский ч, Р.Аб­­рамович ч Борис Ель­циний үед бая­жиж, хэдэн зуун саяын хө­рөнгөтэй болсон юм. Зөв­лөлтийн үеийн матема­тикч, Б.Ель­циний гэр бү­лийн найз Березовский автомашин зуучлан, бор­луу­лагчаас бизнесээ эхэлж байв. В.Путин эрх мэдэлд гарч ирсний дараа Кремльтэй зөрчилдөх бол­сон оли­гархи гадаа­дын хэд хэ­дэн орон дам­жин амь­дарс­ны эцэст Их Бри­танийг сон­гожээ. 2006 онд Лон­дон хотноо полони хэмээх цацраг идэвхт бодист хор­дон нас барсан Оросын экс таг­нуулч Александр Литви­ненко, Борис Бере­зовс­кий нар сайн найз байжээ.

ОХУ-ын Прокурорын газраас Б.Березовскийн эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгал­тыг хааж магадгүй. Мөр­дөн шалгах комиссын ал­бан ёсны төлөөлөгч Вла­димир Маркин “Мөрдөн шалгах хороо Березовс­кийн үхлийн талаарх ба­тал­гааг Английн талаас хүлээж авбал түүнийг бу­руут­гаж байгаа эрүүгийн хэргийг хааж болно. Түү­ний ар гэрийнхэн зөв­шөөр­вөл хэргийг хаана” хэмээн ярилаа. ОХУ Бере­зовскийг шилжүүлж ава­хаар 2003 оноос хойш хү­сэлт гаргасаар байсан ч Британийн эрх баригчид няцаасаар ирсэн юм.

Б.Березовский нас бара­хаасаа хэдхэн цагийн өмнө “Forbes” сэтгүүлийн орос хувилбарт ярилцлага өгчээ. “Би Орост буцаж очмоор байна. Би өөр юу ч хүсэхгүй байна, Орост л буцаж очмоор байна. На­дад эрүүгийн хэрэг үүсгэ­сэн ч хамаагүй, би эх орон­доо л буцаж очихыг хүсч байна. Орос орон надад ямар их үнэтэйг би дутуу үнэлж байжээ. Би насаараа цагаач байхыг хүсэхгүй” хэмээн Бере­зовс­кий ярьсан аж. “Би олон дүгнэлтээ өөрчилсөн. Би Орос орноо дутуу үнэлж, өрнөдийг хэт дө­вийлгөн үнэлж байжээ. Миний амьдрал утгагүй болчихлоо. Би юу хийхээ мэдэхгүй байна. 67 хүр­чих­лээ, юу хийхээ мэдэх­гүй байна” хэмээн тэрээр сүүлчийн ярилцлагадаа онцолжээ.