Б.ОНОН
Сөрөг хүчний зүгээс огцруулах “санал” хүлээж авсан анхны дэд сайд бол ҮХАА-н дэд сайд Ц.Туваан. Тэрээр сайд Х.Баттулгыг эзгүйд УИХ дахь МАН-ын бүлгийнхэнд сонсгол хийсний шанд ийм явдал болсон хэрэг.
2013 он гараад удаагүй байтал МАН-ынхан ҮХАА-н сайдыг мах, гурилын үнийг хэрхэн тогтворжуулж байгаа талаараа мэдээлэл өг хэмээж. Тухайн үед нь Х.Баттулга томилолтоор явчихсан байсан тул хоёр дэд сайдынх нь нэг орлох болсон аж. Сонсголын үеэр нөөцийн үхрийн махны үнэ 5700 төгрөг байна хэмээн мэдээлсэн нь асуудал дагуулж, бодит байдлаас хол, худал мэдээлэл өглөө гэсэн гомдол, Ц.Туваанд хариуцлага тооцож огцруул гэсэн шаардлагатай хамт Ерөнхий сайд Н.Алтанхуягт очоод авсан удаатай. Яагаав, Сангийн дэд сайд асан “Хас” Ч.Ганхуяг “Талх 300” төгрөг хэмээн хоёр дахин үнэтэй байсныг мэдэлгүй хариулж баахан баалуулж байсан даа. Ардын намынхан Ц.Тувааныг үүнтэй адилтгасан хэрэг. Нөгөө талаар энэ явдал Ц.Тувааныг олон нийтэд нэлээн сайн танил болгож чадсан юм.
Дэд сайд Ц.Тувааны хувьд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Нийслэлд шилжин ирж 77 дугаар сургуулийг онц дүнтэй төгсөн, улмаар Чехэд анагаахын чиглэлээр суралцахаар явсан гэж байгаа. Тухайн үед нь өөрчлөлт шинэчлэлт эхлэн улс орнууд бужигнаж эхэлсэн тул аав нь “Монголдоо ирж сур” гэсний дагуу эх орондоо ирэн Анагаахын дээдийг дүүргэж эмч мэргэжил эзэмшжээ. Ангиасаа эхнэртэй болсон Ц.Туваан одоо гурван хүүхдийн аав. Харин түүний аав Цэвэгдорж нь армийн хурандаа цолтой, салбартаа насаараа ажилласан хүн аж.
Оюутан байхдаа эхлүүлсэн бизнесээ үргэлжлүүлэн одтой, орлоготой ажиллаж байсан тэрээр 2003 онд улс төрд хөл тавьсан гэнэ. Тодруулбал ангийн анд, одоогийн УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханы хамт Ардчилсан намд элсэж байжээ.
Улмаар Төв аймгийн АН-ын ҮЗХ-ны гишүүн, Чингэлтэй дүүргийн АН-ын ҮЗХ-ны гишүүнээр ажиллаж байж. Тэрээр Г.Баярсайхан адил “Шонхор” фракцад харьяалагддаг. Энэ утгаараа фракцын, тэр дотроо Г.Баярсайханы дэмжлэгээр дэд сайдын сэнтийд заларч чадсан.
Тодруулж хэлбэл, улс төрд хөл тавьсан цагаасаа Г.Баярсайханы “ард” идэвхтэй ажилласан нэгэн. Өнгөрсөн сонгуулиар ч Гарьдхүүгийн Баярсайхан сонгуулийн ерөнхий менежэрээр ажиллаж байв. Тиймээс байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын суудалд “ногоон гэрэл”-ээр суух байсан ч “Би болилоо, Ц.Тувааныг л аль нэг яаманд дэд сайдад зүтгүүлье” хэмээн фракцынхантайгаа тохирсон тухай намынхан нь ярьдаг юм билээ.
Нөгөөтэйгүүр Ц.Туваан Эрүүл мэндийн дэд сайд болох санаатай байсан ч туршлага чадварыг нь харгалзан Ж.Амарсанааг энэ салбарт нь үлдээсэн гэх мэдээлэл ч яригдаж байлаа.
Юутай ч эмч мэргэжилтэй Ц.Туваан фракц хоорондын томилгоогоор энэ суудалд очсон, дараа нь сөрөг хүчнийхэнд баахан баалуулаад авсан гээд дэд сайдаар ажилласан хэдэн сарыг овоохон түүхтэй өнгөрөөж буй. Гэхдээ төрийн албыг “төрмөл амьтан” залгуулдаггүй болохоор дэд сайдын, бас хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдааны бодлогоор мэргэшиж, дадах биз ээ.