-МАХН-ынхан Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид шаардлага хүргүүллээ-
Д.ГЭРЭЛ

МАХН-ын Гүйцэтгэх товчооныхон өчигдөр шуурхай хуралдаан хийжээ. Хуралдаанаар хоёр ажлын хэсэг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригод хандан мэдэгдэл гаргасан байна. Өнгөрсөн сар шинийн баярын үеэр Д.Загджаваар ахлуулсан МАН-ын гишүүд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагватай уулзаж угшил нэгтэй хоёр намыг нэгтгэх санал тавьж байсан. Тэгвэл МАХН-ын Гүйцэтгэх товчоо МАН-тай хамтран ажиллах талаар судалгаа хийх ажлын хэсэг гаргалаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлахаар болжээ. Нөгөө нэг шийдвэр нь МАХН-ынхан өнгөрсөн даваа гаригт нэр бүхий УИХ-ын таван гишүүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж үүнийгээ намын дарга Н.Энхбаяраар батлуулах байв. Гэтэл Шүүхийн шийдвэр биелүүлэх газар уг гэрээг санаатайгаар саатуулсан учраас тэднийг МАХН-ын дотоод ажилд илт оролцлоо гэж намын гишүүд үзсэн байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр Намын даргын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ш.Нанжидаар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, сайд Х.Тэмүүжин нарт хандан зохих асуудлыг тавихаар бэлдэж байгаа юм байна. Түүнчлэн Гүйцэтгэх товчооныхон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригод хандан мэдэгдэл гаргажээ. Ерөнхий шүүгч Ц.Зориг нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэргийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар оруулахгүй гэж шийдсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж тэд үзсэн байна. Мэдэгдэлд “МАХН-ын дарга, “МАХН-МҮАН Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн Намбарын Энхбаяр болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Оюунбилэг, О.Сайнгэрэл нарын УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригод хандаж гаргасан гомдолд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн энэ сарын 05-ны өдрийн 6-609 албан бичгээр хариу өгчээ. Дээрхи гомдлыг ямар үндэслэлээр нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй үндэслэлээ хариуд тодорхой дурьдаагүйгээс гадна Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө хариу өгөөгүй нь хууль зөрчиж байна. Шүүх нь шударга ёсыг нийгэмд тогтоох байтал улстөрчдийн гар хөл болж, Үндсэн хуульд заасан хараат бус байдлаа алдаж, хуулийг хэрэгжүүлэх бус, хуулийг зөрчин, гажуудуулж нийгэмд шударга бус байдлыг хөхүүлэн дэмжиж буй гэж үзэж, энэхүү бусармаг үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. Улстөрийн зорилгоор, улстөрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлэн зайлуулах замаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өөрийн зарлигаар томилогддог шүүгчдийг гар хөлөө болгон МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэрэгт ял шийтгэх байдлаар эрх, эрх чөлөөг нь үндэслэлгүйгээр хязгаарлаж буй нь монгол оронд шүүх засаглал дампуурсны хамгийн тод илрэл гэж үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь 2011 оны сүүлчээр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзсан уулзалт, 2012 оны шүүх шинэтгэлийн асуудлаар зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэг, удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлага, үүний дотор сэтгүүлч Ганчимэгт өгсөн ярилцлага зэрэгтээ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хилс хэрэгт ямар нэг санаачлага бүхий улстөрийн нөлөөтэй гэдгээ нотолсоор ирлээ. Авлигатай тэмцэх нэрийдлийн дор хүний эрх, эрх чөлөө тэр тусмаа олон ургалч үзэл, намын харъяалал үзэл бодлоор ялгаварлан гадуурхдаг, улстөрчдийн хууль бус шахалт, нөлөөллөөс шүүхийг ангижруулж, хараат бус байх бодлогыг барьж ажиллахыг УДШ-ийн Ерөнхий шүүгч, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригоос МАХН шаардаж байна” гэжээ.