М.ЦЭЦЭГ

Ажлаас халагдах өргөдлөө өчигдөр өгчихөөд өнөөдөр буцаая гэж гүйдэг туйлбаргүй хүмүүс хаа сайгүй бий. Ажлаас гарах, орох тухай жирийн ажил­чид сэтгэл хөөрлөөр шийд­чихдэг нь нэг хэрэг байх. Харин Ерөнхий сайд нэг өдөр хийсэн томилгоогоо дараагийн нэг өдөр хү­чингүй болгодог хачин жишиг энэ төрийн үед бий болжээ. Тодруулбал, Ерөн­хий сайд Н.Алтанхуяг за­рим аймгийн Засаг даргыг ажлаас чөлөөлсөн, үүрэг гүйцэтгэгч томилсон, Таг­нуулын дэд даргыг ажилд томилсон захирамжаа цуцалсан юм.

Засгийн газрын тэр­гүүний гаргасан захирам­жийг хууль бус хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хоёр удаа хандсан билээ. Хоёр дахийг нь өчигдөр Цэц хэлэлцэх байсан ч Ерөнхий сайд гаргасан захирам­жаа хүчингүй болгожээ. Энэ тухай тодорхой өгүүлбэл, Үндсэн хуулийн цэц өчигдрийн дунд суудлын хуралдаанаараа Тагнуулын ерөнхий газ­рын дэд даргаар Б.Ариун­санг томилсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өн­гөр­сөн оны арваннэг­дү­гээр сарын 30-ны өдрийн 83 дугаар захирамж Үнд­сэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг иргэн Д.Ламжавын мэдээллээр хянан хэлэлцжээ.

Ерөнхий сайд хурал­даан болохоос нэг өдрийн өмнө буюу уржигдар Б.Ариунсанг Тагнуулын ерөнхий газрын дэд дар­гаар томилсон өмнөх захи­рамжаа хүчингүй болгосон байна.  Иймд Үндсэн хуу­лийн цэц зөрчлийн шинж арилсан хэмээн үзэж маргаан хянан шийд­вэр­лэх ажиллагаагаа зогсоо­жээ. Ямар боловч Ерөнхий сайд зөрчлөө арилгаж тө­рийн албыг хохиролгүй болгожээ. Хэрэв Цэц дээрх асуудлыг хянан хэ­лэлц­сэн бол Ерөнхий сай­дыг Үндсэн хууль зөрч­сөнийг тогтоох байлаа. Н.Алтанхуяг ч хууль зөрчсөн томилгоо хийснээ маш сайн мэдэж байгаа учир Цэцийн хурлаас өмнө өөрийнхөө гаргасан за­хирамжийг өөрөө хүчин­гүй болгочихдог сүйхээтэй нэгэн аж.

Тэрээр хууль зөрчсөн захирамжаа Цэ­цийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө хүчингүй болгосон эхний үйлдлийг мөн сийрүүлье. Иргэн Ш.Раднаасэд, П.Ганзориг нар  Н.Алтан­хуягийн өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд Д.Амарбаясгаланг Засаг даргын үүрэг гүйцэт­гэг­чээр түр томилох тухай 07 дугаар захирамж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавыг ажлаас чө­лөөлсөн 08 ду­гаар захи­рамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээллийг Цэцэд өгсөн юм. Гэвч Ерөн­­хий сайд Үндсэн хуулийн цэцийн дунд сууд­­лын хуралдаан боло­хоос нэг өдрийн өмнө дээрх захирамжуудаа хү­чингүй болгосон захи­рамжийг Цэцэд өгчээ. Иймд Цэц  Үндсэн хуу­лийн зөрчлийн шинж арил­сан хэмээн үзэж мар­гаан хянан шийдвэрлэх ажиллагааг мөн л зогсоосон юм.