
Ж.ЦОГЗОЛМАА
УИХ-ын гишүүн Р.Бурмаа, М.Батчимэг нарын арваад хүн орон сууцных нь зээл хэрхэн шийдэгдэх талаар ярилцаж байгаатай өчигдөр таарав. “100 мянган айлын орон сууц” төслийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар хийсэн нээлттэй сонсгол өндөрлөж буй нь тэр байв. Засгийн газар ирэх сарын эхэн гэхэд нааштай мэдээ дуулгах учиртайг УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны гишүүд онцлон тэмдэглэжээ.
9-14 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ХЭНИЙ ХАЛААСНААС ГАРГАХ ВЭ?
‘Сонсголын эхэнд Сангийн дэд сайд С.Пүрэв “Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлахдаа ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Гэтэл энэ төслийг хэрэгжүүлэхэд зөвхөн 2000 айлд төсвөөс жилдээ 7-8 тэрбум төгрөгийг зөвхөн хүүгийн зөрүүнд өгөхөөр. 20 жилийн турш 140-160 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Бүр 100 мянган айлаар нь тооцвол улсын төсвийн тэн хагастай тэнцэнэ. Энэ бол манай улсын боломжоос хэтэрхий давсан тооцоо байна. 100 мянган иргэнд зургаан хувийн хүүтэй зээл олгоход жилдээ 450-700 тэрбум төгрөгийн зардалтай, нийт хөтөлбөрийн турш 9-14 их наяд төгрөг шаардлагатай” гэлээ. Баавартай мэдэгдлүүдээрээ бантан хутгаж, сонгуулиар иргэдийг талдаа урвуулж чадсан хоёр намын нууц ердөө л энэ хөтөлбөр. Эхлээд орон сууцны тоогоор шоудсан бол дараа нь зургаан хувийн хүү зарлаж “амьд тоглолт” хийсэн. Гэвч өнөөдөр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь битгий хэл, хэдхэн айлын байр барих чинээний хөрөнгө нь алга гэдгийг энэ удаагийн сонсгол батлаад өгөв. “Засгийн газар зургаан хувийн зээл гаргахаар амлахдаа манай улсын зах зээл дээр байхгүй зүйлийг гаргаад ирсэн. Ингэх ёсгүй байсан” гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат сонсголын үеэр хэлээд авав.
“УРЬДЧИЛГААГАА АЛДАХ ГЭЭД БАЙНА”
Ах дүү, хамаатан садныхаа байрыг барьцаанд тавьж зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах урьдчилгаа өгсөн хүн олон байна. Эцэст нь, зээл бүтэхгүй боллоо гээд барилгын компаниуд урьдчилгааны 10 хувийг шимтгэл болгон авна гэх зэргээр иргэдийг холгож, хохироох нь бишгүй байгаа юм. Шалтгаан нь бүрэн бэлэн болоогүй барилгад биш харин 50 хувийн гүйцэтгэлтэй барилгад зээл олгохоор шийдсэн Засгийн газрын алдаа. Хөтөлбөрт хамрагдсан нийт 249 компани байгаагаас 86 нь байраа бариад дуусгачихсан аж. Уг нь бүрэн гүйцэд барьчихсан барилгад барьцаа нэхэх шаардлага байхгүйг Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан хэлсэн. “Энэ барьцааны асуудлыг банк хоёр янзаар шийдэж байгаа. Нэгдүгээрт, батлан даалтын гэрээ байгуулбал иргэнээс барьцаа шаардахгүй. Одоогоор ийм гэрээ байгуулсан 30 гаруй компани байна” гэж тэрээр ярьсан.
ГАРЦ ХААНА БАЙНА?
“Зургаан хувийн хүү гэдэг байх боломжгүй зүйл. Өмнөх Засгийн газар яагаад ийм шийдвэр гаргасныг байнгын хороо асуух ёстой” гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат хэлсэн. Цаашдаа ч үүнийг санхүүжүүлэх боломж төсөвт байхгүйг тэрээр тэмдэглэлээ. “Зургаагийн тоо хүмүүст бага сонсогдсон байгаа ч гэсэн яг тухайн хүнийхээ нуруун дээр үүрүүлэх ачаа нь 12-13 хувь. 55 ам метр талбайтай байрыг энэ хөтөлбөрийг эхлэхээс өмнө 1,2 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн хүн 66 саяар байраа аваад, 16 саяыг нь урьдчилж төлөх байсан. Хүүгээ тооцохоор энэ хүн 80 гаруй сая төгрөгөөр байртай болно. Гэтэл энэ хөтөлбөр эхэлсний дараа үнийн өсөлтөөр зөрүү нь 30 сая төгрөг болж байна” хэмээн Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан ярьсан. Ингэхээр энэ төсөл анхнаасаа зах зээлийн оновчтой судалгаагүй, зөвхөн улс төрийн хуурамч амлалт байсныг сонсголд оролцогчид баталж байна. Өмнөх Засгийн газрын алдааг баллуурдах эзэн хайхын оронд төсөвт ачаалал багатай байх хувилбарыг сонгох цаг болсныг тэд хүлээн зөвшөөрөв. “Хохирсон иргэдийн асуудлыг шийдэж чадахгүй бол одоогийн Засгийн газарт хариуцлага тооцно” гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн. Иймд ирэх сарын эхээр нааштай мэдээтэй уулзахаа тэд мэдэгдсэн юм.