Саяхан ОХУ-ын иргэний паспорт гардан авч, Орос оронд хайртай, дуртай хэмээн мэдэгдэж байсан Францын нэрт жүжигчин Жерар Депардье Орос нутагт амьдрахаас татгалзжээ. Тэрээр “Нотеле” телевизээр мэдэгдэхдээ “Би Бельгид амьдрах болно. Өнөөдөр Францад гунигтай байна. Ард иргэдээ гадуурхсан, Засгийн газар нь алдаагаа засах чадваргүй болчихож. Би зүрх сэтгэлдээ франц хүн хэвээр байж, эх орноо хайрласан хэвээр байх болно. Орос, Чеченьд очсоноороо эдгээр улсын ард түмнийг, амьдралыг нь илүү сайн ойлгох болсон” хэмээн ярьжээ. Нэрт жүжигчин Бельгийн өмнөд хэсгийн жижигхэн хотод амьдрах бөгөөд тэндээс хурдан галт тэргээр цаг гаруй яваад л Парис орж болох аж. Гадаадад амьдрах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Франсуа Олландын татварын бодлоготой холбоотой гэдгийг тэрээр нуусангүй. Ф.Олландын Засгийн газар жилд нэг сая еврогоос илүү орлоготой иргэдээс 70 хувийн татвар авах шийвэр гаргасан билээ.

“Би 45 жил кинонд тоглохдоо улсын сан хөмрөгт 145 сая еврогийн татвар тушаасан. Тиймээс намайг үнэнч бус, эх орондоо хайргүй гэж нэрлэх нь шударга бус хэрэг” хэмээн Ж.Депардье өгүүлэв.