МАХН-аас зохион байгуулж байгаа “Шударга ёсны аян 2013” бүс нутгийн их хуралдай Өмнөговь аймгаас эхэллээ. Говийн бүсийн их хуралдайд УИХ-ын дэд дарга Л.Цог, МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцож байгаа юм. “Шударга ёсны аян 2013” говийн бүсийн их хуралдайг Өмнөговьд товлон хуралдуулж байгаа нь учиртай гэнэ. Баягалийн баялаг, нутаг орны хөгжил, уул уурхай, түүнийг дагасан хөндөх асуудал ихтэй учраас сонгосон гэж албаныхан онцлов. Өмнөговьчууд өнгөрсөн онд мал сүргээ 0.4 сая болгон өсгөж 17 мянган төл авч 100 хувь бойжуулж байгаа ажээ. Мөн төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгээрээ 78 хувьтай, үүнээс 11 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн байна. Хэдийгээр ололт, амжилт арвинтай байгаа ч хүн амын өвчлөл, уул уурхайн салбар, газар нутаг, Оюутолгойг тойрсон асуудлууд гээд тулгамдсан сэдэв олон байгааг иргэд тоочлоо. Тухайлбал, иргэн Х.Янжмаа “Бидний төрсөн нутаг харийнхны гарт хэрхэн сүйрч байгааг харах эмгэнэлтэй байна. Дээр уул уурхайгаас үүдэлтэй тоосжилт нутгийн хүн амын дийлэнхэд нөлөөлж харшил, амьсгалын дээд замын өвчлөлтэй болоход нөлөөлж байна. Тоосжилт гэдэг хүний уушгийг ямар их гэмтээдэг төдийгүй зүрх судас, үе мөчний өвчний шалтгаан болж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдэж байгаа. Гэхдээ энэ бүхэнтэй тэр хүн ганцаараа тэмцээд нэмэргүй. Тиймээс сонгууль болохоор ирдэг, бусад үед биднийг мартдаг УИХ-ын гишүүдийг бидэнтэй ирж уулзаач гэж хэлмээр байна” хэмээн ярьсан юм.