Д.ГЭРЭЛ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар нар өчигдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэ талаар С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.
-Хуулийн төсөл санаачлах ямар шалтгаан байсан юм бэ. Онцлог нь юу вэ?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд ногдуулж байхаар хуульчилсан байдаг. Энэхүү 10 сая төгрөг нь өнгөрөгч хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг аж ахуй нэгжүүдэд татварын дарамт бий болгожээ. Тиймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгох нь зөв.
-Өндөр тогтоосноор төлөх боломжтой гэж үү?
-2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82 тэрбум, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 61 тэрбум төгрөгийн орлоготой. 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой гарчээ. Дээрх баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт борлуулалтын ердөө 2.4 хувийг бий болгож байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж нь болно. Мөн ханшийн өөрчлөлт, инфляци зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргэх ач холбогдолтой.