Д.БОЛД
“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор эдийн засгийн ухааны доктор, судлаач П.Бямбацэрэн уригдлаа.
-Он гарснаас хойш Монголын улс төр сэрж байна, энэ нь сонгууль дөхсөнтэй холбоотой гэх мэтээр хүмүүс янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Өрнөж буй үйл явцын талаар та ямар бодолтой байна?
-Улс төрийн намууд нэлээд идэвхжих шинжтэй байна. Парламентад суудалтай намууд ҮЗХ, Бага хурал, Бага чуулганаа хийсэн тухай мэдээлэл цацагдсан. Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ярьцгааж байх шиг байна. Сонсоод байхад улс төр, нийгэм, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал, гадаад харилцаа, улс орны аюулгүй байдлын талаар хэлэлцэж дүгнэлт хийж байгаа зүйл нэг их байхгүй юм уу гэж ойлгогдохоор байна. Зүй нь ийм амин чухал асуудлаа улс төрийн намууд, ялангуяа парламентад суудалтай намууд түлхүү ярьж бодлого, үйл ажиллагаагаа цэгцэлж, улс орон, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг дээдэлсэн үр дүнтэй ажил хиймээр санагдах юм.
-Тэгвэл УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ, Засгийн газрын явуулж буй бодлогын талаар юу хэлэх вэ?
-Зарим хүн одоо дүгнэхэд эрт байна гэх нь бий. Миний бодоход тийм асуудал байж таарахгүй. Хүн бүр өөрийн дүгнэлтийг хийж байгаа байх. Төр, засгийн ажил тасралтгүй явах ёстой. Төр, засгийн эрхийг авсан ямар ч улс төрийн хүчин, албан тушаалтанд сурах, дадлагажих хугацаа гэж байх ёсгүй. Тиймээс эрх мэдэл авсан хүмүүст алгуурлах, боломж өг гэдэг ч юм уу ажлын маань үр дүн гарах арай болоогүй гэж аргацаах зүйл байж таарахгүй. Хэзээ ч тайлагнах, болсон болоогүйгээ дүгнүүлэхэд бэлэн байх ёстой. Тэр бүү хэл чадмааргүй бол чадахгүй нь гэдгээ хэлээд байраа тавьж өгөх улс төрийн хариуцлага, соёлтой байх хэрэгтэй.
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН АЖИЛД “ХАСАХ ГУРАВ” ҮНЭЛГЭЭ ӨГНӨ
-Та тэгээд УИХ, Засгийн газрын ажилд ямар дүгнэлт өгч байгаа юм бэ дээ?
-Одоогоор “хасах гурав” гэсэн үнэлгээ өгнө. Ялангуяа Засгийн ажилд шоудах, мөнгө үрсэн, үр дүнгүй хурал семинар нь ихдэх хандлага түгээмэл байна. Бодит ажилдаа хэзээ орох юм бол доо. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байгаа асуудал бараг бүхэлдээ өнөө маргаашаа аргацаасан /текущий/ хүн томилох, чөлөөлөх, гадаадад явсан тайлан сонсох төдий зүйл байх шиг санагдах юм. Урьд өмнөхөөс ялгарахаар “Шинэчлэлийн” гэх содон өнгө төрх Засгийн ажилд агуулгын хувьд л лав алга.
-Бүхэлдээ тийм байна гэж үү?
- Нийтлэг утгаар нь хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, би Ерөнхий сайдын тухайд хэлж байна. Ерөнхий сайд жижиг юмыг хэт дөвийлгөн дэвэргэж, сүржигнүүлэх дуртай, ажил хийсэн дүр эсгээд байдаг. Гол юмаа ялгаж салгаж, олж харж чаддаггүй бололтой. Сайдуудынхаа ажил руу дайрч орж, мэдэмхийрч, шүүрч гүйгээд учраа ч сайн ойлгохгүй байгаа юмуу гэмээр байгаа биз дээ. Та нарт ч ил байгаа шүү дээ. Хаана байх ёстойгоо мэдэхгүй, суух суудлаа олохгүй үсчиж гүйгээд байгаа харагдах юм. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодуул нь яадаг гэдэг билээ дээ. Харин сайдуудынх нь тухайд бол шийдэх асуудал, бодлогоо зөв оношлон тодорхойлж нийгэмд бугшсан, хөгжил дэвшилд саад учруулж байгаа ёс бус зүйлүүдийг соргогоор олж харж ажлаа зөв эхэлж, эрчимтэй хөөцөлдөж байгаа хүн цөөнгүй байна. Тийм хүмүүст л нийгмийн зүгээс илүү найдвар тавьж итгэлийн нүдээр харж байгаа болов уу.
-Тухайлбал?
-Х.Тэмүүжин, Д.Тэрбишдагва, С.Эрдэнэ, Н.Удвал, Н.Батбаяр, Ч.Улаан нарыг дурьдаж болох байх.
-Ерөнхий сайд Н.Алтанхуягт та тааруу үнэлгээ өгч байна. Тийм үү?
-Энэ ганц миний бодол биш байх. Надтай санал нийлэх хүн олон байгаа. Н.Алтанхуягаас ард түмэн Засгийн тэргүүнийх нь хувьд нэг чухал асуудлыг шударгаар шийдэж чадах нь уу, үгүй юү гэдгийг л харж байгаа. Тэр нь Оюутолгойн гэрээг бүрэн шинэчилж чадах эсэх асуудал. Өөрөө гар бие оролцож байгуулсан гэрээнийхээ алдаатай, буруу болсон гэдгийг үнэхээр өөрөө ухамсарлаж байгаа юм бол нэн даруй өөрийн гараар ард түмнийхээ нүдэн дээр засах хэрэгтэй. Үүгээр Ерөнхий сайд байх эсэх тухай энэ хүний цаашдын хувь заяа шийдэгдэх төвшинд асуудал тавигдаад байна шүү дээ.
-Улс төрийн хоёр том нам хамтарч ажилласан өнгөрсөн дөрвөн жилд өмнө нь гацаж байсан олон асуудлыг шийдсэн гэдэг биш бил үү?
-МАН, АН хоёр хамтарч засаг байгуулсан өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ганц ажил нь Оюутолгой, Тавантолгойн гэрээ. Тэгвэл уг гэрээнүүд луйврынх байсныг одоо тэд ичих ч үгүй өөрсдөө ярьж эхэллээ. Иргэний хөдөлгөөнүүдийн шахалт, шаардлагын дүнд УИХ-ын сонгуулиар нэг нь ялагдал хүлээж, нөгөөх нь шүүрний нүхэн дээр арай гэж тээглэж үлдсэнээс үүдээд цаашдаа үгсэн хуйвалдаж, луйвраа далдлан хаацайлах бололцоогүй болчихоор арга буюу үнэнд гүйцэгдэж байгаа нь тэр. МАНАН нүүрэн дээрээ зөвшилцөлд хүрч эх орны эрх ашигт нийцсэн чухал асуудлаа бид хамтдаа шийдэж чадлаа гэж шоуддагийн цаана юу хийгдэж байдаг нь улам бүр илэрч байна шүү дээ. Түүний нэг жишээ болгож саяхны нэг ярилцлагадаа УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн ихээхэн чухалчилж хэлсэн нэг фактыг дурдъя. Тэрээр Өвөрхангайн тойрог дахь нэр дэвшигчдийн маргаантай холбоотой асуудлаар манай намын удирдлага, АН-ынхантай ярилцаад АН-аас Г.Батхүү, манай намаас С.Чинзоригийг УИХ-ын гишүүн болгож, тангараг өргүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. АН-ынхан одоо зөвшилцөж, тохиролцсоноо хэрэгжүүлэх ёстой гэжээ. Хэн ч бодсон хуулийн байгууллага маргааныг шударгаар шийдсэн юм бол нэг л шийд гарах ёстой биз дээ. Нэг бол Г.Батхүү, Д.Зоригт нарын зөв болж тэд УИХ-ын гишүүний тангарагаа өргөнө. Эсвэл С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр нь тангараг өргөнө. Түүнээс биш шүүх нэг маргааны асуудлаар эрлийз шийд гаргах учиргүй. Тийм тохиолдол байж ч болохгүй. Тэгэхээр, МАН, АН-ынхан зөвшилцөх нэрийн цаана хуулийг уландаа гишгэж хууль бус хуйвалдаан хийдэг нь гэм биш зуршил, бүр хэвшил болсноо бие биедээ тунирхах маягаар ил тод нээлттэй зарлах болсон нь “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина” гэгчийн үлгэрийг санагдуулж байна. Д.Дэмбэрэл мэтийн ийм хүмүүст ард түмэн маань олон дахин хуур тагдаад байж болохгүй л баймаар.
Д.ДЭМБЭРЭЛ, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН ХОЁР ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ
-Та юу хэлнэ вэ, Д.Дэмбэрэл гуай чинь УИХ-ын гишүүнээр 20 гаруй жил ажилласан, УИХ-ын дарга байсан гээд намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших хүний тоонд орж байгаа шүү дээ?
-Хн-н /ёжтой инээв/. Д.Дэмбэрэлийн тухайд эх орноо худалдсан хам хэргээр шоронд орчихгүй шиг сугарч үлдвэл их юм. Тэр сайндаа УИХ-ын дарга болсон юм уу. Дарангуйлагч С.Баяр нь УИХ-ыг үл тоож, дураар авирлаж байх гэж л тэр үеийн УИХ-ын гишүүд дотроос хамгийн үлбэгэр дорой, дуулгавартайг нь гэж Д.Дэмбэрэлийг сонгосон нь нууц биш шүү дээ. Тэр даалгавраа харин сайн биелүүлсэн байж мэдэх юм. Өмнө нь УИХ-ыг толгойлж байсан Р.Гончигдорж, Н.Багабанди, Л.Энэбиш агсан, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Ц.Нямдорж нарын дэргэд тэр хэн юм. “Гүйх нохойд гүйхгүй ноход саад” гэгчээр Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан мэт нь бол яршиг л байхгүй юу.
-Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэрийг бичээд эхэлчихсэн. Энэ тухайд та юу хэлэх бол?
-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх хуулиараа парламентад суудалтай улс төрийн намуудад хадгалагддаг. Тийм болохоор парламентад суудалтай улс төрийн намуудын нийгэм дэх байр суурь, явуулж буй бодлого, үйл ажиллагаанд олон түмэн анхаарлаа хандуулах байх. Гэхдээ ард түмэн Ерөнхийлөгч гэдэг хувь хүнийг сонгодог учиртай. Дэвшүүлсэн намд нь ямар нэгэн байдлаар санал өгдөггүй шүү дээ.
Тийм болохоор нэр дэвшигчийн өөрийнх нь үнэлгээ шийдвэрлэх ач холбогдолтой. Намууд хүнээ зөв олж нэр дэвшүүлэх хариуцлагыг л нийгмийн өмнө хүлээж байна гэсэн үг.
-АН одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлнэ гээд зарлачихсан. Хэвлэлүүд одоогийн Ерөнхийлөгчтэй эн зэрэгцэх кандидат аль ч намаас гарахгүй. Өрсөлдөгчгүй нэр дэвшигч байх нь. Нөгөө намуудын нэр дэвшигчид хоорондоо саналаа хуваах хувилбар үүснэ гэх мэтээр бичиж эхэлсэн шүү дээ?
-Наадах чинь дэндүү гэнэн, утгагүй яриа. Ажиглаад байхад наад мэдээллийг чинь өөрийн намынхан нь илүү их тараагаад байна уу гэж ойлгогдохоор байгаа шүү. Тэгэхээр манай орны бохир улс төрд С.Баярдах гэж нэг сонгуулийн технологи бий болчихоод байгааг санахад илүүдэхгүй. Өөрөөр хэлбэл, намаасаа нэр дэвшигчийг өрсөлдөгчтэйгээ хамтраад унагадаг. Тийм зүйл болохгүй гэх баталгаа бий юу. Хэн ч хэлж чадахгүй, тийм үү. Ц.Элбэгдоржоос ард түмэн 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо амласан зүйлүүд чинь биелсэн үү гэж юуны өмнө нэхнэ. Тухайлбал, УИХ-ын 2008 оны сонгуульд АН, МАН хоёроос дэвшүүлсэн иргэн бүрт 2,5 сая төгрөг бэлнээр өгөх амлалтыг хэрэгжүүлж, заавал өгүүлнэ гэсэн. Тэр чинь яалаа гэнэ.
Шударга ёсыг улс орон даяар тогтооно. Хэлмэгдүүлэлтийг арилгана гэсэн утгатай зүйлийг их ярьсан. Тэр юу боллоо гэж асууна. Дүгнэлтээ хийнэ. Ашигт малтмал, байгалийн баялгаа ард түмнийхээ хяналтын доор тэдний нийтлэг эрх ашгийг дээдэлсэн зарчмаар эргэлтэд оруулж, харилцан ашигтай гэрээ хэлцэл байгуулж ашиглахын төлөө төрийн тэргүүний хувьд анхаарч ажиллана гэсэн. Энэ мэтийн олон амлалт нь юу болсныг тооцож л таарна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тухайд наад зах нь эдгээр амлалтынхаа заримыг олон түмний хүлээлтэд эерэг нөлөө үзүүлэхүйцээр шийдэж чадвал үлдэж буй хугацаанд рейтинг нь бага ч болов дээшилж магад. Эс тэгвээс хүнд дээ.
Үүнээс гадна Ц.Элбэгдорж бас нэг хүнд сорилттой тулгарна. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо өрсөлдөгч Н.Энхбаярын булхайг нээж байна гэсэн агуулгатай, өрсөлдөгчийгөө 10 гаруй зүйлээр буруутгасан мэдээллийг өөрийн гараар бэлтгэж ярилцлага хэлбэрийн товхимол болгож олон мянган хувь хэвлэж улс орон даяар тараасан. Тэр зүйлүүд нь өнгөрсөн дөрвөн жилд шалгагдах нь шалгагдаж үгүйсгэгдсээр байгаад дуусч байх шиг байна. Эндээс мань хүн өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаасан, үндэслэлгүй гүтгэлэг явуулж байж хууль бусаар Ерөнхийлөгч болсон гэдэг гэмт хэргийн шинж чанартай асуудалд ороогдох магадлал бий. За тэгээд ард түмний дийлэнх олонхийн итгэлийг даах гол өрсөлдөгчөө нийгмээс тусгаарлаж,торны цаана суулган хэлмэгдүүлсэн тухай асуудал, 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг энэ тэр гээд олон юм хөвөрнө дөө.Энэ бүхний эцэст Ц.Элбэгдорж л биш бол бусад нэр дэвшигчийн хэн нь ч гарсан яах вэ гэсэн хувилбар руу нийгмийн сэтгэл зүй хошуурч мэдэх юм.Хэцүү, үйл явц яаж ч эргэж болно. Тэгэхээр чамгүй хатуу сорилттой мань хүн тулгарч таарна. Би Ц.Элбэгдоржид дургүйдээ ингэж яриад байгаа юм биш. 2004 оны сонгуулийн дараа Ц.Элбэгдоржийг АНУ-аас ирээд гудамжинд явж байхад нь ном үзэж нүдээ нээгээд хэл устай болоод ирсэн түүнийг төрийн хэрэгт оролцуулах хэрэгтэй гэж бодож Ерөнхий сайд болгоё гэсэн санааг би сонин хэвлэлээр ил тод илэрхийлж байсан удаатай. Хувь хүнийх нь хувьд түүнийг хүндэтгэдэг.Харин одоо бол төрийн тэргүүнийх нь хувьд арай өөр өнцгөөс харж,өөрт нь сэрэмжлүүлэг болог гэж үүнийг хэлж байна.
Нөгөөтэйгүүр МАН-ынхан ч хүмүүсээ нэрлээд эхэлсэн төдийгүй ард түмний саналыг эхлээд сонсоно гэсэн чиглэл гаргах шиг боллоо. МАН-ынхны ард түмний саналыг сонсоно гэдэг их сайхан, чихэнд чимэгтэй мэт боловч энэ намынхан иймэрхүү ажлыг яаж гурилддаг билээ гэдгийг олон түмэн бас мэднэ.
Улс төрийн хоёр том намын нэр хүнд нийгэмд тийм ч сайнгүй байгаа нь нууц биш.Энэ нөхцөлд гуравдагч хүчин болох МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентын гаднах намуудтай хамтран эвсэл болж нэг хүнийг нэр дэвшүүлбэл ялах магадлал улс төрийн хүчнийх нь хувьд давуу байж магадгүй. Харин нэр дэвшүүлэх хүнээ маш сайн бодож, зөв сонгох нь чухал.
-Тэгвэл МАН, МАХН-тай эвсэж сонгуульд оролцвол ямар үр дүн гарах бол?
-Онолын хувьд байж болох ч, амьдрал дээр хэцүү. МАН-ынхны яриад байгааг ажиглахад бид эрх мэдлээ алдчихлаа. Одоо та нар минь бидэнтэй эвсээд хуучин эрх мэдлээ эргүүлж олж авахад минь жийрэг, болж өгөөч гэсэн утгатай “ашиглах” гэсэн өнгө аяс харагдаад байна. МАХН-ынхан тэдний үгэнд орж “Шударга ёс” эвсэл дотроо үл ойлголцол гарган байж, нөгөө талаар хамтарч засаг барьж буй улс төрийн хүчнийхээ өмнө ч зохисгүй байдал гарган байж тэдэнтэй эвсэнэ гэдэг юу л бол.
- “Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд орвол яах бол?
-Уг нь анх хамтарч Засаг байгуулсан гэрээ тохиролцоогоо хатуу мөрдөж, АН жудагтайхан байсан бол энэ хувилбар их зөв байх байсан. Өөрсдөд нь ч ашигтайгаар эргэх байв. Гэхдээ АН-ынхан анхны тохиролцоогоо баримтлалгүй зарим талаар “Шударга ёс” эвсэл, түүний дотор МАХН-ынхныг хулхидаад байна уу гэж бодогддог. Жишээ нь, Засгийн эрх мэдлийг хуваарилахдаа 75:25 гэсэн харьцааг барина гэснийгээ лав зөрчсөн бололтой байдаг. Хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай зогсоно гэж тохироод түүнийгээ хөсөрдүүлсэн байх, бас “Шударга ёс” эвслийг дотроос нь яс хаяж задлах, өөрийн намын угшилтай гэх МҮАН-ынхныг татах гэсэн явуургүй оролдлого хийх шиг болсон. Тиймээс МАХН, АН-ынханд итгэл алдарч өөр эвсэгчдийг хайх болсон байж мэднэ. Ийм нөхцөл шалтгаан байгаа цагт АН-тай эвсэж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлал тун бага юм.
ШАЛГУУР ДААСАН, ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭСЭН ХҮН Л ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО
-Таныхаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гуравдагч хүчний байр сууриас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцлоо гэхэд нэр дэвшигчийн тухайд ямар прогноз байна вэ?
-МАХН, МҮАН-тайгаа, өөрөөр хэлбэл “Шударга ёс” эвслээ цөм болгоод парламентын гаднах нам, хүчнүүдтэй нэгдэн эвсэл болж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хувилбарт тогтвол нэр дэвшүүлэх хүн дээрээ заавал өөрийн намын гишүүдээс гэх шаардлага байхгүй.
Улс орны нийтлэг эрх ашгийн амин чухал асуудлыг шийдэхийн төлөө тууштай байж гадаадынхныг хэт шүтдэг үзлийг халж, урьд өмнө гаргасан алдаа завхралд цэг тавьж, нэн даруй засч залруулж чадах хүнийг олох ёстой болно. Шинээр сонгогдох төрийн тэргүүн бол манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд учирч болох одоо нүүрлэчихээд байгаа тэр аюулыг төрийн бодлогын төвшинд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигт нийцүүлэн олон улсын тавцанд харилцан ашигтай байх тэгш харилцаа, шударга ёсны итгэлцэл, улс төр, дипломатын ухаалаг уян хатан бодлогоор залж шийдэж чадах эр зоригтой, эх оронч үзэлтэй, улс орноо дэлхий ертөнцтэй хамтад нь тархиндаа багтаан буулгаж бодлогоо гаргаж чадах өргөн мэдлэг туршлагатай жинхэнэ стратегич, хэний ч нөлөөнд автагдахгүй, өнгө мөнгө, эд шуналд орооцолдохгүй байж чадах, шаардлагатай үед улс орныхоо төлөө өөрийгөө золиослоход бэлэн тийм шалгуурыг даасан олон түмний итгэлийг хүлээсэн нэр дэвшигч байх хэрэгтэй. Ийм Ерөнхийлөгчтэй болохыг Монголын ард түмэн хүсэмжлэн хүлээж байгаа нь нууц биш.
-Таныхаар бол хэн байж болох вэ. Илэн далангүй нээлттэй ярилцсаных та өөрийн бодлоо нээгээч. Бараг л хэлчих гээд байна шүү дээ?
-Надад бол нэрлэчих хүн бий. Гэхдээ нэг их олон биш. Монголын ард түмэн өөрсдөө нээлттэй нэр дэвшүүлдэгсэн бол арай өөр л дөө. Бүхнийг будилуулагч улс төрийн намууд гэж нэг зовлонтой субьект байна шүү дээ цаана чинь. Та хүний нэр хэлүүлэх гээд байх шиг байна. Би шийддэг нь биш ч гэлээ иргэн хүний хувьд санал бодлоо илэрхийлж болох юм. Манай улсын улс төр, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал түвэгтэй, ээдрээ эргэлзэээ төрүүлэхүйц байдалд орсон яг өнөөгийн ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр мөхөс миний бодлоор бол Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч Дашийн Бямбасүрэн гуай шиг хүн л гарч ирвэл тун хэрэгтэй байгаа юм даа. Түүх давтагддаг. “Хувьсгалыг гинжнээсээ өөр алдах юмгүй пролетари л хийдэг” гэдэг чинь тийм ч хоосон үг биш дэг ээ.
-Ингэхэд та МАХН-ын гишүүн үү, МАН-ынх уу. Алийг нь дэмждэг вэ?
-МАХН-ын гишүүн байсан хүн. 2003 онд хуулийн дагуу түдгэлзсэн. МАХН-ыг хүчирхэг байхад нь ч, сульдаж доройтсон үед нь ч журмын нөхдийнхөө адилаар нэгэн зорилгын төлөө явсан. МАН салж байгуулагдахад нь очоогүй. Би амьдралдаа нэг л намд элссэн. Түүнээсээ гараагүй, хөөгдөөгүй, хуулийн дагуу нэг удаа түдгэлзэж байсан. Үзэл бодолдоо үнэнч хэвээр байгаа.
-МАН-ыг өөрчилж шинэчлэгдэхдээ угшил нэгтэй хоёр нам нэгдээсэй гэж олон хүн санал тавих болж. Энэ тухайд та ямар бодолтой байна?
-Ганц МАН ч гэлтгүй улс төрийн намууд хариуцлагажиж, үйл ажиллагаагаа ил тод шударгаар, нээлттэй явуулдаг болж, үзэл номлолоо улам цэгцэлж байвал өөрсдөд нь ч, нийгэмд ч хэрэгтэй.
Шинэтгэл, өөрчлөлтийн асуудлыг хоосон лоозогногчид хийхгүй, нэр нь сэвтсэн ёс зүйгүй удирдлагын баг бүр ч хийхгүй. Доороосоо эвсэлдэн нэгдэж, зорилгоо тодорхойлсон, үзэл номлолдоо үнэнч жирийн гишүүдийн сайн санааны нэгдэлд суурилсан цоо шинэ бүрэлдэхүүн гарч ирж чадвал шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, магадгүй. Түүнээс биш МАН-ын өнөөгийн удирдлагын баг юу ч хийж чадахгүй.Нийгмийн зүгээс ч итгэл хүлээхгүй нь тодорхой. Ө.Энхтүвшингийн ил захидал гэдгийг олон түмэн уншиж танилцсан байх. Түүнээс шинэчлэлийн үнэр ч байхгүй. Яг бахь байдгаараа, гэхдээ өөрсдөө удирдах албан тушаалдаа шигдэж суух гэсэн өнгө аяс л харагдана билээ. Ө.Энхтүвшин өөрөө ч тийм сүрхий нэр цэвэр шинэчлэгч хүн биш шүү дээ. Ийм хүнээс хэн ямар үр дүн харах вэ дээ. МАН дотроо дахиад ч задарна. Энэ намын нэг гутамшиг нь дарга хэмээх авилгач, луйварчин хэдхэн хүний нөлөөнд автагдаж үзэл бодлоо мөнгөөр худалдсан хэсэг нөхдийн бүлэглэлд торлогдсонд байгаа. Уг нь ийм байгаагүй юм.Сүүлийн хэдэн жилд л ийм сонин болчихсон. Түүнийхээ горийг ч амсаж байх шиг байна. Та бүхэн харж байгаа биз дээ. МАН-ын эгнээнээс гарагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоо удахгүй хоорондоо өмч хөрөнгө, өгөө аваанаасаа болж эвдрэлцэнэ. МАН ер нь тараад дахин байгуулагдсан нь дээр шахуу болчих шиг бололтой.
Саяхны зарим үйл явцаас ажиглахад Оюyтолгойн ТУЗ-ын хурал зарлагдсантай зэрэгцээд Оюутолгойтой байгуулсан өмнөх гэрээг хамгаалах аянд МАН-ын удирдах нөхөд шургуу орж байна уу гэсэн ойлголт төрөхөөр байна. Энэ намын цөөн хэдэн нөхөд алдаа завхралыг зоригтой засахын оронд ард түмний эрх ашгийг умартсан урьдын увайгүй үйлдлээ хаацайлан хамгаалж АН-н улаан хамгаалагчид болж эхэлбэл нийгэмд их л эвгүй байдал үүсэх байх даа.
-Бас нэг асуулт байна. Таныг МАН-ын залуу гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээсэн гэж сонссон. Тэр үнэн үү?
-Аль дээр үү. 2012 оны долдугаар сард УИХ-ын сонгуулийн дараахан МАН-ын Бага хурал зарласан үед ил захидал бичээд “Монголын Үнэн” сонины удирдлагуудад илгээсэн юм. Тухайн үед тэд их уриалгахан авсан. Сониндоо харин тавиагүй байна лээ. Нэлээд олон хүн дамжуулж уншсан бололтой юм билээ. Тэдний зүгээс сүүлийн үед явуулж буй үйл ажиллагааны өрнөлөөс нь харахад миний захидалд хөндөгдсөн зүйлүүд тэдний санал, бодолтой ихэнх тохиолдолд нийлдэг юм байна даа гэж бодож сууна.
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮДЭЭР ХАМГААЛУУЛЧИХСАН
-Одоо асуултаа өөрчилж улс орны эдийн засаг, нийгмийн байдлыг асуумаар байна. Судлаач хүний хувьд өөрийн гэсэн бодол дүгнэлттэй байгаа байх?
-Манай орны эдийн засаг, нийгмийн байдал хэт эмзэг, эрсдэл ихтэй зарим талаас авч үзвэл хямралын үр хөврөл бүрэлдсэн шинжтэй байгааг шударгаар хэлэх ёстой. Эрх баригчдын болоод тэдний дуу хоолой болсон хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэл, Монголчуудын тархийг угааж, тайвшруулан өөрсдийн хувийн ашиг сонирхлоо манай олигархи бүлэглэлийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр гүйцэлдүүлэхийг санаархсан гадаадынхны нөлөө улам бүр газар авсаар байна.
Тэдний явуулгаар Монгол Улс өндөр хурдацтай хөгжиж буй хүчирхэг эдийн засагтай орон болчихоод байгаа мэтээр гадаад, дотоодод сурталчлаад байгаа нь бодит байдалд огтхон ч нийцэхгүй. Өчүүхэн жаахан амжилт байж болох ч тэр нь асар их хохирол, гай гамшиг, нөхөж баршгүй аюул дагуулсаар байна.
Албан ёсны мэдээллээр 2012 онд манай улсын эдийн засгийн бодит өсөлт 12,3 хувьтай гэж зарласан. Гэтэл жилийн дундаж инфляци 14,3 хувь байлаа шүү дээ. Манайхны эдийн засгийн өндөр өсөлт гээд байгаа чинь хоосон хөөс байхгүй юу. Эдийн засгийн бодит байдлаа үнэн зөв оношлож, нухацтай дүгнэлт хийж, учир шалтгааныг задлан шинжилж байхын тулд Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох суурь үнийг таван жил тутамд шинэчлэн тогтоож мөрддөг байх ёстой. Тийм хууль бий. Энэ хуулийг хэрэгжүүлсэн бол өдийд 2010 оны үнийг, суурь үнэ болгон мөрдөж, эдийн засгаа бодитой тооцох ёстой байсан. Гэтэл одоо хүртэл 2005 оны суурь үнийг хэрэглэсээр байна.
Манай эдийн засгийн салбарын бүтцэд эерэг өөрчлөлт огт ажиглагдахгүй байна. Салбаруудын дотоод төрөлжилт, дагналт, хоршилтын зохистой бодлого, үзэл баримтлал гэж юм ердөө ч алга манайд. Өөрийн орны давуу тал болох мал аж ахуйн удмын санд түшиглэн мал аж ахуйн гаралтай түүхий эдээ зөвхөн дотооддоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байх, дотоодын зах зээлийг хамгаалж бэхжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого явуулчихаж чадахгүй мунгинасаар байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодынхоо санал санаачлагыг дэмжих нь бүү хэл гадны ченжүүдэд давуу боломж олгоод өөрсдийгөө унагах бодлого явуулж байна. Энэ бол ердөө сэтгэл дутсаных. Гэтэл одоо хамаг баялаг харийнхний гарт орлоо. Моод Монголоор дуусдаг гэдэг шиг “баялагийн хараал” манайд л жинхэнэ нутагшиж, эдийн засгийн алуурчид Засгийн газрыг барьцаалчихаад, Төр, Засгийн тэргүүнүүдээр нь хамгаалуулчихаад дураар авирлаж байгааг юу гэх вэ. Ард түмний гэгддэг (уг нь Үндсэн хуулиараа тийм л байх ёстой л доо) байгалийн үнэт баялаг, ашигт малтмал хулгай, луйврын замаар гадагшилж, Монголын нутагт бий болсон үндэсний баялгийн төлбөр, шилжүүлэг хүртэл зөвхөн хилийн чанадад ямар ч хяналтгүй хийгддэг боллоо. Хараат бус үйл ажиллагаа явуулах хуультай Статистикийн байгууллага нь ч Засгийн газрын гар хөл, хавсарга болон хувирч, Олон улсын жишиг аргачлалын дагуу “Үндэсний баялаг”-аа үнэн зөв, бүрэн хэмжээгээр тооцож байх зарчимд одоо хир нь шилжиж чадахгүй байна. Гадаадын зээл, тусламжийн үр ашгийн талаар ярьж хөөцөлддөг газар ч гэж байхгүй болж дээ. Парламентийн ээлжит сонгууль болохоос нэг сараас доошгүй хоногийн өмнө улс орны нийгэм, эдийн засгийн бодит байдлыг Засгийн газрын бүрэн эрхийн дөрвөн жилийнх нь хугацаагаар хөндлөнгийн байр сууринаас тооцон дүгнэж, энэ талаарх мэдээллийг Статистикийн хорооноос олон нийтэд нээлттэй хүргэж байх тухай хуулийн заалт ардчилсан Монгол Улсад хэрэгжихгүй юм. Би энд хэн нэгнийг буруутгаж шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Улсын чухал албаны ажил үйлс урагштай байгаасаа гэж сэтгэл зовж явдаг иргэн хүний хувьд зарим зүйлийг дуугарахгүй өнгөрч чадсангүй.
-Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн талаар юу хэлэх вэ?
-Хүн амын худалдан авах чадварын паратетаар тооцвол манай эдийн засагт бараг өсөлт байхгүй. Зогсонги байдалд байгаа. Ард түмний бодит мөнгөн орлого огт нэмэгдээгүй. Ядуурал буураагүй. Баян хоосны ялгаа эрс нэмэгдсэн. Ажилгүйдэл багасаагүй, ажлын байр ч нэмэгдээгүй. Харин хүн амын дунд өвчлөл, үхэл эндэгдэл нэмэгдсээр байгаа, байгаль орчин бохирдон доройтож буй тухай, гэмт хэрэг улам бүр хэрцгий болж өргөжих болсон тухай мэдээлэл тархаж, олон түмнийг цочроож байна.
Төсвийн орлого 2012 онд төлөвлөснөөс үлэмж хэмжээгээр тасарч, манай улсын нэгдсэн төсөв 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Импортыг орлох, экспортын нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, цар хүрээг өргөжүүлэх оролдлого, санал, санаачлагыг хөхиүлэн дэмжих, шинжлэх ухааны ололт, техник технологийн дэвшлийг нээж нэвтрүүлэх, нутагшуулах тухай асуудал цэцэрхсэн хоосон ярианаас ер хэтрэхгүй юм. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 2,4 тэрбум ам.долларын алдагдал хүлээх дээд төвшинд хүрч, уг алдагдал нь 2011 оныхоосоо хагас тэрбум гаруй ам.доллараар нэмэгдлээ. Гадаад өр, төлбөр (гадаадад гаргасан сүүлийн бондыг оролцуулахгүйгээр) манай улсын түүхэнд 70-80 жилийн хөгжлийн суурийг тавьсан “Их өр”-өөс аль хэдийнэ давчихаад байна. Манай банк санхүүгийн салбар ч хямралд орсон.Засгийн эрхэнд гарсан нэг нь иргэдийнхээ хувь нийлүүлж байгуулсан банкуудыг ээлж дараалан дампууруулж, үндэсний банкуудаа гадныхны мөнгө угаах хэрэгсэл болгон хувиргаж,эцэст нь татвар төлөгчдийн мөнгөөр түүнийгээ баталгаажуулж байдаг боллоо. Банк,санхүүгийн өндөрлөгүүд гадаадынхны бүрэн хяналтанд байна. Хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын эрх мэдлээ ч гадныханд өгчихсөн. Албан ёсны статистик мэдээлэлд гадаадын хөрөнгө оруулалт, түүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй баялаг /бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ/-ийн хэмжээ,түүний нийгэмд үзүүлж буй үр өгөөж, хөрөнгө оруулалтын үр ашгийн талаар огт тусгагдахгүй юм. Улс орны нийгмийн амьдралын “толь” байх ёстой албан ёсны статистикийн багтаамж хумигдаж, мэдрэмжит чанар алдагдан, шийдвэр гаргагчид болон нийгэмд нөлөөлөх чадвар нь улам бүр дордож байгаа нь туйлын харамсалтай.
-Ингэхэд та гутрангүй болчихсон юм уу даа. Улс орны эдийн засгийн том байгууллагыг удирдаж байхдаа арай гэгээлэг зүйл ярьдаг байгаагүй бил үү?
-Би төрийн өндөр хариуцлагатай алба хашиж байхдаа ч үнэн бодит байдлыг яг тэр чигээр нь нийтийн сонорт хүргэдэг, мэдээлдэг байсан юм шүү. Албан үүргийнхээ дагуу зохих дүн шинжилгээ бүхий сэрэмжлүүлэг, эрх баригчдын анхаарлыг хандуулах шаардлагатай гэж үзсэн асуудал, түүний учир шалтгааныг мэргэжлийн хүний нүдээр харж санал, санаачлага дэвшүүлдэг л байсан. Түүнийхээ төлөө хавчигдаж, шахагдаж байсан тохиолдол ч бий.Сүүлийн жилүүдэд л учир зүй нь ойгогдохоо байчихсан болохоос биш, Мэргэжлийн хүний үгийг сонсдог, ажилдаа тусгадаг ёс зүйтэй удирдлагатай үе бас ч байсан шүү манай улсад. Үнэнийг хэлэхэд 2008-2012 оны УИХ, Засгийн газар улс орноор маань тоглочихсон шүү дээ. “МАНАН”-ийн олигархи бүлэглэлийн хэтэвч нэгтэй луйварчдын хийсэн ажил. С.Баярын тарьсан балаг, Сүхбаатарын Батболдын зуурсан бантангийн үр дүн юм даа. Хувийн явцуу ашиг сонирхол, хомхой сэтгэл, шунал тачаалдаа автагдаж улс орноо худалдсан, эх орноосоо урвагчдын хийсэн ажил гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа. Эх орноосоо урвагчид гэдэг чинь зөвхөн дайны үед л байдаг ойлголт биш юм. Энх цагт эв найрамдал гэгчээр халхалсан урвагчидтай бүр хатуу хариуцлага тооцвол зохистой. Саяхан шүү дээ. Олон түмэн мартаагүй л байгаа. Манай улс үсрэнгүй хөгжлийн гарман дээр ирчихлээ гэж Сүхбаатарын Батболдын улиглаад байсан юу болов. Үсрэнгүй хөгжил бус үхлийн ангал уруу энэ хүн ард иргэдээ манлайлан хөтөлж оруулчихаад, УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар халхлагдаад бүгэж сууна. С.Баяр нь гадаадад дүрвээд алга болчихлоо. Энэ шударга зүйл мөн үү. Нэг иргэн гутрангуй юм ярьсан байж болох. Тэгвэл нийт ард иргэдээ гутрал цөхрөлд оруулаад байгаа төр, засгийн цөөн хэдэн эрх мэдэлтний явуулж буй бодлого, бүхний нүдэн дээр ил байгаа тэдний бусармаг үйлдлийг яах ёстой вэ. Таслан зогсоох, гэмт этгээдүүдтэй хариуцлага тооцон гэсгээн цээрлүүлэх ёстой. Хууль гэж байдаг юм бол. Үүнийг хэн хийж чадах вэ. Ард иргэд та бид. Тиймээс би ард иргэд минь энэ эрхээ эдлээчээ гэж уриалмаар байна.